Монголын гурван оюутан Хятадын шоронд зургаан сар хоригдож байна.

2004 оны аравдугаар сарын 19-нд зодолдсон хэрэгт буруутгагдан баривчлагдсан хүүхдийн ар гэрийнхэн тэднийг хаана хоригдож, байгаа ямар хэрэг хийсэн ялд унаад буй,хэзээ суллагдах талаар ямар ч мэдээлэлгүй шахам өдий хүрчээ. Арга барагдсан эцэх эхчүүд ГХЯ-нд хандсан байна. Оюутнуудын эцэг эхчүүдтэй ярилцлаа.
-Хүүхдүүдээ баригдлаа гэдгийг хэзээ мэдсэн бэ?
-Энэ явдал өнгөрсөн оны 10-р сарын 19-нд болсон. Хүүхдүүдээс Бид нар цагдаагийн газар гэсэн үгтэй мессеж л авсан. Мессежээ ч гүйцэд бичээгүй байсан. Ийм хачин мессеж аваад байр , сургууль руу нь утасдахад Т, Б, Х гурвыг цагдаа нар бариад аваад явчихлаа гэсэн юм. Бид маргаашийнх нь онгоцоор очсон. Сургуулийн захиралтай уулзахад хүүхдүүдийн хоорондын маргаанаас болсон асуудал гэж тайлбарласан.
Хүүхдүүдийг баривчлахдаа цагдаагийнхан нэвширтэл нь зодсон байсан. Үүнийг нь тэндхийн багш нар, хамт сурдаг оюутнууд нь баталдаг юм.
-Хоригдсоноос нь хойш хүүхдүүдтэйгээ уулзсан уу?
-14 хонож байхад нь нэг л удаа хэдхэн минут уулзуулсан.
-Түүнээс хойш ерөөсөө уулзаагүй гэж үү?
-Тиймээ. Дахиад нэг ч уулзуулаагүй. Тэгэхэд намар дулаахан, хүүхдүүд хөнгөн нимгэн хувцастай байсан. Анх биднийг намар уулзуулахад Гурав хоногийн дараа суллана гэж хэлсэн болохоор дулаан хувцас сольж өмсүүлээгүй юм. Өвлийг тэр хувцастайгаа л өнгөрүүлсэн байх. Хувцас хунарыг нь сольё, уулзья гэхээр ердөө зөвшөөрдөггүй. Тэр үед уулзахад хүүхдүүдийн маань хувцас хунар нь урагдсан, ядарсан харагдаж байсан. Бүр нэгийнх нь хөл доголсон байсан. Гэтэл түүнээс хойш хагас жил өнгөрчихөөд байна шүү дээ.
Шорон гэдэг ямар билээ. Ямар ч эрүүл хүн хагас жил байтугай хэдхэн хоноход л өвдөнө шүү дээ. Хоол унд муутай, зодуулж, байнгын дарамттай байгаа хүүхдүүд одоо эрүүл мэндийн хувьд ямар болоод байгаа талаар бодохоос хэцүү байна.
-Хоригдож байгаа нөхцөлийнхөө талаар хүүхдүүд юм ярьсан уу?
-Хоол унд муутай өглөө оройд мантуу иддэг гэсэн. Хэргээ хүлээ, гарын үсгээ зур гэж дарамтлан бүр хийгээгүй хэрэг хүлээлгэх гэж зодсон байсан.
-Ямар юман дээр гарын үсэг зуруулах гэж шахаад байдаг юм бол?
-Олон дахин танхайрсан бусдыг хэл амаар доромжилсон гэсэн утгатай юман дээр гарын үсгээ зур гэж шахдаг гэсэн.
-Тэд өөрсдийг нь буруутгаж байгаа хэргийн талаар юу гэж ярьсан юм бэ?
-Бид тийм юм хийгээгүй, харин ч монгол оюутнууд зодуулж хохирсон гэсэн. Биднийг очиход зодуулаад нүүр нь хавдчихсан оюутан ч байсан юм.
-Хүүхдүүдээ буруугүй гэдэгт та нар итгэлтэй байна уу?
-Биднийг очиход тэнд сурдаг монгол оюутнууд Энэ хүүхдүүд буруугүй, тэднийг суллахгүй бол хичээлдээ суухгүй лгээд хичээл хаялт зарлачихсан байсан. 14 хоног нэг ч монгол оюутан хичээлдээ яваагүй юм билээ. Эндээс Төмөр замын удирдах газраас очсон төлөөлөгч, Та нар ингэж болохгүй, энэ хэргийн үнэн мөнийг удахгүй олно гэж тайлбарлаж ярьж байх хичээлд нь оруулсан. Хорин хэдэн хүүхэд тэгж үгсэн хуйвалдах боломжгүй гэдэг нь тодорхой.
