Оюу толгой, Роберт Фридланд болон монголчуудын тухай
Ерөнхийлөгч Н.Багабандийг Оюу толгойтой очсоны маргааш энэхүү уурхайд хөрөнгө оруулагч болох Канадын Айвенхоу компанийн эзэн Р.Фридланд хүрэлцэн ирсэн юм. Тэрээр Ерөнхийлөгч Н.Багабандитай уулзаж, Монгол, Канад хоёр улс дэлхийд ойрын 6-7 жил олдоогүй ордыг нээсэн тухай зарласан.
Ерөнхийлөгч Н.Багабанди ч 300 тонн алтан дээр сууж байгаа гэхээр дороос халуу оргиж байна гэж хэлж байв. Энэ бол түүх шүү. Тэр үеэд Эрдэнэтийн овооноос ч хэд дахин их алт, зэс олборлож болох уурхайн тухай л ярьж байв. Тэр нь хаана байх нь чухал биш. Гол нь Монголд л байх ёстой.
Оюу толгойн ордын нөөц мундаг л даа. 311 тонн алт, 2,4 сая тонн зэсийн нөөцтэй гэх урьдчилсан тооцоог судлаачид гаргажээ. Түүнээс хойш Айвенхоу майнз судалгааны ажлаа үргэлжлүүлсээр.
Тэр бүхнийхээ дараа алт, зэс олж болох цооногоо хүртэл хэлж байв. Үүнд нуух юм байгаагүй. Яагаад гэвэл, уул уурхайн хайгуул гэдэг үнэхээр аймшигтай эрсдэлтэй ажил байдаг. Нэг бол баялгийг олно, тэгээд баяжна. Эсвэл хөрөнгөө шал дэмий зүйлд зарцуулна. Энэ хоёрын нэгийг л сонгох хувь тавилан бөмбөрцгийн нөгөө бөөрөнд амьдрагч канад бизнесмэнд төрсөн хэрэг. Түүнээс биш Р.Фридланд гэдэг бизнесмэнд мөнгө төгрөг дутаагүй. Монголын говьд эрсдэл ихтэй, бизнес эрхлэх шаардлага ч байгаагүй. Ганц үнэн юм энэ.
Айвенхоу гэдэг нэрийг монголчууд муугүй мэднэ. Яагаад гэвэл, Английн нэрт зохиолч Вальтер Скоттын Айвенго номын нэр юм.
Тэгээд л Роберт Фридланд гэгч бизнесмен хаа байсан Монголд иржээ. Танай нутагт ийм их баялаг байна гэж монголчуудад хэлж өгөв. Бүр баттайгаар нь үзүүлэв. Тэгсэн гай болжээ. Үүнийг амар байна уу гэсэн биш гай болов гэж монголчууд хэлдэг юм. Р.Фридланд гэгч канад эр МУ, монголчуудад ямар гай тариа вэ. Энэ ууланд чинь ийм эрдэнэс байна, ийм үнэ ханштай баялаг шүү гэж хэлснийхээ төлөө ял зэм хүлээх гэж үү.
Энэ дэлхийд даанч томд тооцогдох алт, зэсийн уурхай нээсэн хүнд жаргал, зовлон мундахгүй.
Р.Фридландад ч адилхан. Ижил хүйстэн гэгдэв. Үйлдвэр худалдааны сайдад хахууль өгөв гэнэ. Түүний тухай өдгөө ийн ярьж байна. Монголд жаахан хөрөнгө оруулья гэхээр нь 5050 гэж хашгирч байна. Монголчууд өөрсдөө хөдлөхгүй, тэгсэн атлаа бусдыг жаахан юм хийе гэхээр юунд гүрийгээд байгаа юм бол оо.
Монгол Улс хуультай юу, хуультай. Түүнийг Говь-Алтай аймгийн Алтай сумын Г.Отгонбаяр ч, гадаадын цагаач иргэн Ли Хуан, Жорж Хагер ч байсан биелүүлэх үүрэгтэй. Ийм л юм.
Айвенхоу компанийг хэн удирддаг гээч. Канадын хоёр дахь тэрбумтан Роберт Мартин Фридланд 1950 онд Германд төрсөн, АНУ, Канадын иргэн. 400 гаруй сая ам.долларын хөрөнгөтэй. Залуудаа Toxic Bob буюу хорт Боб хочтой байжээ.
Ною-Брюнсвик дэх Бовдойн коллеж, Элит-либерал урлагийн коллеж, Портлэнд дэх Мэйн, Орегонд Рийд коллежийг төгссөн.
Ойрмогхон Монголд Оюу толгой 5050 хөдөлгөөн гэгч бий болжээ. Орд газраа, эх нутгаа хамгаалж байгаа юм гэнэ. Зөв л дөө. Тэд Оюу толгойгоос олсон бүх ашиг орлогоо Айвенхоу майнз -д биш, Монгол Улс, Монголчуудад өгөхийг хүсчээ. Мөрөөдөхөд мөнгө төлөх биш. Гэхдээ Атлантын далайг долоох шахам байж олсон хэдэн ногоон-оо Монголын говийн элсэнд зүгээр шингээх тэнэг бизнесмэн бөмбөрцгийн нөгөө бөөрнөөс ирсэн гэдэгт олон хүн итгэх болов уу даа.
Айвенхоу майнз Монголд гай болоогүй байх. 70-80 жил хуримтлагдан ОХУ-д төлөх зээлийн өрийнхөө зарим хэсгийг энэ компаниас зээлээр авсан. Үүнд талархаж буйгаа дэндүү өндөр хэмжээнд уламжилсан. Ерөнхий сайд Ц.Элбэгдорж үүний тулд нэг оройн арга хэмжээг зохион байгуулсан билээ.
Оюу толгой Монголынх. Канадуудыг тэндээс зайлуулах шиг амархан юм огт байхгүй. Гэхдээ тэнд байгаа баялгийг хэдэн их мэдэгч доктор канадуудаас бага зардлаар олборлоод монголчууддаа тус болж чадах болов уу.
Р.Фридланд уржигдар орой Их тэнгэр цогцолборт Монголын сэтгүүлчдийг урив. Тэгээд нэг сонин мэдээлэл хийсэн юм. Тэрээр Японы Мицуи компанитай хамтран ажиллах болсноо энэ үеэр мэдэгдэв. Тус компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч К.Момий ч мөн тэнд хүрэлцэн ирсэн байлаа. Тэр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандитай уулзаад амжиж. Юутай ч Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогод ямар нэг өөрчлөлт орохгүй, тогтвортой байна гэдэгт итгэж болно гэж Ерөнхийлөгч маань түүнд хэлсэн байна.
Р.Фридланд , К.Момий хоёр хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм.
Энэхүү санамж бичигт Монголын өмнөд говийг эрчим хүчээр хангах явдлыг хамгаас чухалчлан тусгажээ. Өөрөөр хэлбэл, тэр говьд байгаа зарим тухайлбал, Оюу толгойн зэс, алт, Тавантолгой, Нарийн сухайтын нүүрсийг ашиглах, экспортлоход эрчим хүч нэн тэргүүнд шаардлагатай аж. Тэрхүү эх үүсвэрийг хангах цахилгаан Станцыг Мицуи компани барих юм байна. Оюу толгойгоос 400 км зайтай газар бас нэг нүүрсний том орд илрүүлснээ Р.Фридланд энэ үеэр ам алдсан юм. Тэр нь Нарийн сухайтын орд бололтой. Энэ ордыг Монголын алт / МАК/ компани хэдэн жилийн өмнөөс ашиглаж БНХАУ-д нүүрс экспортолж байгаа юм.
Оюу толгойд одоогоор 200-гаад сая долларын хөрөнгө оруулсан гэж Р.Фридланд захирал хэлж байсан
К.Момий сан Бид Монголын өмнөд говийг эрс өөрчилнө. Бидний хэрэгжүүлэх төслийн үр дүнгээс МУ-ын ирээдүйн хөгжил, хэтийн төлөв шалтгаална гээд хэлчихвэл хэтрүүлэг болохгүй байх аа гэв. Монголын говийг өөрчлөх гээд байгаа Мицуи гэж ямархан хүч чадал, нэр хүндтэй компани юм бол. Мицуи бол 1870-аад оноос үйл ажиллагаагаа явуулсан, дэлхий дахинд олон төсөл хэрэгжүүлсэн, Японд том тооцогдох, олон улсын худалдааны чиглэлээр тэргүүлэх компаний нэг. Аль 1961 оны үеэс Австралид нүүрсний ордыг хамтран ашиглаж байгаа.
Монголын эрчим хүч найдвар муутай гэж Р.Фридланд өмнө нь олонтаа хэлж байсан. Тэгээд л найдвартай эрчим хүчтэй байхын тулд Мицуи-г сонгох шиг боллоо. Үүнийгээ тэрээр цаг хугацааны хүчин зүйлтэй холбон тайлбарлана билээ. Оюу толгойд үйлдвэр байгуулсны дараа биш, үйлдвэрээ барьж байгуулахад эрчим хүч хамгийн чухал гэж тэр хэлж байна.
Тэр станц нь жилд 500 мянган тонн нүүрс ашиглаж, 250 мегаватт эрчим хүч гаргах гэнэ. 100 жилд 50 сая тонн нүүрс хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл Таван толгойн нүүрсний орд долоон тэрбум тоннын нөөцтэй. Тэгэхээр тэр үүцийг хэчнээн жил идэх нь вэ. Мэдээж, Оюу толгойн үйлдвэрийг хэдэн зуун жил хангана.
Айвенхоу Майнз МУ-ын Засгийн газартай тогтвортой байдлын гэрээ байгуулах гэж байгаа. 1996 оноос хойш үйл ажиллагаа эрхэлж байгаагийн хувьд Монголыг даанч сайн мэднэ. Энэхүү гэрээний төслийн талаар янз бүрийн яриа чих дэлсдэг. Монголд ямар ч ашиг байхгүй гэрээг хүчээр тулгаж байгуулах гэнэ. Монголчууд минь эрдэс баялгаа хамгаалах тэмцэлд босоцгооё гэж уриалж байгаа нөхөд ч байна. Бүр Оюу тогой 5050 гэдэг нэртэй хөдөлгөөн ч бий болов. Бүдүүн тоймооор ойлговол талыг нь чи, талыг нь надад гэсэн утгатай юм байна л даа. Р.Фридланд сэтгүүлчдэд хэлэхдээ, дээр дурдсан тогтвортой байдлын гэрээнд МУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн нэг ч заалт байхгүй гэсэн юм. Тэр уулзалтад Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Түлш, эрчим хүчний дэд сайд С.Мэндсайхан, УИХ-ын гишүүн С.Оюун, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Ганхуяг нарын төрийн түшээд байсан болохоор энэ үгийн үнэн мөнийг батлах бизээ .
Тогтвортой байдлын гэрээ гэдэг бол зүгээр нэг ТҮЦ-ийн зөвшөөрөл биш. Нэрийг нь ч бодсон үйл ажиллагаа нь тогтвортой байхыг чухалчилсан хэрэг. Умард Америкийг эзэгнэсэн Айвенхоу Майнз гэж компани тэрхүү гэрээгээрээ 40-50 жилийн тогтвортой үйл ажиллагаа эрхлэхийг хүсч буй хэрэг. Энд, тэндхийн туршлагыг бас үзлээ. ОХУ гэхэд тогтвортой байдлын гэрээг 30 жилээр хийдэг юм байна. Монгол, Орос хоёр Эрдэнэтийн овооны зэсийг хэдэн жил, яаж хамтран ашиглаж байгаа билээ.
Р.Фридланд монголчуудад нэг зүйлийг амласан. Юу гэвэл Айвенхоу майнз компанийн МУ-ын Засгийн газартай байгуулах гэрээ гадаадын бусад хөрөнгө оруулагчдад үлгэр жишээ болно гэж.
Монголчууд ам алдвал барьж болдоггүй гэлцдэг. Эрдэнэтийн овоог тойроод одоогийн Орхон аймаг бий болсон. Өөрөөр хэлбэл, үйлдвэрээ дагаад хот бий болсон. Зөв нь буруугаас илүү гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Маргаад ч нэмэргүй. Тэр Эрдэнэтийн овооны зэс, молибдений ордын үр шимийг бүгдээрээ л хүртсэн шүү дээ. Харин Айвенхой майнз- говьд Эрдэнэт шиг хот байгуулахгүй юм гэнэ. Зөв. Хамгийн чухал нь олонхи ажиллагч нь монголчууд байх юм гэсэн.
Эрдэнэтийг монголчууд 40 жил ашиглах биз. Тэгээд л гүйцээ. Дараа нь Оюу толгой биднийг тэжээнэ.
Б.Батбилиг.
/Зууны мэдээ 2005-04-01/