Мягмар гаригт хаврын ээлжит чуулганы нээлт болно

Өнөөдөр үдээс өмнө УИХ дахь МАХН-ын бүлэг хуваарь ёсоор хуралдах бол үдээс хойш байнгын хороод хуралдах аж. Эдийн засгийн, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн, Байгаль орчны, Төсвийн болон Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаж, Мянганы хөгжлийн зорилтыг дэмжин сайшаах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм байна. Маргааш буюу мягмар гаригт 10 цагаас УИХ-ын 2005 оны хаврын ээлжит чуулганы нээлтийн ажиллагаа болно. Мөн өдрийн үдээс хойш Төрийн байгуулалтын, Боловсрол, соёл, шинжлэх ухааны, Дэд бүтцийн, Хууль зүйн, Хүнс, хөдөө аж ахуйн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороод хуралдаж дээрх хоёр асуудлыг хэлэлцэх аж. Харин ирэх лхагва, пүрэв гаригуудад УИХ, Олон улсын валютын сантай хамтарч Макро-эдийн засгийн бодлого сэдэвт семинарыг Чингис зочид буудалд зохион байгуулах юм байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан баасан гаригт хуралдаж, байнгын хороодоор хэлэлцсэн хоёр асуудлыг хэлэлцэхээс гадна Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 2/01 тоот дүгнэлтийг сонсч, Засгийн газрын мэдээлэл ч хийгдэх бололтой.
М.БАТБААТАР
(өдрийн сонин 2005-04-04 082)