Монголын зэс
Харин удахгүй алт моодноос гарч, зэс дараагийн шилдэг бүтээгдэхүүнээр тодрох бололтой. Зэс угаасаа Монголын гол экспортын нэг учир энэ нь тийм ч шинэлэг сонсогдохгүй байж болох юм. Гэсэн хэдий ч, ГОК-оос хэд дахин том төсөл хэрэгжиж магадгүй байна. Энэ нь та бидний шинэхэн танил Канадын Айванхоу Майнз компаний хайгуул хийж буй Оюу толгой орд газар юм. Хайгуулын урьдчилсан дүнгийн дагуу, Оюу толгой дэлхийд дээгуур байр эзлэх хэмжээний зэсийн нөөцтөй орд байж магадгүй болоод байна. Хэдийгээр сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ буурах хандлагатай байсан ч, эдийн засгийн хувьд маш хурдацтай хөгжиж буй манай урд хөршийн ашигт малтмалын хэрэглээ өдрөөс өдөрт өсч байгаа бөгөөд 2003 оноос Хятад дэлхийн хамгийн том зэс импортлогч болсон. Хятадын хилтэй залгаа шахуу орших Оюу толгойн хувьд энэ нь бөөн боломж хэмээн Айванхоу Майнз-ыхан сурталчилж буй нь зөвхөн хөрөнгө оруулалт татаж, өөрийн хувьцааны үнийг өсгөх гэсэн менежментын заль уу эсвэл нээрээ л Монгол дараагийн Чили болох гээд байна уу?
Торонтогийн хөрөнгийн бирж, Австралийн хөрөнгийн бирж, мөн түрүүчийн долоо хоногт АНУ-ын томоохон биржийн нэг болох NASDAQ дээр хувьцаагаа зарлаад авсан Айванхоу Майнз компани Монголын зэсийг сурталчлах кампанит ажил өрнүүлээд байна. Тэдний зүтгэл чамгүй үр дүн авчирсан гэж хэлж болно – 2001 оны 6 сард Оюу толгойд хайгуул хийж эхэлснээс нь хойш тус компаний хувьцааны үнэ хэдэн зуун хувиар өссөн. Үүгээр зогсохгүй, тэд Оюу толгой төслийн хүрээнд хэдэн арван сая долларын хөрөнгө оруулалт босгоод байгаа гэнэ. Гэвч олборлолтын ажлыг эхлүүлэхэд Айванхоуд дор хаяж 900 сая ам доллар хэрэгтэй хэмээн 10 сарын 3-ны Нью Йорк Таймс сонинд мэдээлсэн. 270 сая долларын үндсэн хөрөнгөтэй, сүүлийн 10 жил алдагдалтай ажиллаж байгаа жижиг компаний хувьд энэ бол их мөнгө гэдэг нь ойлгомжтой. Юутай ч, Айванхоу дэлхийн уул уурхайн салбарын хүрээнд Монголын нөөц боломжийн талаар чамгүй дуулиан дэгдээж чадсан нь тэдний үйл хэрэгт нэмэр болж буй. Гурван жилийн өмнө Айванхоугийн хувьцаа Торонтогийн хөрөнгийн бирж дээр 1 канад доллар орчим ханштай арилжиж байсан бол энэ оны 11 сарын эхээр тус компаний нэгж хувьцааны үнэ 15 канад доллар хүрсэн. Энэ бол ердөө л Оюу толгойг тун сайн сурталчилж чадсаны үр дүн гэлтэй.
Монголын уул уурхайн салбарын буум-ыг ийнхүү дэлхийн сонорт хүргээд байгаа Айванхоу Майнз бөгөөд тус компаний тэргүүн, гол хувьцаа эзэмшигч Роберт Фридландын талаар бид юу мэдэх вэ?