Ер нь тэгээд тэд ямар нэгэн хэмжээгээр буруутай байж болно. Гэтэл зургаан сар хоригдоод хангалттай шийтгүүлчихээд байна.
-Хохирогч нь нэхэмжлэгч нь ямар хүмүүс байгаа юм бэ?
-Хятад оюутныг зодсон л гэж байгаа юм. Гэтэл яг цаана нь тэр гэсэн тодорхой хохирогч байхгүй байгаа. Тэр ч бүү хэл тэнд сурч байгаа монгол оюутнуудаас багш нар нь Энд сурч байгаа хятад оюутнуудаас хэнийг нь ч хамаагүй нэгийг нь тэр гурав зодсон гээд заагаад өгөөч гэж гуйсан байдаг.
Мөн Хөх хотод байгаа консулд Хүүхдүүдийн өмнөөс хэргийг нь хүлээгээд гарын үсэг зурчих, Тэгвэл бид тэднийг суллая гэсэн шаардлага тавьсан гэсэн. Энэ бүхнээс бид хүүхдүүдийг маань удаан хугацаагаар хорьж, залхааж байгаад ямар нэгэн хилс хэргийг хүлээлгэх вий гэж үнэхээр санаа зовж, бас айж байна.
-Хилс хэрэг хүлээлгэж магадгүй гэдэг талаараа тодруулна уу?
-Монгол хүүхдүүдийг хариуцсан өвөрмонгол багш Сэргэлэн Чингисийн талаар Манай Чингис танай Хятадыг эзэлж байсан гэсэн агуулгатай юмыг хүүхдүүд ярьсан гэж мэдүүлэг бичиж цагдаагийнхан өгсөн байдаг гэсэн. Тэр Сэргэлэн гэдэг багш л зохиомол хэрэг үүсгэж цагдаад өгсөн гэж сургуулийн багш, оюутнууд нь хэлдэг юм.
Үнэхээр тэгж ярьсан юм уу, ярьсан бол хэн хэлсэн гэдэг нь тодорхой юм байхгүй. Хүний тэсвэр хязгаартай. Зодуур, дарамтаас болоод хийгээгүй хэргийг хүлээхэд хүрч болно. Нөгөө талаар хагас жил хорьчихоод та нар ямар ч хэрэг хийгээгүй юм байна гээд суллаад явуулчихаж чадахгүй заавал нэг юм хүлээлгэх гэж улам ихээр зодож дарамталж байгаа болов уу гэж бид айж байгаа.
-Монгол оюутнуудыг баривчлах нь гэдийг тухайн үед Монголын консулын газар мэдсэн үү?
-Хамт сурч байсан оюутнуудынх нь ярьснаар бол, монголчуудыг баривчлах нь гэдгийг мэдсэн хүүхдүүд Консулын газарт хандсан юм билээ. Гэтэл Консулынхан Та нар гадаадын иргэн учраас бидний зөвшөөрөлгүйгээр баривчлахгүй. Баривчлах бол бидэнд заавал мэдэгдэнэ. Та нар санаа зоволтгүй гээд буцаачихсан байсан. Тэгээд консулын газраас эргээд ирэхэд нь л баривчилсан гэсэн. Хятадууд нь дипломат ёс, хуулиа зөрчсөн юм уу, эсвэл консул нь ажлаа мэдэхгүй байсан юм уу бүү мэд.
-Консулын газрынхан ч хүүхдүүдтэй уулзаж чадаагүй гэсэн үг үү?
-Уг нь Монгол Улсын иргэд нь хоригдчихоод байхаар консул хүн бүрэн эрхийнхээ хүрээнд тэдний эрх ашгийг хамгаалах талаар ажиллах ёстой л гэж бид ойлгож байгаа. Тэд наймаа хийж явсан, эсвэл хуульбусаар сууж байсан хүмүүс биш шүү дээ.
Ерөнхий консул Чулуунбаатар ярьж байна, хөөцөлдөж байна гэснээс тодорхой юм ярьдаггүй. Дэд консул нь энэ талаар хөөцөлдөж, бид байнга холбоотой байгаа. Энэ асуудлыг биечлэн хөөцөлдөж байгаа дэд консулын хэлснээр бол Прокурор нь хэрэгсэхгүй болгочихсон. Гэтэл цагдаа нь хэрэг гээд буцаагаад байна гэсэн.
