Шүлэг

Гудамжинд зөрөх бүсгүйн
Гунигтай нүдтэй мөргөлдсөн
Гүймэл урсгал харцны
Гэмгүй ялыг үүрнэм
Цаг гацсан болзооны
Цас гаслуулсан хүлээлтээс
Цагаахан итгэлийг сүлж
Цагаатгалын зарлиг уншинам
Хал үзсэн зовлонгийн
Хайр дутсан хорвоогоос
Хоёр алгаа тоссон
Хүүгийн үнэнийг гэрчилнэм
2001 он
Зүүд
Эхлэлгүй
Эцэсгүй
Эрчгүй
Эс оршихуйд зүүд оршино
Сүүдэргүй нүднээ
Шүүдэр бөнжигнүүлж
Сүүмийх зэрэглээнд
Сүнсгүй бие бүжиглүүлнэ
Салхи лимбэдэж
Сар гижигдэж
Санаагүй санаа
Сэмхэн амьдрал үргэлжлүүлнэ
Сохорсон дурлал
Сульдсан итгэл
Совингийн өнгөөр
Солирын хурдаар зүрхнээ татална
Алдас загнана
Айдас занана
Хайр бүүвэйлнэ
Халуун сүүний сүүдэрт дагжина
Эрээн могой
Элс жиндээхэд
Элэх амьдралд
Эмзэглэл зүүд манаж наминчлана
Зүү сүвэлж
Зүүд зүүдлэнэ
Зүгийн луужин
Зөвхөн дээшээ л заана …
2001 он
Дотор хүнтэй хөөрөлдөхүй
Бүгдэд би улам таалагдах гэж
Бүрэг бас намуухан суудаг
Бүүр дотносож тэднийг таних гэж
Бөөрөнхийдүү бас хэнэггүй царайлдаг
Эрхгүй би хэн нэгнийг үнэлэхдээ
Этгээд мэт зан гаргаж мэтгэлцдэг
Эргүү тэнэгийг хайрлан өрөвдөхдөө
Чив чимээгүй хүндэтгэн өнгөрөөдөг
Байгаагаараа би байж л байдаг
Баримал бурхан биш билээ л
Тиймдээ ч би хамелон шиг хувирч
Тэр охидын зүрхэнд гэрэл шиг шагайдаг
…Алдаанд дургүй ч засах аргаа олдог
Атаанд дургүй ч зайлах аргаа мэддэг
Айдсаасаа айдагч аргалах нүхээ хайдаг
Амьдралд хайртай ч буцах цагаа мэдэрдэг
Үнэн худал хоёрыг адилхан үнэлж
Үнэмшиж итгэж чадвал зоосны хоёр тал гэж
Өөрийгөө тайвшруулж цоглог амьсгалдаг
Үлгэрт итгэдэг нулимстай нүдээ би
Зудтай хүйтэн сэтгэлд жиндэж царцдаг
Гантай халуун зүрхэнд хайлж урсдаг
Мэдэхгүй жилийн байхгүйн ордонд төрсөн
Мэргэдийн сүнсний сүүдэр төдий билээ би
2001
Зүгээр л намар
Шанхны үс хийсэх нь намуухан
Шаргал гуниг туучих нь давчуухан
Сэтгэлийн өнгө нүүх нь тунгалагхан
Сэрээд харахад зүгээр л намар цаг
Салхилах зүгт чи зогсох нууцлаг
Санаагаа гүйцэх гэж гуних минь томоогүй
Сайхан бүхэн цаг хугацаанд уусах нь гайхмаар
Санаа алдахад зүгээр л намар цаг
Нуурын мандалд тольдох минь санаандгүй
Нэг мөч бүтээлээ туурвих нь нь биширмээр
Тэнгэрт шувуудтай зэллэж яваа минь сонихон
Тэгээд зүгээр л намар цагийг таталмаар
2001 он
Дурсамж
Цантсан сормуустай нүдээр чамайг ширтэх итгэл минь сайхан
Цаг оройтсон ч болзоондоо ирэх сэтгэл чинь сайхан
Цагаан гуниг сүлж тунирхах хайр чинь сайхан
Цаг хугацааны дэнс бидэн хоёрыг савлуурдавч тэнцүүлэх нь сайхан
Хацар улайлган гэрэвшээд дөхөх чинь дурлалдаа шатаад дулаахан
Хүрмээ тайлаад чамд нөмрүүлэхэд эр сэтгэл минь дулаахан
Хоёр алга биесээ тэмтрээд цочих нь ичингүйрээд дулаахан
Хайртай гэж шивнэхэд уур савсаад орчлон дэндүү дулаахан
Бүтэн өдөр биесээ бодон гэгэлзсэн учрал хүсэлдээ шатаад гэгээтэй
Бүртийх сарны бүдэг туяанд намайг шагнах инээмсэглэл чинь гэгээтэй
Бидний хөтөлөлцөөд анирлан алхадаг цасан зам шүлэг шивнээд гэгээтэй
Бүлээхэн энгэртээ нөмөрлөсөн бүдүүн хуш мод минь дурсамжтай минь гэгээтэй
Сайхан дурсамж минь сайхан
Санаа алдах минь ч сайхан байсан
Сайрхах дурсамж минь дотнохон
Санахын аянганд ниргүүлсэн хуш мод минь хэвээрээ…
Цантсан сормуустай нүдээр чамайг ширтэх сайхансан
Цаг оройтсон ч болзоондоо ирэх чинь сайхансан
2001 он
Намар
Наран хайлж саран хөлдлөө хонгор минь
Надаас нүүсэн үүлс хэний энгэрт шивэрнэм
Шаргал гуниг шувуудын ганганаанд жигүүрлэж
Шүлэгчийг тойрон эргэх он цагийн салхинаа хөвнөм
Зүүд мэлмэрч хөнжил жиндүү уйтай сэрхэд
Зүгээр дээ гэж залуу нас минь аргадна
Зөн совингийн нуур хунгийн нулимсанд мэлтэлзэж
Зөөлөн сэтгэл аргадан алтан загас шүүрднэм
Хагдарсан цэцгийн үнэр салхитай ханьсан тэнүүчилж
Халуун янагийн өвөр лүү атаатны үлгэр шивнэнэ
Хаашаа ч юм бэ хулжсан чинийхээ зүүд итгэлийг
Харцганд хөөгдсөн болжмор шиг байж ядахдаа үгүйлнэ
2001 он
Болодын Мөнхдөл