Эхийн сэтгэл гутрал хэвлий дэх хүүхдэд ямар нөлөөтэй вэ?
Хөл хүндтэй эмэгтэйчүүд, залуу эхчүүд депресс буюу сэтгэл гутралтай байх нь тун элбэг, 20 орчим хувьтай байдаг байна.
Сэтгэл гутралтай эхээс мэндэлсэн хүүхэд нэг ой хүртлээ жин багатай байдаг. Мөн эхийн гутрал хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд, хөгжилд сөргөөр нөлөөлдөг.
Судалгаанд 160 сэтгэл гутралтай эмэгтэйн хүүхдүүдийг сэтгэцийн хувьд эрүүл 500 гаран эмэгтэйн хүүхдүүдтэй харьцуулан судалжээ. Эдгээр эмэгтэйчүүд бие махбодийн хувьд бүгд эрүүл бөгөөд тэднийг жирэмсний сүүлийн 3 сараас судалж эхэлсэн байна.
Сэтгэл гутралтай эмэгтэйчүүд амьдралын баяр баясгалангүй, амьдрах сонирхолгүй, үргэлж гунигтай юм уу ядрангуй байв. Тэдний нойр хоолны дэглэм алдагдсан, өөрийгөө буруутгах, амиа хорлох бодол төрдөг байв.
Хүүхдүүдийг нэг ой хүртэл нь судлан, өндөр, жинг нь хэмжиж үзэхэд депресстэй эхчүүдийн хүүхдүүд өсөлт багатай байснаас гадна нарийн гэдэсний болон суулгалт өвчнөөр өвдөмтгий хүүхдүүд нэлээн тохиолджээ.
Энэ нь тэдгээр эхчүүд сэтгэлийн гутралаасаа болоод хүүхдэдээ хангалттай хэмжээний анхаарал халамж тавьж чадаагүйгээс үүдсэн байж болох талтай. Пакистан улс пепресстэй эхчүүдэд туслах хөтөлбөртэй ажээ.
2005.04.9, Хүмүүсийн амьдрал