Буддын шашин хэзээ, хэрхэн үүссэн бэ?
Харин манай эриний III зууны үеэс тухайн үед Энэтхэг орноо оршин тогтнож байсан Маурын эзэнт улсын оюун санааны нэгтгэгч хүчин зүйл болгон Буддын сургаалыг төрийн шашны хэмжээнд авч үзэх болсноор бие даасан шашин болсон түүхтэй аж. Улмаар соёл урлаг, шинжлэх ухааны ололтууд, үзэл санааны чиглэлүүдийнх нь хамтаар Буддизм хэмээх нэрийн дор нэгтгэн илэрхийлэх болсон юм. Yүний тод баримт бол буддизмын нэвтэрхий толь бичиг болсон Ганжуур буюу Бурханы зарлигийн (сургаал) 108 боть, Данжуур буюу Зарлигийн тайлбарын 225 ботид Бурхан багшийн сургаал номлол, намтар түүхээс гадна гүн ухаан, учир шалтгааны ухаан, хэл шинжлэл, тэжээхүй ухаан, уран зохиолын онол, яруу өгүүлэхүй, одон орон, зурхайн ухаан зэрэг мэдлэгийн төрөл бүрийн салбараар эртний энэтхэгийн эрдэмтдийн туурвисан зохиол бүтээл багтсан байдаг.
Буддын шашны оюун санааны эх үндэс нь түүний гүн ухааны сургаал байдаг бөгөөд энэ нь түүнийг онолын үндэслэлтэй болгосон байна. Буддизм нь философийн хувьд Вайбхашика буюу тайлбартан, Саутрантика буюу судартан, Мадхьямака буюу төв үзэлтэн, Йогочара буюу сэтгэл төдийтөн гэсэн үндсэн дөрвөн чиглэлд хуваагдана. Эдгээрээс эхний хоёр нь Буддын сургаалын эхэн үе буюу өмнө зүгт (Цейлон, Камбож, Вьетнам, Малайз, Лаос, Тайланд гэх мэт) голлон түгсэн Хинаяна буюу Бага хөлгөний ёс, сүүлийн хоёр нь умар зүгт (Төвд, Хятад, Япон, Солонгос гэх мэт.) түгэн дэлгэрсэн Их хөлгөний ёс буюу Махаяна гэнэ. Мөн Их хөлгөн дотроо Важраяна буюу Очирт хөлгөний ёс байх бөгөөд энэ нь Төвд, Монголд дэлгэрсэн байна.
Буддын судлаачид өгүүлэхдээ, Буддизм анх ёс суртахууны сургаал байсныг Вайбхашика, Саунтрантикийн үед гүн ухааны сургаал болгон нарийвчлан хөгжүүлсэн бөгөөд, улмаар түүний философи сэтгэлгээний арга зүй, ахуйн сургаалын чиглэлээр Мадхьямака голчлон хөгжүүлж, ухамсарын талыг нь боловсруулснаар Йогочара философи бий болсон гэдэг. Бурханы шашинд эдгээр философийн урсгал чиглэлүүдийг тус тусад нь салган авч үзэхийг ихэд цээрлэдэг бөгөөд эдгээр нь Бурханы сургаалд суралцах шат дараалсан мэдлэг ухаан юм гэж үздэг.
/Номын хүрдэн клубтэй хамтрав/
/Olloo.mn/