Төгсөлтийн шалгалтад өөрчлөлт орлоо.
Уг нь найм, аравдугаар анги төгсөгчид монгол хэл математикийн гэсэн ердөө хоёрхон шалгалт өгдөг байсан бол одоо илүү олон хичээлээр мэдлэгээ шалгуулах болсон гэнэ. Энэ талаар БСШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга Г.Батболдоос дараах зүйлийг тодруулав.
-Найм, аравдугаар ангийнхнаас авах шалгалтын журамд өөрчлөлт орж байгаа гэсэн?
-Энэ хичээлийн жилд улсын шалгалт аваагүй. БСШУ-ын сайдын 100 дугаар тушаал гарсан. Шалгалт авах бүх эрхийг сургууль, багш нарт нь олгосон. Дөрөв, найм, аравдугаар ангийн сурагчдаас төгсөлтийн шалгалт авна. Үүнийг сургуулиад авах бөгөөд хэзээ, яаж авахаа өөрсдөө шийднэ гэсэн үг. Боловсролын үнэмлэх, гэрчилгээг сургууль өөрсдөө өгнө. Харин улсын хэмжээнд нэгдсэн шалгалтыг сүүлд нь авна. Сургуулиас авсан шалгалтын дүнг нотолж, хөндлөнгөөс шалгаж байгаа юм. Нэгдсэн шалгалтын дүн, сургуулийн шалгалтын дүнгээс хэтэрхий зөрүүтэй гарвал тухайн сургууль, багш нарын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Тэдэнтэй хариуцлага тооцох нөхцөл байдал үүсч болох юм. Тиймээс сургуулиуд төгсөлтийн шалгалтаа боловсролын стандартад нийцүүлж үнэн зөв авах нь чухал.
-Сурагчдаас авах шалгалтын тоо нэмэгдэх үү?
-Нэмэгдэнэ. Наймдугаар ангийн сурагчдаас монгол хэл, математик, хими, газар зүй, гадаад хэл гэсэн таван шалгалт авна. Харин аравдугаар ангийнхан монгол хэл, уран зохиол, математик, физик, хими, нийгмийн ухаан, гадаад хэл гэсэн зургаан шалгалт өгнө.
-Тестээр авах уу?
-Математик, монгол хэлийг бичгээр авна. Тэгэхдээ тестээр авах эсэхийг нь сургууль шийдэх юм. Бусад шалгалтыг амаар авна. Магадгүй ийм олон шалгалт авах нь хүүхдэд ачаалал өгч болзошгүй. Гэхдээ байгаль, нийгмийн ухааны хичээлээр мэдлэгтэй байх нь чухал гэж үзэж байгаа.
-Нэгдсэн шалгалтыг эдгээр хичээлээр өгөх үү?
-Тэгнэ. Нэг шалгалтаас 100 оноо авна гэж үзвэл нэг сурагч 600 оноо цуглуулах ёстой боллоо гэсэн үг. Нэгдсэн шалгалт сургууль, багш нараас огт хамаарахгүй. Хөндлөнгийн хүмүүс шалгана. Хамгийн гол нь нэгдсэн шалгалтын дүн нь их, дээд сургуульд элсэх босго оноо болох юм.
-Тэгэхээр 600 оноогоо бүрэн авбал их, дээд сургуульд шалгалтгүй элсэнэ гэсэн үг үү?
-Үүнийг тухайн их, дээд сургуулиуд өөрсдөө шийднэ. Элсүүлэхдээ нэмэлт шалгалт авахыг үгүйсгэхгүй. Гэхдээ мэдээж соёл урлагийн юм уу, дүрслэх урлаг, өөр бусад нарийн мэргэжлээр сургах бол тэр чиглэлийн шалгалтаа тусад нь авна. Үүнийг бид ярилцаж байгаа. Эцэслэж шийдээгүй байна. Ирэх долоо хоногоос тодорхой болно.
Г.Оюунгэрэл.
2005.04.2,Өнөөдөр