Эрдэнэт-ийг дүгнээд Монголросцветмет-ийг хойшлуулав
Монголросцветмет нэгдэл болон Эрдэнэт үйлдвэрийн Хамтарсан зөвлөл болон Хянан шалгах зөвлөлийн гишүүдийн бүрэн эрхийг баталж хоёр үйлдвэрийн удирдлага ба үйлдвэрлэл, санхүүгиин үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
МОНГОЛРОСЦВЕТМЕТ-ИЙН ОРЛОГЧ ЗАХИРЛУУДЫГ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ТОМИЛОВ
Эхний өдрийн хуралдаанаар Монголросцветмет нэгдлийн 2003-2004 оны техник, эдийн засгийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сонссон байна. Уг гүйцэтгэлд өгөх үнэлэлтийг удахгүй тус нэгдэл дээр эхлэх Хянан шалгах зөвлөлийн шалгалтын дараа хэлэлцэхээр тогтсон байна. Мөн тус нэгдлийн энэ онд хийх бизнес төлөвлөгөөг сонсоод энэ талын зарим зүйлийг тодруулсны эцэст дараагаар нь хэлэлцэн батлахаар болсон байна. Нэгдлийн гүйцэтгэх захирал болон орлогч захирлуудыг цаашид хэрхэх талаар энэ талын холбогдох мэдээллүүдийг солилцооны дараа ажлын шугамаар томилохоор тогтжээ. Тэр хүртэл Н.А.Кислыцин, В.А.Тюрин болон П.Энхбаяр нарын орлогч захирлуудыг үүрэг гүйцэтгэгчээр томилов. Түүнчлэн Зөвлөлийн зөвшөөрөлгүй бий болгосон хоёр орлогч захирлын орон тоог цомхотгохыг тус нэгдлийн удирдлагад үүрэг болгов. Оросын тал Х.Бадамсүрэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай Монголын талын мэдээллийг сонсоод энэ талын холбогдох баримтуудыг албаны сувгаар явуулахыг хүссэн байна.
НОГДОЛ АШИГ 27 САЯ АМ.ДОЛЛАРЫГ 5149-ИЙН ХАРЬЦААТАЙГААР ХУВААХААР БОЛОВ
Дараагийн өдөр хуралдсан уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн хуралдаанаар тус үйлдвэрийн 2003-2004 оны эдийн засаг, үйлдвэрлэл, санхүүгиин үзүүлэлтүүдийг хэлэлцээд үйлдвэрийн үйл ажиллагааны үр дүнг хоёр талаас сайн гэж дүгнэн дараах шийдвэрүүдийг гаргасан байна. Үүнд, нэгд, үйлдвэрийн 2003 онд хуваарилагдаагүй байсан 27 сая ам.долларын ногдол ашгийг хоёр улсын төсөвт 5149 харьцаагаар хувааж авах, хоёрт, үйлдвэрийн ерөнхий захирал Х.Наранхүү, ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ю.А.Чертков болон орлогч захирал З.Ганбаатар, Д.Болдбаатар, П.Эрдэнэцогт, Д.Ганбат, Ё.Баярсайхан нарыг үйлдвэрийн удирдлагаар дахин дөрвөн жилийн хугацаатайгаар томилсон талаар ТӨХ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
(өдрийн сонин 2005-04-11 088)