Альч бүлэг нь хуралдсангүй
Ер нь эл өдөр ихэнх гишүүн саарал ордноор үзэгдсэнгүй өнгөрөв.
Мөн өнгөрсөн долоо хоногт хуралдаж чадалгүй хойшилсон Засгийн газрын хуралдаан энэ өдөр болж магадгүй гэж байсан. Гэвч эл өдөр бас л хойшлогдож хуваарьт өдрөө буюу лхагва гаригт хэлэлцэх асуудлуудаа нэгтгэж хуралдахаар болжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн долоо хоногт тасарсан хуралдаанаар хэлэлцэх асуудлаа энэ долоо хоногийн асуудалтаи хамтруулан ярилцах аж.
Өнөөдөр УИХ-ын таван байнгын хороо хуралдах юм байна. Эдийн засгийн, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хөгжлийн байнгын хороо өглөө 9.30 цагаас хуралдаж, Мянганы хөгжлийн зорилтыг дэмжин сайшаах тухай болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх аж. Мөн асуудлаар Байгаль орчны болон Төсвийн байнгын хороод дараа нь хуралдана. Түүнчлэн Нийгмийн бодлогын байнгын хороо дээрх хоёр асуудлыг хэлэлцэх бөгөөд тус байнгын хорооны гишүүд намрын чуулганы завсарлагааны хугацаанд хөдөө орон нутагт ажилласан дүнгээ танилцуулахаар хуваарьт тусгажээ. Маргааш буюу лхагва гаригт үлдсэн зургаан байнгын хороо Мянганы хөгжлийн зорилтыг дэмжин сайшаах тухай болон Монгол Улсын хууль тогтоомжийг 2008 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх аж.
Харин пүрэв баасан гаригт хуралдах чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хоёр асуудлын анхны хэлэлцүүлгийг хийх юм байна. Мөн баасан гаригт Засгийн газрын мэдээллийн цагаар аль нэгэн сайд нь мэдээлэл хийж магадгүй аж.
М.БААТАР
(өдрийн сонин 2005-04-12 089)