Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эрүүл мэндээ шалгууллаа.
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэх ёстой. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж байгаа тухай тус намын байгууллагын шийдвэр, нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, мөрийн хөтөлбөр, СЕХ-ноос гаргасан загварын дагуу намтар, эрүүл мэндийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэн өгдөг байна. Нэр дэвшигчид дээрх баримт бичгүүдийг үнэн зөв бичиж өгөх үүрэгтэй бөгөөд энэ шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгийг нарийн мэргэжлийн эмч нараар бүрдүүлсэн комисс шалгасан нь энэ юм. Ерөнхийлөгчид нэр дэвшигч сэтгэцийн өөрчлөлттэй, эс бөгөөд хүнд өвчтэй байвал тухайн эрүүл мэндийн комисс дүгнэлтээ гаргасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах эрхтэй байдгаараа бусад эрүүл мэндийн үзлэгээс ялгаатай юм байна. Харин нэр дэвшигч эмчлэгдэх бололцоотой, амь наснаас хол хөндий өвчтэй байвал сонгуульд нэр дэвшүүлэхээс татгалзах шалтгаан болдоггүй байна.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарлаад байгаа Б.Эрдэнэбат, М.Энхсайхан, Н.Энхбаяр, Б.Жаргалсайхан нараас Эрүүл мэндийн яамнаас томилсон комисст орсон эмч нар өчигдөр өглөө нарийн шинжилгээ авсан байна. Үдээс хойш тус комиссын нарийн бичгийн дарга Б.Юндэнтэй уулзахад Эмч тус бүрийн үзлэгийг нэгтгэж байгаа учир хараахан эцсийн дүн гараагүй байна гэв. Харин бидний олж авсан мэдээллээр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшигчид маань бүгд л биедээ ямар нэг өвчин зовиуртай байжээ. Хамгийн наад зах нь, харааны болон дотор эрхтний өөрчлөлттэй байсан гэнэ. Ялангуяа монголчуудын дунд түгээмэл тохиолддог элэг, бөөр, цөс, ходоодны өвчлөл олонхиос нь илэрсэн байна. Тэр ч байтугай гурван нэр дэвшигч нойр булчирхайны өөрчлөлттэй байсан аж. Сонирхолтой нь сэтгэцийн гажигтай гэж сайн муугаараа дуудагддаг Б.Жаргалсайхан бусад нэр дэвшигчдээ бодвол харьцангуй эрүүл байжээ. Дотор эрхтнүүдийн энэхүү өөрчлөлтийг эмч нар хэлэхдээ, ажил мэргэжлээс шалтгаалах өвчин гэж нэр дэвшигчдэд тайлбарлан, цаашид эрүүл мэнддээ анхаарч байхыг хүссэн гэнэ. Бүтэн өдөржин үргэлжилсэн эрүүл мэндийн үзлэгийн явцад амь насанд халтай болон хүнд өвчтэй хүн гараагүй боловч цоо эрүүл хүн байгаагүй аж.
Т.Болор
2005.04.2, Монголын мэдээ