С.Зоригийн хэрэгт гадаадын шинжээчид ажиллана.
Уг ассамблейд 145 орны 1500 гаруй төлөөлөгч оролцсоны дотор 45 орны спикер хүрэлцэн ирсэн байна. Н.Энхболд гишүүний онцолсноор, энэ удаагийн хурлаар Азийн парламент байгуулах үндэс тавигдсан аж. Тэд хэвлэлийнхний асуултад хариуллаа.
-ОУПХ манай улсад ямар ач холбогдолтой байгууллага вэ?
-Олон улсын хэмжээнд байр суурь эзлэх, улс орноо дэлхий нийтийн үнэт зүйлсийн хүрээнд хөгжүулэхэд ОУПХ-ны нөлөө их. Түүнчлэн ОУПХ-ны гишүүн оронд ямар нэг хямрал тохиоход зээл, тусламж үзүүлэх жишээтэй.
-УИХ ОУПХ-д татварын өртэй гэсэн яриа байдаг. Хэдий хэмжээний татвар төлдөг вэ?
-ОУПХ тухайн орны эдийн засгийн чадавхиас шалтгаалан татвар ногдуулдаг. Монгол Улс хамгийн бага буюу жилд 22 мянган швейцарь франкийн татвар төлж байна. УИХ эл татварыг хугацаанд нь барагдуулсаар ирсэн.
-ОУПХ С.Зориг агсны хэргийн талаар ямар байр суурьтай байгаа вэ?
-ОУПХ-ны Хүний эрхийн хороо С.Зориг агсны хэрэгт гадаадын шинжээчдийг ажиллуулах санал тавьж байгаа. Бид үүнийг хүлээн авсан. Одоогоор аль улсын шинжээчдийг хэдийд хүлээн авах талаар тодорхой шийдэлд хүрээгүй байна. ОУПХ уг хэргийн дотор нь орох бус, хөндлөнгөөс хяналт тавьж ажиллахыг УИХ-д зөвлөсөн.
-Л.Гүндалай гишүүнийг баривчилсан хэргийн тухайд?
Л.Гүндалай -Миний эрх зөрчигдсөнийг Хүний эрхийн хороо нотолсон. УИХ-ын сонгуулийн үр дүнд зөвшилцлийн Засгийн газар байгуулагдсан учраас дахин намайг хэлмэгдэхгүй байх хэмээн үзэж миний хэргийг хяналтаасаа хассан юм билээ.
Б.ЭНХЦЭЦЭГ
(өнөөдөр 2005-04-12 086)