Та АНУ-д зорчих гэж байна уу?
Бүх зүйл хуулийн дагуу шийдвэрлэгддэг бөгөөд гэрлэн дохио зөрчихөд хүртэл шүүхээр шийтгэл оноодог юм байна. Америкт цагдаа хүнийг биеэрээ хууль зогсож хэмээн бодож бүгд л түүнээс эмээдэг гэнэ. Ардчилал сонгодог утгаараа хөгжсөн, хуулиа чанд дээдэлдэг Америкт дэлхий дээр хамгийн өндэр цалинг авч, боловсрол эзэмшиж чадах орон гэх. Та алс холын Америк оронд суралцах, ажиллахаар явах гэж байгаа бол анхаарлаа нааш хандуулаарай. Бяцхан зөвлөгөө өгөх гэсэн юм. Хэрвээ та тус оронд анхлан хэл тавих гэж байгаа бол доорх зүйлийг уншаад бага боловч мэдлэг авна гэдэгт найдаж байна.
ВИЗ ГАРСНЫ ДАРАА ЮУ БЭЛТГЭЖ БОЛОХ ВЭ?
Өөрийн хэрэглэх зүйлеээ сайтар базаах хэрэгтэй. Гааль дээр бага ачаатай бол сайн гэсэн буруу ойлголт хүмүүсийн дунд байдаг. Энэ нь буруу юм. Хамгийн гол нь гаалиар гаргахыг хориглосон зүйлсийг авч явахгүй байх нь зөв. Хутга, мэс тэр ч байтугай хумсны хутгыг хүртэл хориглодог байна. Мөн хүнсний зүйл их хэмжээгээр авч явахыг хориглодог аж. Бас нэг зүйл анхааруулахад Америкт байгаа таньдаг хүний нэрс, утасны жагсаалтыг авч яваад хэрэггүй. Хил дээр шалгасан тохиолдолд цаад хүн нь хууль бусаар буюу хараар амьдарч байвал барьж өгөх аюултай.
ЯАЖ ХИЛ НЭВТРЭХ ВЭ?
Онгоц АНУ-д газардах үед гаалийн мэдүүлгийн хуудас өгнө. Энэ 1-94 буюу Admission Form нэртэй хуудсыг алдаагүй бөглөх хэрэгтэй. Хэрвээ балласан буюу алдаатай бөглөвөл яаралтай солиулж шинэ декларац ав. Балласан, алдаатай бөглөснөөс шалтгаалж хүнд байдалд орох, бүр буцах ч тохиолдол гардаг аж. 1-94 хуудас дээр таныг Америкт ямар хугацаатай байх ёстойг тэмдэглэж өгдөг байна. Паспортын виз дээрх хугацаа ямар учиртай юм бол гэж та гайхаж магадгүй. Энэ нь таны Америкт хэзээ нэвтэрч болох хугацаа юм. Онгоцноос буугаад гаалийн байцаагчид паспорт болон I-94 хуудсаа өгнө. Энэ хооронд байцаагч таньд янз бүрийн асуулт тавьж магадгүй. Тэр бүгдэд нь хариулах шаардлага байдаггүй. Манай улсад таньдаг хүн бий юу гэсэн асуултад үгүй гэх хэрэгтэй. Хамгийн гол нь иреэн зорилгоо тайлбарлахад л хангалттай байдаг аж.
Ямар нэгэн шалтгаанаар таныг онгоцны буудал дээр тосох ёстой хүн чинь ирээгүй гэж бодъё. Ийм тохиолдолд танд тэр хүн рүүгээ утсаар ярих шаардлага гарч магадгүй. Яаж холбоо барих вэ. Энэ зөвлөгөө хэдий энгийн ч анх удаа очиж байгаа хүнд хэрэг болж магадгүй шүү дээ. Онгоцны буудал дээр таксофон хаа сайгүй байдаг. Таксофоныг англиар Payphone гэнэ. Таксофон олдохгүй бол хэнээс ч хамаагүй Can you tell me, where is the payphone гэж асуухад найрсаг америкчууд заагаад өгнө. Хэрвээ хот дотроо ярих гэж байгаа бол 35 юм уу 50 центийн задгай мөнгө байхад хангалттай. Байхгүй бол аль ойрхон байгаа үйлчилгээний газар очоод Can you change me, please for pauphone гэж хэлэхэд таны мөнгийг задлаад өгнө. Харин өөр хот юм уу муж руу ярихын тулд утасны карт авах хэрэгтэй. Утасны картыг хоолныхоос бусад бүх үйлчилгээний газар зардаг. Ингээд утсаар ярих л үлдлээ.
Танд ямар нэгэн байдлаар тусламж хэрэгтэй болбол санаа зоволгүйгээр бусдаас тусламж хүсээрэй. Америкчууд найрсаг ард түмэн.
ТАКСИНД ХЭРХЭН СУУХ ВЭ?
