Хорин хэдэн тэлээ хургаа хонь болгох уу, нядлах уу?
Монголын улс төрийн талбарт тоглогч том намын дарга, бас тэрхүү намынхаа мөнхийн өрсөлдөгч хүчний бүлгийн дэд нь. Тэлээ хурга шиг хоёр намын нөмөрт өвөлжиж, хаваржив. Өсгөлүүн, танхи ч болж. Ийм хувь заяаг АН-ын 19 болон бусад намын дөрөв сонгоод бас тэлээ хурга нэр зүүж явна. Нөмөр нөөлөг хайн их сүрэг бараадаагүй, ирээдүй хөгжил дэвшлийн төлөө яваад хоёр эхтэй болсон билээ, бид хэмээх цагаатгал тэднийг дагалдана. Гэвч тэлээ хурга өсөж өндийхийн хэрээр цаг хугацаа тэднээс өөрийн сонголт хийхийг шаардаж эхэллээ.
Угаасаа өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын учрыг бид өөрсдөө ч олохоо больсон гэж УИХ-ын гишүүн Ж.Наранцацралт телевизээр хэлж билээ. Тэр үнэнээ л өгүүлж. Дээдэх нь ийм бантан дотор зууралдсан байхад сонгогч бид яалтай. Дэмий л тэдний ярилцлагыг шүүрдэн уншиж, өөрсдийнхөөрөө харьцуулж дүгнэхээс, хоорондоо талцаж маргалдахаас хэтэрсэнгүй. Гэхдээ ойлгомжгүй гээд, үүнээс өөр гарцгүй хэмээгээд суух аргагүй цаг мөч иржээ. Хурга, хургачин хоёр тонгочиж тоглоод явах цэнхэр өдрүүд улирлаа.
Яргуй хэнзэрсэн энэ хаврын түмэн үйл явдлын оргил нь тэрхүү Гончигдоржийг МАХН-ын мэдлийн албан тушаалаас чөлөөлөх эсэхийг шийдэх хурал. Онигоо ч юм уу, эмнэгэл ч бил үү, ухаарал ч гэнэ үү, учирлал ч байх уу ялгаагүй энэ явдлыг буруу, зөвийн дэнсэнд шүүгээд маргаад байх нь угтаа утгагүй болов. Харин дараагийн бужигнааны эхлэл болгон болгоомжлох цаг.
Р.Гончигдорж улаан, цэнхрийг хослуулж явахаа болих тухай эл шийдэл түүний араас замнасан АН-ын арван есийн, мөн үлдэх зургаагийн хууч өвчнийг сэдрээлээ. Өнөөдөр оношоо тодруулахгүй юм бол тэд чухам хэн юм бэ? Улаан бадамлянхуа энгэртээ хадсан МАХН-ын бүлгийн төлөөлөгч юм уу? Цэнхэр тугны ишнээс атгалцсан АН-ын журмын нөхөр үү? Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн улаан, цэнхрийн уусмал дээр өрнөхгүй. Н.Энхбаяр, М.Энхсайхан нар өөрсдийн өнгө төрх, үзэл баримтлалын хоёр талд гарч зогсчихоод байна. Энэхүү ялгарал тэлээ хургыг том болж толгой даахыг шахаж эхэллээ. Тогтвортой төр хэмээх нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудаст байхгүй.
Эдүгээ сонгуулийн марафоны өнгө аясыг тодорхойлох нэг шийдэл нь 62-ын бүлэгт харьяалагдаж буй хэдийн байр суурь. Жишээ нь С.Баярцогт хоёр намд тэгш зүтгэсэн сөөсгөр бяцхан хэвээр үлдэх үү. Эсвэл… Тэлээ хургануудыг тэжээгээд хонь болгох уу, нядлаад намаа цэвэрлэх үү гэдэг асуултын өмнө МАХН ирээд байна. Их том зорилгын төлөө эр зориг гаргасан гэх тэдгээр гишүүдийг тэлээ хургатай зүйрлэж буйгаа цагаатгах учраа хэлье.
Өнөөдөр сонин өмнө нь олонтаа бичсэн шиг, яргуйн хувьсгалын давалгаанд их далайдаа тэсч үлдэх нь үлдэж, эрэг холын газар шидэгдэх нь шигдэгдэж, дахин хуваарилалтын өмнө иржээ. Чи хэн бэ? Үзэл бодол, байр сууриа хадгалж үлдэх, халж өөрчлөх нь гэмт явдал биш. Чи хэн болохоо ойлго, тэгээд бусдад ойлгуул. Ердөө л энэ.
