Шаардлагатай үед хаврын чуулган завсарлаж болзошгүй.

-Энэ хаврын чуулганы онцлог юу вэ?
-Ерөнхийлөгчийн Сонгуультай давхцаж байгаа учраас их онцлогтой. Ялангуяа ирц нэлээд асуудалтай болно. Шаардлагатай үед завсарлаж болзошгүй. Гэхдээ бид энэ хаврын чуулганаар зайлшгүй шаардлагатай, олон жил яригдсан гол гол хуулиудыг хэлэлцэхээр оруулсан байгаа. Тухайлбал, Монгол Улсын Их хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэх ёстой. Бид одоо төсөл дээр ажиллаж байна. Хоёр ч хувилбар гаргасан. Мөн олон түмний, улс төрийн намуудын, төрийн бус байгууллагуудын , мэргэжлийн судлаачдын санал бодлыг авах чиглэлээр чамгүй ажил зохионо гэж төлөвлөж байгаа. Удахгүй хоёр ч том семинар, хэлэлцүүлгүүд зохион байгуулна. Байнгын хорооны хурлыг нээлттэй хийнэ. Ингээд сонгууль элдэв будилаангүй, шударга явагдах бүх л нөхцөл бололцоог оруулсан байдлаар сонгуулийн хууль бэлтгэгдэж байна. Энэ бол хаврын чуулганы гол ажил байх болно.
-Чуулганы нээлтэн дээр бүлэг болж чадаагүй зарим гишүүн үг хэлэхээр хүсэлт гаргасан гэсэн?
-Нээлт хуулийнхаа дагуу л болно. Хэрвээ хүсэлт тавьбал намын бүлгийн ахлагч нар үг хэлэх эрхтэй. Одоогоор нэг л намын бүлэгтэй учраас тэдэнд л энэ эрх нээлттэй байгаа. Өөрийн тань ярьсан асуудлаар тогтсон юм байхгүй.
-Ирц бүрдэхгүй байна гэж их ярьдаг. Ярьсаар л байх уу, эсэвэл ямар нэг хариуцлагын тогтолцоо байх ёстой юм уу?
-Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн ард түмний элч төлөөлөгч. Тэдэн дотор бизнесмэн улсууд нэлээд байгаа. Ийм улсын цалинг нь хасаад ямар ч нөлөө байхгүй. Тэгэхээр сонгогчид нь хариуцлага тооцох ёстой. Ёс зүйн хувьд бол үндсэн ажил болсон хуралдаа суухгүй байгаа гишүүдийг л бид ил тод мэдээлнэ.
-Хаврын чуулганаар олон чухал хуулиад хэлэлцэгдэх юм байна. Гэтэл ирц бүрдэхгүй. Бүгд л сонгуулийн ажил гээд байвал ямар арга хэрэглэх вэ. Чуулганыг завсарлуулах уу?
-Бид бүх л бололцоотой арга хэмжээг авна. Сонгуульд оролцолгүй яахав. Мэдээж хөдөө орон нутаг, тойрог руугаа очих ажил гарна. Гэхдээ хуваарьтайгаар зохион байгуулна. Чуулгандаа суух зайлшгүй шаардлага манай гишүүдэд байгаа. Тийм учраас бид энэ асуудлаар зохицуулалттай хандаж чуулганаа тасалдалгүй явахын төлөө байна.
Б.Индра.
2005.04.4 Өнөөдөр