Нэр дэвшигчдийн уралдааныг замын эхнээс ажихад
Сонгуулийн сурталчилгаа эхлээд долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Гэлээ ч нийгэм нэлэнхүйдээ сонгуулиар амьсгалсан хандлага одоогоор ажиглагдахгүй юм. Нэр дэвшигчид дор бүрнээ сурталчилгаагаа ямар ч байсан эхлүүлээд амжиж. Аядуу намуухан сурталчилгааны өнгө аяс Засгийн газрын орших, эс оршихын чимээнд дарагдсан ч байж болох.
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр сонгуулийн сурталчилгаагаа тун даруухан эхэллээ. Тусгайлсан хөтөлбөрөөр шоудсангүй, намынхаа дэргэдэх залуучуудын байгууллагын ойн арга хэмжээнд хүрэлцэн очиж, үг хэлснээр үндсэндээ кампанит ажлынхаа хөшгийг нээсэн байна. Ингэхийн өмнө жанжин Сүхийн гэрийн буурийг эргэж, Мэгжиджанрайсигт мөргөн, хэд хэдэн залууст МАХН-ын батлахыг гардуулж амжжээ. Түүнийг ганц улс төрийн хүрээлэл ч бус өөр салбарынхан ч дэмжиж байгаагаа хэдийн илэрхийлсэн. Мөрийн хөтөлбөр, иргэдийн уулзалт халз мэтгэлцээн, хэвлэлийн ярилцлага зэрэг сонгуулийн сурталчилгааны байдаг л хэдэн хэлбэрээс өөрөөр Н.Энхбаярыг дэмжих хөдөлгөөн, эдийн засагч С.Ганбаатарын улсаа тойрсон лекц зэргээр кампанит ажлаа өрнүүлж байна. МАХН-аас нэр дэвшигч хөдөө орон нутаг дахь сурталчилгаагаа Архангай аймгаас эхлэх бололтой. Түүний уг гаралтай энэ аймаг ямар нэг байдлаар холбоотой тул ийм сонголт хийсэн хэрэг биз. Шударга ёсыг нийгэмд тогтоох, хүнд суртал, чирэгдлийг арилгах, авилга, хээл хахууль үржих орон зайг хязгаарлаж устгах, улс орны эдийн засгийн тогворжилт, өсөлтийг бататгаж, ядуурал, ажилгүйдлийг бууруулахад бодлогоо чиглүүлнэ гэдгээ илэрхийлж байгаа юм байна. Н.Энхбаярын сонгуулийн штабынхан хэт бялууруулсан сурталчилгаагаар сонгогчдыг залхаахгүй байх тактик баримталж буй.
Ардчилсан намаас нэр дэвшиж буй М.Энхсайхан ээж, аавын нутаг наран ургах зүгээс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж байгаа юм байна. Зүүн зүгийнх гэдгээ өмнө нь тэр бүр илэрхийлээд байдаггүй, нутаг жалгын үзлээс ангид М.Энхсайханыг Алсад цэнхэрлээд харагдах нь аавын минь нутаг аа хөө гээд очиход шороо цацаад угтахгүй нь лавтай. Буриад зоны сэтгэлийг наашлуулаад ирэх юм бол ардчилсан намын нэр дэвшигч тэндээс нэлээд хэдэн хувийн саналыг зулгааж чадна. Сайн хүндээ дэндүү сайн буриадууд шулуун шударга зантай. Тийм л хүнийг хайрладаг юм. М.Энхсайхан ийнхүү зүүн зүгээр аялахдаа Хэнтий аймгийг алгасч буй нь цаанаа учиртай гэж ажиглагчид дүгнэж байна. Юу гэхээр Хэнтий бол МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын ээжийн нутаг. Тэнд Бүдханд гуай гайгүй ч нэр нөлөөтэй, тэр хэрээрээ нутгийн олон УИХ-ын даргад талтай ханддаг юм билээ. Хангалттай бэлтгэлтэй болж, хүчээ нөөж байгаад Хэнтийд очно хэмээн М.Энхсайханы баг тооцоолж буй ажээ.
Сонирхолтой нэг зүйлийг хэлэхэд, тэрээр охиноо сурталчилгааныхаа багт ажиллуулах юм байна. Охин нь аавынхаа сонгуулийн сурталчилгаанд болон улс төрчийнх нь рейтингэд шууд ба шууд бус хаамааралтай америк хэв маягийн монгол хувилбарыг М.Энхсайхан үзүүлэхээр шийджээ.
Эх орон намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Б.Эрдэнэбат сонгуулийн ажлаа хараахан эхлээгүй байгаа гэнэ. Тус намын Улс төрийн зөвлөлийн зарим гишүүн нэр дэвшигчдэдээ 100-300 сая төгрөг олж өгөх үүрэг даалгавар авсан гэх. Эх орон намынхан дотоод дахь ажилдаа шаламгайлж байгаа бөгөөд уриа, тактикаа ч гүйцэд боловсруулж амжаагүй аж.
Бусад нэр дэвшигчдээсээ хамгийн түрүүнд Ерөнхийлөгчид бараалхан адис аваад гарсан БНН-ын дарга Б.Жаргалсайханы Өмнөговь аймагт очоод иржээ. Тэрээр тун шаргуу ажиллаж байна. Урд нутгаар асуудал үүсгээд байгаа Оюу толгой, Таван толгой-н орд газруудын ажил байдалтай танилцсан нь түүний хувьд хамгийн эхний зорилт байсан бололтой. Хөдөө орон нутагт очсон хэрнээ сонгогчидтой уулзаагүй нь харин ямар учиртай юм бол. Сүүлийн үед маргааны гол сэдэв болж буй ашигт малтмалын орд газрыг сонирхохоос илүү иргэд сонгогчидтой биечлэн уулзаж, мөрийн хөтөлбөр зорилтуудаа танилцуулах нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн хувьд уг нь юун түрүүний зорилго баймаар юм. Үүгээрээ БНН-ын нэр дэвшигч энэ удаагийн сонгуульд Н.Энхбаяртай нэг блок болон оролцож, түүний эрх ашгийн төлөө ажиллах талаар тохиролцоо хийснээ илэрхийлж байна хэмээн ажиглагчид дүгнэж байх юм.
Иймэрхүү байдлаар нэр дэвшигчид уралдааны замд гүйж байна. Н.Энхбаяр сурталчилгааны шинэлэг хэлбэрийг сонгож байхад М.Энхсайхан авилгачидтай тэмцэх ширүүн дүрээ ил гаргав. Б.Жаргалсайханы бусдад найр тавьсан гэмээр сул өрсөлдөөн, Б.Эрдэнэбатын өнөөг хүртэл хангагдаагүй бэлтгэл ч сурталчилгааны өдрүүдийн сонин содон дүр зураг яах аргагүй мөн. Гэхдээ л энэ удаагийн сонгууль Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын дунд голчлон өрнөх өрсөлдөөн болох нь харагдаж байна.
Т.Тунамал
2005.04.12 Ардын эрх