Н.Гүндалай гишүүн ОУПХ-нд мэдээллээ дахин хүргүүлнэ.
Парламентын бүлгийн гүйцэтгэх хорооны удирдлагын хувьд гишүүн К.Сайраан, Н.Энхболд нар Монголын төлөөлөгчдийг ахалж энэ сарын 3-8-ны өдөр Манила хотноо хуралдсан ассамблейд оролцсон аж. Уг хуралд 145 орны 1200-гаад төлөөлөгч оролцсоны дотор 45 улсын парламентын тэргүүн ирсэн гэнэ. Хэлэлцсэн гол асуудал нь олон улсын энхтайван, аюулгүй байдал юм байна. Харин гишүүн Д.Туяа олон улсын эмэгтэй парламентчдын зохицуулах хорооны гишүүнээр сонгогджээ. ОУПХ-ны Хүний эрхийн хорооны хар дансанд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг болон гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг зөрчсөн тухай ардаа Монголын парламент гэсэн тодотголтой бичигдсэн зүйл бий. Харин ОУПХ Л.Гүндалайн эрх зөрчигдсөн гэсэн гомдлыг бүртгэлээс хассанаа албан ёсоор мэдэгдсэн юм байна. ОУПХ-ны энэ удаагийн ассамблейгаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн шалгалтын талаар манайхнаас мэдээлэл авсан гэнэ.
Хэргийн шалгалтын явцад туслах зорилгоор гадны эксперт илгээх боломжтой хэмээн өмнө нь тавьж байсан санал хүчинтэй байгаагаа ч илэрхийлсэн байна. Харин манай талаас уг хэрэг гараад цаг хугацааны хувьд нэлээд удсан тул ямар чиглэлийн эксперт хүсэх талаар албан ёсоор мэдэгдэж чадалгүй өдий хүржээ. Үүнээс гадна УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд хэргийн шалгалтын явцад хяналт тавихыг ОУПХ санал болгосон байна. Тус хорооны даргын хувьд гишүүн Н.Энхболд мөрдөн байцаах үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох ёсгүй гэсэн байр сууриа ч илэрхийлжээ.
Хуралд оролцсон гишүүд сэтгүүлчдэд ийм мэдээлэл хийх үеэр гишүүн Л.Гүндалай ирж өөртөө холбоотой хэргийн талаар тайлбар хийсэн. ОУПХ-ны зүгээс түүний гомдлыг хүлээн авч хууль хяналтын байгууллагын шалгалтын явц ямар байгааг сонирхсон удаатай аж. Гишүүн өөрөө энэ талаар мэдээлэл хүргүүлэх гэсэн боловч цагдаа, прокурор, шүүхийнхэн таны хэрэг манайд байхгүй гэцгээн хаана ямар шатандаа яваа нь ч мэдэгдэхгүй таг болжээ. Л.Гүндалай гишүүн ч үүнийг ОУПХ-нд тайлагнахад танайд сонгууль болж улс төрийн хүчнүүдийн тэнцвэртэй төр тогтсон учраас хэрэг тань сураггүй болсон биз хэмээн тайвшруулж Хүний эрхийн хорооны бүртгэлээсээ хасахаа мэдээлжээ.
Гэтэл ОУПХ-ны 112 дугаар ассамблейн хурлаас өмнөхөн гишүүн рүү прокуророос утас цохиж таны хэргийг шүүхэд шилжүүлсэн гэсэн аж. Л.Гүндалай гишүүн энэ тухай мэдээллийг ОУПХ-нд хүргүүлэх бодолтой байгаа гэнэ.
Н.Баатар
2005.04.12,Ардын эрх