Айванхоу Майнз нь анх 1994 онд Индочайна Гоулдфилдз нэртэй байгуулагдаж, 1996 онд нийтэд хувьцаагаа олгож эхэлсэн Ази, Номхон далайн бүс нутагт алт, зэсийн олборлолт эрхэлдэг Канадын компани юм. Хэдийгээр Айванхоу Монголоос гадна Хятад, Австрали, Балба, Өмнөд Солонгос, Казахстан, Вьетнам зэрэг улсуудад үйл ажиллагаа явуулдаг ч Оюу толгой тус компаний хувьд хамгийн их найдлага төруулж буй төсөл юм. Айванхоу Майнз Оюу толгойд хайгуул хийх эрх бүхий ашигт малтмалын лицензээ 2001 оны 5 сард Австралийн БиЭйчПи Биллитон компаниас 5 сая ам доллараар худалдаж авсан. Монгол улсын засгийн газар Оюу толгойн лицензийг анх 1997 онд дэлхийн хамгийн том уул уурхайн компани болох БиЭйчПи Биллитон-д олгосон боловч уул уурхайн салбарын аварга Оюу толгойн боломжийг буруу тооцолсон уу эсвэл Монголын зэсийг үл тоосон уу, өөрийн лицензээ Айванхоуд зарж орхисон. Ашигт малтмалын лицензийг 100% өөрийн болгож авсан даруйдаа Айванхоугийн удирдлага Оюу толгой орд газрын нөөц боломжийг хөрөнгө оруулагчдад сурталчилж эхэлсэн бөгөөд тэд санхүүгийн хувьд олз омог ихтэй ажиллаж буй. Айванхоугийн энэхүү амжилтын гол хөшүүрэг нь тус компаний тэргүүн Роберт Фридланд юм – тэрээр санхүү бизнесийн овсгоотой, уул уурхайн салбарыг сайн мэддэг бизнесмэн аж.
Хэд хэдэн дуулиант хэрэгт орооцолдосны улмаар Фридланд дэлхийн уул уурхайн салбарт ихээхэн алдаршсан нэгэн. Түүний анхны томоохон төсөл АНУ-ын Колорадо мужийн Самматвиллийн дэргэдэх алтны уурхай байв. 1980-аад онд Фридландын эзэмшлийн Галактик рисорсиз компани эл уурхайд олборлолт хийж байсан боловч химийн бүтээгдэхүүн хайхрамжгүй хэрэглэсний улмаас Колорадо мужид байгал орчны ихээхэн хохирол учруулжээ. АНУ-ын Хууль зүйн яам 1993 онд дампуурсан Галактик рисорсиз-ын ерөнхийлөгч Фридландад хэрэг үүсгэж, шалгасны дагуу 2000 онд хоёр тал зөвшилцөлд хүрч, олны дунд Токсик Боб буюу Хорт Боб хэмээн өргөмжлөгдөөд байсан Фридланд хорь гаран сая ам долларын торгууль хүлээсэн. Самматвиллийн уурхайтай холбогдолтой дуулиан дэгдээд удаагүй байтал Фридландын аз шовойж, түүний бас нэгэн компани болох Даймонд филдс рисорсиз 1993 онд Лабрадорын Войсиз Байд томоохон никелийн орд нээсэн байна. Гэвч Фридланд Войсиз Байд өөрөө олборлолт хийхээс татгалзаж, энэхүү ордоо 1996 онд 4.3 тэрбум канад доллараар Канадын Инко компанид зарсан нь уул уурхайн салбарын хамгийн дуулиантай наймаа болсон. Инко, Фалконбриж хэмээх хоёр том компанийг Лабрадорын орд газрын төлөө хооронд нь зодолдуулж, үнийг нь өсгөж чадсан Фридландын тэрбумтан болох гараа чухам энэ наймаанаас л эхэлсэн.
