Их өрийн 50 сая хаачсаныг Оросууд хэлж өгч чадна

Яг энэ мөчид ОХУ-ын аль нэг хотын гудамж талбайд тун ашигтай бизнес хийж яваа сайн эрс бий. Тэдний худалдах бараа нь ОХУ-ын Төв банкны тооцооны төвүүд дэх мэдээллийн бааз. Тодруулж хэлбэл За май, 2003 оны дөрөвдүгээр сараас 2004 оны есдүгээр сар хүртэл Төв банкны дансанд орсон, түүнээс гарсан гүйлгээний тухай бүх мэдээлэл энэ байна. Үнэ нь 1000 ам.доллар. За, мэдээллээ аваарай… Ийм наймаа мягмар гаригийн шөнөөс эхлэн цэцэглэж эрэлт ч нүд ирмэх зуур өсөөд байна.
Итгэхэд бэрх боловч үнэхээр болсон явдлын халуун мөрөөр Оросын цагдаа, тагнуулынхан амь тэмцэн орлоо. Хойд хөршид маань банкны нууц гэх юм үгүй болоод 24 цаг боллоо гэсэн үг. Их өрийг хэрхэн төлсөн тухай тайлбарт үл итгэж буй Ардчилсан намынхан оросуудаас 2003 оны сүүл, 2004 он гарах зааг дээр хоёр улсын Төв банк хооронд хийсэн гүйлгээний утгыг зохих үнэ хөлсөөр нь худалдан авч болох боломж гарлаа шүү. Оросуудад бид 250 саяыг төлсөн үү, эсвэл 200 саяыг өгсөн юм уу? 50 сая нь хаачсан?
Эргэлзээ тээсэн иргэдийн асуултын хариу хулгайчдын гар дээр одоо байна.
ОХУ-ын Төв банкны компьютерын сүлжээнд ямар ухаантан-хакер нэвтрээ вэ? Тэгвэл ямар ч ухаан шаардаагүй
нь ёстой эмгэнэл. Зүгээр л ердийн дээрэмчид шиг компьютерын эд ангийг эвдэж салгаад хатуу дискийг нь хармаалаад зугтжээ. Гайхсан банкирууд амаа хамхиж ч амжаагүй сууна. Дуулианы чимээ Монголбанкинд ч хүреэн биз. Нэхэл дагуул болж байж төлөгдсөн 10 сая ам.долларын орсон, гарсан цаг хугацаа, зам мөр энэ шуугианы явцад тодорч мэдэх нь. Ведомости сонины Роман Дороховтой утсаар Улаанбаатараас шуурхай яриад Оросын Төв банкны санхүүгийн бүх операцын тухай мэдээлэл хадгалсан диск авч болох нь. Нэг этгээд Дороховт хоёр бяцхан диск атгуулаад 1.5 мянган ам.доллар хариуд нь аваад усанд хаясан чулуу шиг алга болсон юм. Уг дискэнд Төв банктай гүйлгээ хийдэг Оросын бүх байгууллагын нууц бий. Хажуудах хүнийхээ хэтэвчийг дэлгээд сууж байгаатай ялгаа юу байхав хэмээн санхүүчид айж ичин ярьцгаажээ. 60 гигабайтын баг-таамжтай буюу 11 цагийн турш үзэх онц сонирхолтой баримт хатуу дискэнд байгаа юм.
Оросуудын хаос Монголбанкинд хүреэн болов уу? Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбаттай утсаар холбогдвол тэрбээр сенсаацлаад байх зүйл энд үгүйг тайван гэгч тайлбарлав.
-Оросын Төв банкны 1991 оноос хойшхи төлбөр тооцооны мэдээлэл агуулсан диск алдагдсаныг Та дуулав уу?
-Үгүй. Тиим зүйл сонсоогүй явна.
-Банкны нууц гэж үгүй боллоо хэмээн мэдээллийн хэрэгслүүд нь шуугиж байна?
-Тиим сандраад байх зүйл биш шүү дээ. Тэр мэдээлэл чинь давхар хамгаалалттай. Өөр нэг газар хадгалсан ижил бааз байгаа. Монголбанкны төлбөр тооцооны тухай мэдээлэл ч бас давхар хадгалагддаг юм.
-Огт устаагүй бол сайн л хэрэг. Гол нь бизнесийн нууцаа дэлгэж орхисон явдал биш үү?
-Нууцсаад байх юу байх вэ. Төв банктай харилцаж буй арилжааны банкуудын гүйлгээний л утга шүү дээ.
-Алдагдсан дискэнд гадаад төлбөр тооцооны тухай мэдээлэл бас бий гэж ойлгож болох уу?
-Болно. Тэдгээр мэдээлэл хамт яваа.
Л.БОЛОРМАА
(өнөөдөр 2005-04-01 077)