Н.Энхболд ОХУ, зуучлагч компанийн хооронд асуудал яаж шийдэгдсэн нь бидэнд хамаагүй
Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Д.Одбаяр үүнийг ажлын хэсэгт орсон гурван гишүүн Ерөнхийлөгчид нэр дэвшсэнтэй холбон тайлбарласан.
Энэ талаар ажлын хэсэгт ажиллаж буй УИХ- ын гишүүн Н.Энхболдоос тодрууллаа.
-Ажлын хэсэгт орсон гишүүдийг өөрчилсөн гэж сонслоо. Яагаад ингэх болов?
-Ажлын хэсгийн гишүүдээс өөрчлөгдсөн гам байхгүй. Харин ганц нэгэн хүн нэмэгдсэн байх. УИХ-д суудалтай нам эвслийн 15 төлөөлөгч ажлын хэсэгт орж ажиллаж байгаа.
-Шалгалтын явц ямар байна?
-Ажлын хэcгийнхэн Сангиин яамнаас их өр үүссэн түүх, ОХУ-гаас өр төл хэмээн нэхсэн удаа дараагийн баримт материал, манай талаас тавьсан санал, хоёр талын тухайн үеийн Засгийн газар, төрийн өндөр албан тушаалтнуудын уулзалтын протокол, Засгийн газар, УИХ, Үндэсний аюулгүй байдлаар хэлэлцсэн материал, төлбөр хийж гүйцэтгэсэн арга, хичнээн төгрөг хаанаас шилжсэн тэр нь хаана очсон, ОХУ-ын холбогдох албаны хүмүүсээс албан ёсоор хүлээн зөвшөөрсөн материал зэргийг судалж үзэж байгаа.
-Яагаад товлосон хугацаандаа амжиж шалгалтын дүн гарсангүй вэ?
-Ажлын хэсгийн хурал олон удаа зарлагдсан. Арай гэж ирц бүрдэж нэг хуралдсан. Ажлын хэсгийн гишүүдэд зориулж өнгөрсөн долоо хоногийн эхээр ажлын хэсгийн ахлагч холбогдох материалуудыг өрөөндөө тавьсан байгаа. Сонирхсон ажлын хэсгийн гишүүд тусгайлан судалж болно. Манай талаас зуучлагч компанид 250 сая доллар өгсөн гэсэн. Тэрнээс хойш өрийн асуудал яасан, өөрөөр хэлбэл, ОХУ-ын тал зуучлагч компанийн хооронд асуудал яаж шийдэгдсэн нь бидэнд хамаагүй шүү дээ. Хамгийн гол нь өргүй болсон нь л чухал. Тайлагнах хугацааны хувьд ажлын хэсэгт ажиллаж буй зарим нэгэн хүн энэ асуудлыг шалгаж буй нэртэй явж л байг гэсэн хүн ч байж магадгүй юм шиг байна лээ.
Д.ДАЛАЙ
Ж.НАРАНЦАЦРАЛТ Ажлын хэсгийнхэн ОХУ-д очиж шалгах хэрэгтэй
Ажлын хэсэгт ажиллаж буй Ж.Наранцацралтаас шалгалтын явцын талаар байр суурийг нь сонирхлоо.
-ОХУ-д их өрийг төлж барагдуулсан тухай асуудлыг шалгах ажлын тайлан яагаад хугацаанаасаа хоцорсон бэ?
-Би ажлын хэсгийн гишүүний хувьд хоёр асуудал тавиад байгаа. Нэгдүгээрт, газар дээр нь очиж шалгах хэрэгтэй.
Зуучилсан байгууллага болон өр дарсан санхүүгийн материалтай газар дээр нь л танилцах ёстой. Ажлын хэсгийн гишүүдэд томилолт өгөн ОХУ руу явуулж шалгуулах зуучлагч компанитай уулзуулах шаардлагатай. Хоёрдугаарт, өр дарсан асуудалтай холбогдуулан гарч байгаа янз бүрийн яриануудыг нэг бүрчлэн шалгах хэрэгтэй. Тухайлбал, 200 сая доллар нь орсон. Бусад нь ороогүй гэдэг. Тэр 50 сая доллар хаашаа орсон юм. Хүлээн авсан байгууллагынх нь баримтыг шалгах хэрэгтэй.
-Их өрийн асуудал нэгэнт шийдэгдчихсэн Монгол улс ОХУ-д өргүй болсон гэж ойлгож байгаа шүү дээ. Үүнийг дахин дахин ингэж шалгах хэрэг байна уу?
-Бид өргүй болсон гээд санаа амар сууж байтал ОХУ гэнэт өрийн асуудал сөхөж тавибал манай УИХ мэдэхгүй байж болохгүй шүү дээ. Тухайлбал, албан есоор ОХУ-ын Ерөнхийлөгч юмуу, УИХ нь хоёр улсын хооронд өргүй болсон гэсэн баталгаа гаргасан байх хэрэгтэй байна.
-Манай талд тэр тодорхой баримт материалууд нь байгаа юм биш үү?
-Энд байгаа материалаас юу ч олж чадахгүй байна. Бодитой дүгнэлт хийж болохгүй байна гэсэн
Д.МӨНГӨНДАЛАЙ
(өдрийн сонин 2005-04-12 089)