Хүссэн ч, эс хүссэн ч УИХ дахь 62-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн дэлгэц дээр задрах үйл явц эхэлж байна. Үүнийг МАХН парламентад олонх байх эсэхийг шийдэх мөн ч гэж ойлгож болно. 25-аас хонь болгоод авах нь хэд бол? УИХ-д олонх байхын тулд МАХН-д шинэхэн гишүүд хэрэгтэй. Харин тэлээ хэдээ МАХН нядлаад холдуулбал АН-д мэдээж ашигтай. Р.Гончигдоржийг авч хэлэлцэх хурлын үргэлжлэл энэ мэтээр сунжрах төлөвтэй. Үүнтэй зэрэгцээд үзэл баримтлал, холбоо сүлбээнийхээ учир заагийг яргуйн хувьсгалын явцад бүдгэрүүлж орхисон Эх орон нам ч биеэ засах биз. Үгүй бол тэд өөрийн гэх тод өнгө муутай болж орхисныг олон нийтийн санал асуулгуудын дүнд намын дарга Б.Эрдэнэбатын авч буй муухан үзүүлэлтүүд гэрчилнэ. ИЗН ч хэн болохоо эртхэн таньж, сонгогчдодоо тайлбарлахгүй бол авилгатай тэмцэж олж авсан нэр нүүртээ SALE зарлах нь. АН-ын эгнээ бат цул гэдэгт гишүүд нь ардчиллын 15 жилийн уртад хариулж мэдэхгүй хэвээр хоцрох уу. Нэг үгээр, Монголын улс төрийн намууд төлөвшсөн, төрхөө олсон эсэхийг сорих өдрүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө үргэлжилнэ.
Олон түмний эргэлзэж тээнэгэлзсэн асуултуудад хамгийн түрүүнд Ц.Элбэгдорж хариу өгөхөөр шийджээ. Шүүмжлэлийг би өөр дээрээ хүлээж авч болох юм гэх зэргээр тэрбээр АН-ын Үндэсний чуулганы төлөөлөгчдийн өмнө зөөлөн дуугарсан аж. Тун саяхан зөвшлийн Засгийн газрын зөв зүйтэйд бат итгэлтэй явсан тэрбээр шүүмжлүүлэх зүйл бийг хүлээн зөвшөөрч өрсөлдөгчдөө барьц олгон, сиймхий тавьж өгсөний учир юу юм бол? Танхимыг нь огцруулах МАХН-ын сценарыг чимээгүй дагаж, улмаар АН-ын гишүүд дунд тодорхой хэмжээгээр унасан нэр хүндээ сэргээх, үзэл баримтлалаа тодотгох мөч ирсэнийг мэдэрснийх биз.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчид тодорч кампанит ажил эхэлж буй дүр зураг өнгөц харахад үзэгдээд байна. Үүнтэй зэрэгцээд айсуй тавь орчим хоногт 62-ын бүлэгт нэгдэгсэд хэн нь хэн болохоо ойлгуулах, улмаар УИХ-д хүчний харьцаа цаашид хэрхэн хуваарилагдах, зөвшилцлийн Засгийн газрын хувь заяа шийдэгдэх зэрэг ээдрээт үйл явдал давхар өрнөх бололтой.
62-ын бүлэгт багтаж буй АН-ын болон ИЗБНН, Эх орон намын гишүүд, бие даагчид
1.Р.Бадамдамдин
2.А.Бакей
3.Б.Батбаатар
4.Б.Батбаяр
5.Н.Батбаяр
6.Г.Батхүү
7.Д.Бат-Эрдэнэ
8.Ц.Баярсайхан
9.С.Баярцогт
10.Л.Гансүх
11.Л.Гантөмөр
12.Д.Ганхуяг
13.Р.Гончигдорж
14.С.Ламбаа
15.Б.Мөнхтуяа
16.А.Мурат
17.К.Сайраан
18.Ч.Содномцэрэн
19.М.Сономпил
20.М.Зоригт
21.С.Оюун
22.Х.Баттулга
23.Р.Эрдэнэбүрэн
25.Д.Одхүү
25.Я.Санжмятав.
Л.Болормаа
2005.04.2,Өнөөдөр