Өдгөө тэрбээр хэд хэдэн компаний хувьцаа эзэмшигч – бидний сайн мэдэх Айванхоу Майнз, мөн Айванхоу Энэржи, Африкан Минералз г.м. Гэвч өнөөдрийн байдлаар Фридланд өөрийн бүхий л анхаарлыг Оюу толгойн боломжийг хөрөнгө оруулагчдад сурталчлах явдалд чиглүүлж ажиллаж байна. Оюу толгойг хүмүүс ихээхэн сонирхож эхлээд байгаа тул түүний ажил бүтэмжтэй байгаа гэж хэлж болно. Гэсэн хэдий ч, сүүлийн үед дэлхийн томоохон хэвлэлүүдэд түүний тухай таагүй мэдээллэл маш олноор хэвлэгдсэн. Саяхан л гэхэд санхүү эдийн засгийн нөлөө бүхий Форбс сэтгүүл Фридландын урьд өмнөх дуулиант хэргүүдийн талаар томоохон нийтлэл хэвлэсэн билээ. Фридландыг Промоутер буюу сурталчлагч хэмээн цололсон Форбс-ын эл нийтлэл олны хүртээл болсон өдөр Айванхоугийн хувьцааны үнэ 15 хувиар унасан нь цэвэр тохиолдол биш байсан нь ойлгомжтой. Мэдээж, Оюу толгойг ашигтай эсэхэд эргэлзээд зогсохгүй Фридланд Войсиз Байг худалдсан шигээ Оюу толгойг мөн адил үнэ хаялцуулж зарах далд сонирхолд хөтлөгдөж байж болзошгүй гэсэн мэдээллэл хөрөнгө оруулагчдыг цочирдуулах нь гарцаагүй. Зарим нэгэн аналистууд Рио Тинто, Фэлпс Додж гэх мэтийн томоохон компаниуд Оюу толгойн лицензийг худалдаж авах сонирхолтой байх магадлалтай хэмээн таамагласан нь ч бий. Гэвч Фридланд энэ удаад өөрийн гараар олборлолт хийх хүсэлтэй байгаагаа удаа дараалан мэдэгдсэн. Оюу толгойд үнэнч байх болно гэдгээ батлахын тулд тэрбээр саяхан Айванхоу Майнз-ын шинэ ерөнхийлөгчөөр Жон Макен хэмээх нэгэн туршлагатай мэргэжилтнийг томилжээ. Мөн нэмэлт хөрөнгө оруулалт татах журмаар Оюу толгой төслийн 8-18 хувийг Айванхоутай хамтран ажиллах гадны компанид худалдах сонирхолтой байгаагаа Фридланд нуугаагүй. Энэ талаар тэрээр Япон, Солонгос, Хятадын компаниудтай хэлэлцээр хийж буйгаа албан ёсоор мэдэгдсэн.
Хэдийгээр Оюу толгойн эргэн тойронд багагүй дуулиан дэгдээд байгаа ч, тэнд олборлолт хийж эхлэх болоогүй байна. Айванхоугийн дараагийн алхамаас их зүйл шалтгаалах нь ойлгомжтой. Юутай ч, Фридланд Монголын уул уурхайн буум-ыг гадныханд нээж өгсөн буянтан. Түүний ачаар Айванхоу Майнс-ын амжилтанд шохоорхосон олон арван гадны компани Монголын уул уурхайн салбарыг сонирхож, Монголын засгийн газраас ашигт малтмалын лиценз аваад байна. Бид тэдэнд ямар ч үүрэг хариуцлага тулгахгүйгээр лиценз олгоод л байх хэрэг үү? Бодолцох л асуудал. 2004 онд Айванхоугийн хайгуулын лицензийн хугацаа дуусаж байгаа – шинэ лицензийн нөхцөл, заалт ямар байвал Монголд хамгийн ашигтай байх вэ? Монголын эдийн засгийн ирээдүй энэ шийдвэрээс шууд шалтгаална гэдгийг бид хэрхэвч мартаж болохгүй. Наад зах нь байгал орчны асуудлыг маш анхааралтай судалж үзэх хэрэгтэй. Мөн цаашлах юм бол, татварын нөхцөлөө бодолцож үзэх, уурхайн хажууд өөрийн боловсруулах үйлдвэр барьж бэлэн бүтээгдэхүүн экспортлох шаардлага тавих гэх мэтээс авахуулаад маш олон асуудал гарч ирж байна. Бид бэлэн байна уу?
/bodrol.com/