МУ-ын Ерөнхий сайд Ард түмэндээ хандаж үг хэллээ.
Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч болох Ерөнхийлөгчөө оюун ухаанаа чилээн сонгох Үндсэн хуулиар олгогдсон сонгогчийн эрхээ элдэх хариуцлагатай мөч Та бүхэнд ирээд байна. Иймээс миний бие сонгуультай холбоотой асуудлаар төрийн бүх шатны албан хаагчдад хандан үүрэг өгч, албан даалгавар гаргалаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион явуулах ажилд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, тэдгээрийн удирдлага бүх талын дэмжлэг үзүүлж ажиллах ёстой.
Нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагууд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу сонгуулийг зохион байгуулах хэсгийн хороодыг байгуулах, тэдгээрийн хэвийн ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэн ажилд нь оруулах, сонгогчдын нэрсийн жагсаалтыг гаргаж өгөх, нэр дэвшигчдийн сонгогчидтойгоо уулзах боломжийг бүрдүүлж өгөх зэргээр сонгуулийн ажилд дэмжлэг, туслалцаа үзүүлж ажиллах хэрэгтэй.
Сонгуульд нэр дэвшигчид олныг хамарсан уулзалт, бусад арга хэмжээ зохион явуулах үеэр нийгмийн хэв журмыг зөрчих, гэмт хэрэг, хэв журмын зөрчил гарахаас урьдчилан сэргийлж ажиллах нь зүйтэй.
Сонгуулийн цаг хугацаа нь мал төллүүлэх, хаврын тариалалтад бэлтгэх зэрэг цаг үеийн чухал ажлуудтай давхцаж байгаа тул орон нутгийн бүх шатны удирдлага, ажилтнууд тухайн нутаг дэвсгэртээ тогтвортой, хариуцлагатай ажиллахыг онцлон анхааруулж байна. Мөн хаврын улиралд болдог салхи шуурганаас иргэд, малчид, мал сүргээ хамгаалах ажлыг сайтар зохион байгуулбал зохино. Сонгуулийн тухай хууль тогтоомжид зааснаар нэр дэвшигчид нь сонгуультай холбоотой бүхий л зардлаа өөрсдөө хариуцдаг тул төсвөөс зориулалтын бусаар зардал гаргахгүй байхыг төрийн болон төсвийн байгууллагын эрх баригчдад зориуд анхааруулж байна.
Төрийн албаны хуулийн дагуу төрийн захиргааны бүх шатны албан хаагчид сонгуулийн ухуулга сурталчилгаанд оролцохгүй байж, хууль тогтоомж, төрийн албаны ёс зүйг чанд сахин ажиллахыг сануулъя. Иргэд та бүхнээс төрийн хууль тогтоомжийг биелүүлэн, төрийн ажиллагаа, хуулийн биелэлтэд хяналт тавьж, төрийн сонгуульдаа урьдын адил хариуцлагатай оролцохыг хүсье.
Монгол улсын Засгийн газрын хувьд энэ сонгуулийн хугацаанд ч цаашид ч улс орон, ард түмнийхээ өмнө хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж эрчимтэй идэвхтэй ажиллах болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн хүрээнд үнэн зөв, шударга явагдаж Монголын төрт ёсны уламжлал, ардчилалын түүхийг шинэ хуудсаар баяжуулна гэдэгт найдаж байна.
Таны сонголт мэргэн байх болтугай.
2005 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр