Юун гуя гэсэн сайдууд Ерөнхий сайдаас уучлалт гуйжээ
-Махны хулгай гарчээ гэхээр
-Юун гуя гэгчийн үлгэрээр бачимдаж давхилдсан МАХН-ын гишүүн сайдуудаа намынхан нь донгоджээ. Авилгалтай тэмцэнэ гэхээр бидэнтэй тэмцэнэ гэсэн ойлголт төрүүлэхээр юм хийлээ гэж зэмлэсэн юм байх.
Хэнийг авилгал авсан гэв, хэзээ авсан гэдгийг зарла гэж нэр бүхий сайд хэлсэн тухай мэдээлэл нийтлэгдсний дараа хэнд юу өгсөнөө илчлэхийг хүссэн хүн ч манай сонинд хандав.
Ерөнхий сайд Авилгалтай тэмцэнэ гэж дуугарсанд олон улсын байгууллагууд таатай хандаж, дэмжихээ илэрхийлжээ. Харин авилгалтай тэмцэхийг шаардаж байсан Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ийхөн авилгалтай тэмцэхээ мэдэгдсэн Ерөнхий сайдыйг огцрохыг шаардах болов. УИХ-ын даргыг авилгал авсан гэж өөд уруугүй буруутгаж байсан тэд Н.Энхбаярын талаар дуугарахаа байсныг авилгалтай холбон тайлбарлах хүмүүс олширлоо. Эрүүл нийгэм-Иргэний хөдөлгөөн-ий эсэргүүцлийн жагсаал болохоос өмнөх өдөр тэдэнтэй МАХН-ын зургаан хүн хотоос 30 км алсад уулзсан мэдээлэл сонсогдов. Уг хөдөлгөөний удирдагчид 36 саяыг авсан гэсэн яриа байхад 100 саяыг авалцаж өгөлцсөн гэх нь ч бий. Эсэргүүцлийн жагсаалын үеэр Засгийн газар огцорлоо гэж нийтийг цочирдуулан мэдэгдсэн. Иргэний хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандан үүнийгээ Баттай эх сурвалжаас авсан гэж тайлбарласан. Тэрхүү баттай эх сурвалж нь шадар сайд Ч.Улаан гэсэн яриа ч тархав. Ж.Батзандан шадар сайдын нэг нутгийнх, аавууд нь нэг хашаанд олон жил хамт аж төрсөн улс гэх мэт ам дамжсан яриа иймэрхүү мэдээлэл түгэхэд нөлөөлсөн болов уу.
Засгийн газар огцрох нь гэсэн бор шувуу нисч, сэтгүүлчид юм олж дуулчих санаатай саарал ордноор хэсүүчлээд тусыг эс олов. Бор шувуунаас өөр бодитой мэдээлэл одоохондоо сонсогдохгүй байгаа ч Засгийн газар огцорвол хэнд ашигтай вэ гэсэн асуултад хариулт олох гээд үзье. Хэрэв засгийн газар зарим хүний цуураад байгаа шиг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө огцорвол МАХН-д харин ч ашиггүй хувилбар. Төр, засаг бужигнаад эхлэхийг олон нийт таалахгүй. Ядууралтай зарласан дайны утаа үнэртэхэд зургаан сар байтугай зургаан жил ч хангалтгүй гэдгийг олонхи нь мэдэрч байгаа. Тогтвортой төр-өөр РR хийж, олон түмнээс оноо авдаг нь хэн билээ дээ. Ардчилсан намынхан Засгийн газруудаа огцруулаад ард түмнээс ямар хариу авлаа. Гэтэл МАХН хариуцлага хувааж байхад, тэр тусмаа Засгийн газарт илүү суудалтай үед огцруулна гэдэг МАХН-ын өнөөг хүртэл сурталчилж ирсэн Тогтвортой төр гэсэн үнэт зүйлд харшилна. Тэр тусмаа МАХН-ын сайдууд бойкотолж, засгаа унагахад хүрвэл төр самууруулсан муу нэрийг хэн хүлээхийг Ах нам тооцоололгүй яав гэж. Хурал хаяж гүйгээд байгаа сайдууд ч цагаа тулахаар огцрохыг хүсэхгүй нь лав. Тамаа цайж байж олж авсан суудлынхаа төлөө дахин үзэлцэнэ гэдэг эргэж төрөхөөс ч хэцүүхэн хэрэг гэдгийг эрхбиш гадарлахтайгаа улс. Засгийн газар огцорвол хүчний харьцаа тэнцвэртэй парламентад олонхийн дэмжлэг авч дангаараа Засгийн газар байгуулна гэдэг бэрх даваа. МАХН аргалаад Засгийн газраа байгууллаа гэхэд ЗО хоног наслах ч амар биш. МАХН Засгийн газраа ар араас нь унагаж үзээгүй юмаа үзэж, үхэр цам харайхын үлгэрийг давтахгүй нь лав. Хэрэв иймдээ тулбал УИХ тарж дахин сонгууль зарлагдах вий. Дахин сонгуулиар ард түмэн төрөө самарсан хариуцлага тооцохоо мартжээ гэхэд 10 мянга, 100 мянга, 500 мянган төгрөг амлаад, ард түмнээ хуурсныг нь харин санах вий. Дарвөн жилийн дараа мартчихаж магадгүй. Харин зургаан сарын дараа мартана гэж найдвал түмэн олныг хэтэрхий доромжилсон хэрэг болно. Эвлэрч нэгдээд ажиллана гэдэг хамгийн боломжийн хувилбар болох вий. Эвслийн, зөвшлийн Засгийн газар өнөөг хүртэл эрсдлийг хамтран туулж, бэрхшээлийг давсаар ирсэн. Дараагийн шалгалт сорилтуудад ямар дүн авахыг нь цаг хугацаа харуулах буй заа.
Б.Янжмаа
2005.04.9,Өдрийн сонин