Ерөнхийлөгч шагнал гардууллаа

Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин, хөгжимчин Хундангийн Чапаевт Монгол Улсын гавьяат жүжигчин цол саяхан хүртээсэн. Уг цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч гардуулан өглөө.
Барилгын үйлдвэрлэлийн салбарт санаачилга, үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрийн хамт олныг чадварлаг удирдан зохион байгуулж үйлдвэрлэл,үйлчилгээ, орон сууцны олон барилгыг чанартай барьж ашиглалтад оруулан барилгын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь үнэлж Нийслэлийн барилгын үйлдвэрлэлийн Жигүүр гранд ХХК-ийн ерөнхий захирал Дашбалжирын Баттөр, Дархан-Уул аймгийн барилгын үйлдвэрлэлийн Баянгийн-Эх ХХК-ийн захирал Хургын Дашдэлэг нарт Монгол Улсын гавьяат барилгачин цол хүртээлээ.
Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Н.Багабанди хэлэхдээ мэргэжлийн урлагийн байгуллагад үр бүтээлтэй ажиллаж, баруун бүс нутгийн ард түмэн, үзэгчиддээ урлаг соёлынхоо дээжээс өргөн барьж, авьяас билгээ хөгжүүлж ирсэн уран бүтээлч бол Х.Чапаев юм. Уран бүтээлээ улам чамбайруулж дуу хуураар олон түмнээ баясгаж яваарай хэмээн хүсэн ерөөв. Мөн гавьяат барилгачин цол хүртсэн Д.Баттөрд баяр хүргээд өнөөдөр хоёр хүнийг төрийн өндөр дээд цолоор шагнаж байгаа нь Монгол Улсын төрийн тэргүүнээс барилгын салбар, барилгачдаа дэмжиж буйн илэрхийлэл. Сүүлийн үед барилгын салбар манай эдийн засгийн хөгжил дэвшилд тэргүүлэн шинэ шинэ орон сууц, үйлчилгээний төв баригдан ажил нь улам чанаржсаар байна. Засгийн газрын орон сууцны хангамжийг дээшлүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоорой гэлээ.
/Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ/