Тээврийн хэрэгслийн үзлэг, тооллого удахгүй эхэлнэ.
-Энэ жилийн үзлэг тооллого энэ сарын 11-нээс эхэлнэ. Тооллого зургадугаар сарын 1, үзлэг оношилгоо арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэл нийслэлийн есөн дүүрэгт явагдана. Одоогоор бэлтгэл ажил хангагдсан бөгөөд ажлын комиссыг томилсон. Үзлэгийг Нийслэлийн тээвэр зохицуулалтын газар, Татвар, Авто замын газар, Замын цагдаагийн газар, НМХГ хамтарч зохион байгуулна.
-Дүүргүүдийн үзлэг хийх байршлыг тогтоосон уу?
-СХД Автобус-П, БГД Хөлөг трейд компани, ЧД Электрон техник машин судлалын нэгдлийн төв, Сүхбаатар Автобус-Ш, Хан-Уул Цагаан ноён компани дээр үзлэг тооллого оношилгоог хийнэ. Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн жолооч нар харьяа тээвэр зохицуулалтын газар дээрээ хийлгэнэ. Эхний долоо хоногт ажлын таван өдрөөр, 10-20 цаг хүртэл, дараагийн долоо хоногоос ажлын зургаан өдөр, гурав дахь долоо хоногоос хагас, бүтэн сайн өдөр ажиллана.
-Энэ жил хэдэн машин хамрагдах бол. Өнгөрсөн оныхоос юугаараа ялгаатай вэ?
-Урьдчилсан байдлаар нийслэлийн хэмжээнд 75 мянган тээврийн хэрэгсэл хамрагдана. Энэ жил техникийн хяналтын үзлэгт орох тээврийн хэрэгслийн хуваарийг дүүргийн хороодоор урьдчилан тогтоосон байгаа. Жолооч хуваарийн дагуу үзлэгт хамрагдахгүй бол ЗЦГ-аас замын хөдөлгөөнд оролцох эсэхийг шийдэх болно. Жолооч хороодоос хуваарийн тодорхойлолтоо аваад тооллого, оношилгоондоо орох юм. Замын хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээг хотын тээврийн газраас үнэгүй олгоно. Мөн тооллогод бүртгэгдсэн наалтыг Замын цагдаагийн газраас үнэгүй өгнө. Оношилгоонд суудлын автомашинд 10 мянга, ачааны болон автобусанд 15 мяган төгрөг төлнө.
Г.Энхжаргал
2005.04.1, Зууны мэдээ