Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөнийг Н.Энхбаяр худалдаж авсан гэж үнэн үү.
Харин М.Энхсайхан Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөний залуусыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Дэмжээд ч зогсохгүй Би авлигачдыг цээрлүүлнэ хэмээн хөмсөг атируулан уурсав. МАХН хөдөлгөөнийг хөдөлгөөнөөр нь даруулах оролдлого хийж, андуурам адилхан нэртэй бүлэг байгуулсан нь саяхан. Эх орон БНН-ын нэр дэвшигчдийн зүгээс одоохондоо ямар нэгэн хөдөлгөөнтэй холбоотой амбиц илэрсэнгүй. Б.Жаргалсайхан нэгэнтээ Хуйвалдаан, авлига хаацайлан их дургүй хүргээд байвал хөдөлгөөн байгуулан үймүүлж чадна шүү. Хөдөлсөн шиг хөдөлнө гэж мэдээрэй хэмээн бухимдлаа тайлсан. Мань эр өнөөхөндөө дургүй нь тэгтлээ хүрч амжаагүй байгаа бололтой, чимээгүй.
2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн нэг өнгө нь элдвийн том, бага хөдөлгөөнүүд байх нь одоо нэгэнт тодорхой болов. Хөдөлгөөн дагасан үймээн, эмх замбараагүй байдал, хувийн ашиг сонирхлоо илэрхийлэх хандлага, гүтгэлэг ч бас хавтгайрах янзтай. Сүүлийн үед олны анхаарлыг ихээхэн татаж, улс төрийн хүрээнд нэвтрэн, гудамжнаас ордон руу хальж буй Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг тойрсон хардлага, тандалт улам эрчимжсээр байна. Улс төрчдийн зүгээс уг хөдөлгөөнд хайр зарлах нь ердийн зүйл болж эрчимтэй үйл ажиллагаа явуулж буй энэ залуусын ард Л.Гүндалай, Б.Эрдэнэбат, М.Энхсайхан нарын хэн нэгнийг байгаа мэтээр хардах болсон нь нууц биш. Тус хөдөлгөөнийхний хараалсан бай нь УИХ-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Н.Энхбаярын хувьд Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн том бэрхшээл болоод байгаа нь үнэн юм.
Магадгүй, тийм ч учраас МАХН-аас зохицуулалт хийж, Н.Энхбаярыг дэмжих хөдөлгөөн, Н.Энхбаярыг дэмжих нам бусчуудын хөдөлгөөн гээд хоёр ч бүлгэм байгуулан сөрөг арга хэмжээ авсан. Энэ алхмууд нь төдийлөн үр дүнд хүрэхгүй байгааг бид мэднэ. Гэвч МАХН Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний тархийг атгах өөр төлөвлөгөө боловсруулж, төлөөлөгчдийг нь хүлээн авч уулзсан тухай эх сурвалж мэдээлэв. Түүгээр ч зогсохгүй талууд тохиролцоонд хүрсэн гэх, Н.Энхбаяр Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг худалдан авсан гэнэ хэмээсэн мэдээлэл хуурай өвсөнд гал тавьсан адил өндөр хурдтайгаар тархаж байна. Хөдөлгөөний залууст хилийн чанадад суралцах боломж, их хэмжээний мөнгө, зарим нэгэнд нь албан тушаал амлан, амыг нь хааж амжсан юм байх. Үүний илрэл нь 4-р сарын 7-ны өдрийн цуглаан идэвхгүй, цагдаагийн хамгаалалтгүй болсон явдал гэж тайлбарлах хүн олон.
Хэрэв энэ үнэн бол Н.Энхбаяр авлигачин гэдгээ нотолж, хөдөлгөөний залуус авлигыг эсэргүүцэхээ хоёр сарын турш мэдэгдсэн хэрнээ хээл хахуульд өөрсдөө амархан бүдэчсэн дүр зураг харагдах юм.
Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийхөн өөрсдийг нь дэмжиж буй олон олон хүний итгэл, сэтгэл, ядуу амьдралыг МАХН-ын алган дээр нь хаясан авлигын золионд гаргаж байна хэмээн энэхүү наймааны хэргийг ойлгож болно.
Тус хөдөлгөөнийг Н .Энхбаяр худалдан авсан тухай мэдээллийг зарим эх сурвалж нотлон баталгаажуулсан бол Ж.Батзандан эрс эсэргүүцэв. Тэрбээр Бидэнд тийм санал хэн ч тавиагүй. Цаашдаа ч хөдөлгөөнийг худалдан авах тухай ярьж зүрхлэхгүй биз. Худалдагдах шалтгаан манайханд байхгүй. Зохион байгуулж байгаа гол залуус маань бүгд гадаадад 10 шахам жил суралцсан улс. Биднийг хэн ч юугаар ч худалдан авч чадахгүй хэмээн хариулсан. Мэдээж Тийм ээ, бид худалдагдсан гэж хариулахгүй нь лав. Яагаад хөдөлгөөнийг арилжиж авч болдоггүй билээ? Мөнгөтэй байхад юуг ч хийнэ гэж үнэнээ хэлэн улайхгүй нь тодорхой. Үнэхээр тэд худалдагдсан уу, үгүй юу гэдгийг Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөний дараагийн ажил хэргүүд нотлон харуулах биз.
Санхүүгийн эх үүсвэрээ ямагт нууцалдаг тус хөдөлгөөнийг Н.Энхбаяр худалдан авсан нь үнэн бол МАХН-ын нэр дэвшигчийн рейтингэд хасах оноо дахиад л нэмэгдэнэ. Үнэн хэрэгтээ хөдөлгөөний залуусыг бус, олон нийтийн нэг хэсгийнх нь итгэл үнэмшлийг хэтэвчиндээ багтаасных нь төлөө Н.Энхбаярт ийм шийтгэл ирэх юм. Хөдөлгөөн байгуулж, түүнийгээ худалддаг наймааны эхлэлийг МАХН энэ үйлдлээрээ тавьж байж ч болох талтай. Ах намынхан шүдний өвчнөөсөө салахын тулд Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөнийг дотроос нь хагалж бутаргах, ганц нэгээр нь худалдан авах хар хайрцагны бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа тухай ойрхны эх сурвалж нотолж буй. Энэ мэтээр хөдөлгөөн бүрийг тараагаад, худалдан аваад байж болно. Ард олны тэмцлийн хэлбэрийг алтаар арилжаад байж болно. Чаддаг юм бол улс оронд нүүрлэсэн аймшигт ядуурлыг худалдаад авчих л даа гэж МАХН-д уриалья. Худалдаж авах мөнгө нь байгаа бол худалдагдах сонирхол ядууралд ч гэсэн байж л таарна.
Р.Эмүжин
/2005.04.9 Өнөөдөр /