Боловсролын салбар дахь төсвийн зарцуулалт оновчтой болох ёстой
Нээлттэй нийгэм форум, БСШУЯ-тай хамтраад боловсролын салбарын төсвийн зарцуулалтын талаар нэгэн төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн талаар БСШУЯ-ны Боловсролын газрын дарга Р.Бат-Эрдэнээс дараах зүйлийг тодрууллаа.
-Ийм төсөл хэрэгжүүлэх болсон учир нь юу вэ?
-Уг төслийг Төсвийн зардлын мөшгих судалгаа гэж нэрлээд байна. Аль ч улс орны хувьд Засгийн газрын зардлын ихээхэн хэсгийг эзэлдэг салбар бол боловсрол. Манай орны хувьд улсын төсвийн 24 хувь нь боловсролын салбарт зарцуулагдаж байгаа юм. Энэ их мөнгө зориулалтын дагуу зөв зарцуулагдаж байна уу гэдэгт төр засаг, татварын байгууллагууд ч, боловсролын салбарт ажилладаг хэн боловч санаа тавих нь зүй ёсны юм. Олон улсын болон дэлхийн санхүүгийн байгууллагууд төсвийн зарцуулалт хэр зөв, үнэн бодитой зарцуулагдаж байна вэ гэдэгт үнэлгээ гаргаж, судалгаа хийдэг аргачлал боловсруулсны нэг нь энэ. Манайд турших гэж байгаа энэ аргыг 1998 оноос Африк, Латин Америкийн орнуудад хэрэгжүүлсэн юм билээ.
-Судалгааны гол зорилго юу вэ?
-Улсын төсвөөс боловсролын салбарт төсөвлөсөн мөнгө сургуулиудад яг тэр хэмжээгээрээ очиж, зориулалтын дагуу зарцуулагдаж чадаж байна уу? Үүнийг л судлах зорилготой. Бусад орнуудад хийсэн судалгааны дүнгээс харвал төсвийн мөнгө сургуулиудад очих замдаа өөр зориулалтаар зарцуулагдах явдал их гардаг юм байна. Нөгөө талд нь төсөв авдаг байгууллагууд орон тоогоо илүү мэдээлдэг ч юм уу, илүү төсөв авдаг зүйл ч илэрсэн. Манай оронд энэ аргачлалаар судалгаа хийж үзье гэдэг саналыг өнгөрсөн жил Дэлхийн банк, Нээлттэй нийгэм форум БСШУЯ-тай тохиролцсон юм. Зөвхөн сургууль хүртэлх зам биш, сургууль дотор яаж зарцуулагдаж байгааг бас судална
-Судалгаанд ямар сургуулиуд хамрагдах бол?
-Хот, хөдөөгийн сургуулиудаас түүвэрлэсэн маягаар сонгож судалгаа хийнэ. Одоогоор төсөвтэй харьцдаг төв байгууллагууд, яамд, тэнд ажиллаж байгаа албан тушаалтнуудаас мэдээлэл аваад урьдчилсан судалгааны тайлан гаргаад байна. Дараагийн шатанд орон нутгийн удирдлага, сургуулийн хэмжээнд тусгайлан бэлтгэсэн асуулгаар судалгаа хийх юм. Үүнд сургууль, багш, эцэг эхчүүд чин сэтгэлээсээ хандаж үнэн бодитой мэдээлэл өгөх явдал судалгааны эцсийн дүн бодитой байх.үүнд үндэслэсэн зөв шийдвэр гаргахад ач холбогдолтой юм.
-Энэ төслийг хэрэгжуүлснээр төсөв хэмнэгдэх үү? Ямар ач холбогдолтой вэ?
-Хамгийн гол нь төсвийн зарцуулалт зөв болох ёстой. Зориулалтаар ашигладаг болно. Нөгөө талаар төсвийн төлөвлөлт, хуваарилалт, зарцуулалтын талаар олон нийтийн мэдлэг, мэдээлэл дээшилнэ. Үүнд тавих хяналт ч тодорхой хэмжээгээр сайжирна. Энэ судалгаа төсвийг үр ашигтай зөв зарцуулах механизм бүрдүүлэхэд үнэтэй мэдээлэл өгнө. Сайд энэ асуудалд онцгой анхаарал хандуулж байгаа. Бүх хүн шуурхай оролцохыг үүрэг болгосон.
-Хэзээнээс судалгаагаа авч эхлэх вэ?
-Энэ сарын дунд үеэс эхэлж хичээлийн жил дуусахаас л судалгаагаа авч дуусгах төлөвлөгөөтэй байгаа. Энэ оны ес, аравдугаар сарын үед үндсэндээ эхний үр дүн гарах байх.Нээлттэй нийгэм форумын зүгээс хөндлөнгийн хяналт тавьж ажиллана. Судалгааны ажлын үр дүнг бодитой, үнэн зөв гаргахад хөндлөнгийн оролцоо гэдэг ихээхэн ач холбогдолтой. Өөрөөр хэлбэл судалгаа амжилттай болох үндсэн нөхцөл нь болж байгаа юм.
Г.ОЮУН
(өнөөдөр 2005-04-01 077)