-ГХЯ-нд өргөдөл гаргасан гэсэн. Ямар хариу өгсөн бэ?
-Хүүхдүүдийг хоригдоод сар орчим болсоны дараа бид ГХЯ-нд өргөдөл өгсөн. Үүнийхээ хариуг авах гэж бид саяхан дахин өргөдөл гаргасан. Бидний өргөдөл хүсэлтийг хүлээж авсан. Хятадын ЭСЯ-нд нот илгээсэн байна билээ. Хөх хотод байгаа консулын газар руу холбоо барьсан гэсэн.
ГХЯ-ны Консулын газрын ажилтны хэлснээр бол, ямар бичиг дээр гарын үсэг зуруулах гээд байгааг тодруулах үүргийг Хөх хот дахь Консулын газарт өгсөн байна. Тэр бичгийг нь судалж үзээд оюутнуудаа суллаж авах арга хэмжээ авна гэсэн.
-Төмөр замаас хүн очсон гэхээр тэдний шугамаар сургуульд явсан гэсэн үг үү?
-Төмөр замын сургуульд сурдаг юм. Ерөнхий гэрээлэгч нь Төмөр замын хэрэг эрхлэх газар юм. Төмөр замын Хэрэг эрхлэх газраас бас өөрийнхөө шугамаар хөөцөлдөж байгаа.
-Хэддүгээр курсэд сурч байсан хүүхдүүд вэ. Хэл сайн мэдэх үү?
-Хоёр нь гуравдугаар курсэд, нэг нь очоод хэдхэн сар болж байсан хүүхэд. Бараг хэл мэдэхгүй. Хэл мэдэхгүй шахам хүүхдээс яаж мэдүүлэг авч юу гэж хэлүүлж байгаа талаар бидэнд ямар ч мэдээлэл байхгүй.
-Суллагдаж гарч ирээд үргэлжлүүлэн сурах уу?
-Үгүй. Сургуулийн захиргаа нь биднийг эхэлж очиход л танай хүүхдүүдийг цааш нь сургах боломж байхгүй. Гурав хоногийн дараа суллахад шууд аваад яваарай гэсэн шаардлагыг бидэнд тавьсан. Бид ч түүнийг нь зөвшөөрсөн.Сургууль нь зөвшөөрсөн байлаа бид тэнд хүүхдүүдээ сургахгүй.
-Яагаад?
-Энэ хэрэг тэр сургуулийн хашаан дотор болсон. Манай хүүхдүүд тэр сургуульд албан ёсны гэрээ байгуулаад сурч байсан. Сургууль дээр болсон асуудлынхаа төлөө уг нь тэд ямар нэгэн үүрэг, хариуцлага хүлээж оюутнуудынхаа эрх ашгийг хамгаалах ёстой. Гэтэл ийм зүйл хийгээгүй. Бүр оюутнуудаа хашраах гэж иймэрхүү зохиомол хэрэг үүсгэсэн гэх яриа ч байдаг юм билээ. Хятад сургууль гэдэг дэглэм журам сайтай байдаг гэж бид боддог байсан. Гэтэл яг хэрэг дээрээ Хөх хотын машинистын сургууль тийм байж чадахгүй.
Анх очиход сургуулийн захиргаа бидэнд хүүхдүүдийг чинь Гурав хоногийн дараа суллана гэсэн. Дараа нь Цагаан сарын өмнө суллагдана, хүүхдүүдээ аваарай гэсэн. Гэтэл юу болж байгаа нь ч мэдэгдэхгүй өдийг хүрлээ.
Эцэг эхчүүд ингэж ярьж байна. Тэд Гадаад хэргийн яамныхны хэлсэн удахгүй шийдвэрлэж өгнө гэсэн үгэнд ихээхэн найдлага тавьж байгаа аж.
Мөн энэ хэрэг удааширвал цаашид хаашаа, хэнд хандах вэ гэдгээ мэдэхгүй байгаагаа ч хэлж байсан.
Гадаад хэргийн яамны консулын газраас Монголд суугаа Хятадын Элчин сайдын яаманд албан ёсоор хандаж нот бичиг илгээсний хариу нь өчигдөр ирээгүй байлаа.
Д.Отгонбаяр
2005.03.31, Зууны мэдээ