Хүрэх газраа такси хөлөглөн очих шаардлага гарч магадгүй юм. Тэгвэл онгоцны буудлын лавлах хэсэг дээр очиж такси хэрэгтэй байгаагаа хэлэхэд тэд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компанийн үнэгүй ярих утсыг хэлж өгнө. Лавлах хэегийн хажуухан дахь харилцуурыг авахад өөдөөс тань ихэвчлэн такси хэрэгтэй юү хаашаа явах вэ гэж асуудаг. Таксигаа захиалахдаа ямар хугацаанд хүргэж өгөх, хэчнээн ам.долларын үнэтэйг асуугаарай. Таксины үйлчилгээ үзүүлдэг компаниуд тогтcон ханштай байдаг учир хямд бөгөөд найдвартай үйлчилнэ. Хэрвээ танд энэ бүгд хэцүү санагдаж байвал буудлаас гарахад такси хүлээж байгаа. Хамгийн гол нь эдгээр таксинууд тоолуураар явдаг учраас үнэтэй байдаг аж. Нэг миль буюу 1,6 км газар тутамд 1.90-ээс 3.30 ам.доллар төлдөг гэнэ.
Хүсвэл та лимузен хөлсөлсөн ч болно. Мэдээж төлбөр нь бүр өндөр байж таараа.
Америкт ирснийхээ дараа бичиг баримтаа бүрдүүлж авах хэрэгтэй. Юуны түрүүнд Social security card-аа авах нь чухал шүү. Social security card гэдэг нь тухайн хүний нэр дээр нийгмийн дугаар үүcгээд хаана, юу хийж явааг нь тэмдэглэж байдаг карт юм. Ер нь л Америкт амьдарч байгаа хүний бүртгэлийн дугаар гэж ойлгоход болно. Social security card-ыг авахад гадаад паспорт, 1-94 (гааль дээр бөглөсөн цагаан хуудас), урилга, албан газрын буюу сургуулийн ажил хийж болно гэсэн тодорхойлолт зэргийг бүрдүүлээд Social security office-т очих хэрэгтэй. Ойролцоогоор хоёроос дөрвөн долоо хоногийн дараа таны Social security card шуудангаар ирнэ. Картан дээрх есөн оронтой тоо тухайн хүний Social security number гэж нэрлэгддэг. Ажилд орох, энгийн болон жолооны үнэмлэх авах зэрэгт дээрх есөн тоо заавал хэрэг болно. Америкт ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон ямар нэгэн байдлаар орлого олж байгаа хүн болгон улсад татвар тэ лэх хуультай. Татвар төлөгч бүр татварын карт буюу ТАХ ID авсан байх хэрэгтэй аж. ТАХ ID-ийг зөвхөн татвар төлөх үед л ашигладаг. Гэхдээ сүүлийн үед зарим нэг мужид визний хугацаа нь дуусаагүй гадаадын иргэд Social security card-гүй бол татвар төлөгчийн карт, паспорттойгоо үзүүлэхэд энгийн болон жолооны үнэмлэх авахыг зөвшөөрч байгаа юм. ID буюу иргэний үнэмлэх авсан байхад хаана ч явсан таны биеийн байцаалт болдог. ID авсан тохиолдолд гадаад паспортоо биедээ авч явах шаардлагагүй. ID-ийг авахад Social security card, гадаад паспорт, хураамж буюу 4-10 ам.доллар байхад хангалттай.
Америкт жолооны үнэмлэх авахад ID авахтай бараг л адил. Онцлог нь мэдээж жолоо барих эрхийн үнэмлэх авах юм. Бүрдүүлсэн материалаа өгений дараа дүрмийн шалгалт өгнө. Дүрэм нь манай улсынхтай бараг адилхан ч шалгалт өгөхөөсөө өмнө дүрмийн номыг нь уншчихсан байвал зүгээр болов уу. Дүрмийн номыг таны амьдарч буй газрын Secretary of State-ийн оффис дээр үнэгүй тараадаг юм. Америкийн жолооны дүрэм нь муж мужийн онцлогоос шалтгаалан гурван төрөл байдаг. Үүнд дан зурган, англи хэл дээр, гадаадын ямар нэгэн хэл дээрх дүрэм ордог бөгөөд энэ нь ихэвчлэн испани, польш хэл байдаг. Дүрмийн шалгалтаа өгений дараа хараагаа шалгуулна, хэрвээ та харааны шил зүүдэг бол тэрийгээ авч очих хэрэгтэй. Ингээд эцэст нь жолооны шалгалт өгнө. Хэний ч машинаар шалгалт өгч болох ба гол нь тэр машин чинь даатгалтай байх ёстой. Хэрвээ тэнцвэл зургаа авахуулаад тэр дороо л үнэмлэхээ авч болно. Харин тэнцээгүй үед та шалгалтаа дахин өгөх эрхтэй. Өдөрт амжвал хэдэн ч удаа өгч болно. Ямар ч зардал байхгүй.
Үүнийг уншаад таныг бага боловч мэдээлэл авсан гэдэгт найдаж байна. Танд амжилт хүсье.
Бэлтгэсэн С.МӨНХ
(өнөөдөр 2005-04-11 085)