МАХН сонгууль дахихаас болгоомжлов.
Эх орон намын Б.Эрдэнэбатыг замын дундаас буцаж магадгүй гэсэн мессэжийн талаар Эх орон намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Чулуунбаатараас тодруулахад Манайх нэр дэвшигчээ татах тухай албан ёсоор яриагүй. Наадах чинь бусад нэр дэвшигчийн зүгээс нисгэсэн бор шувуу биз гэж хариулсан. Б.Жаргалсайханы хувьд сонгуулийн шоугаа хамгийн түрүүн эхэлсэн. Тэр эрчээрээ дуусна гэдгээ эрт мэдэгдээд байгаа. Эдний энэ байр сууриас үзвэл сонгууль хоёр шаттай үргэлжлэх нь тодорхой байх. Нэрээ хэлэхийг хүсээгүй МАХН-ын хоёр ч албан тушаалтан сонгууль хоёр дахь шатанд шилжвэл манай нэр дэвшигчид халтай гэж хэлэв. Ийм яриа хэлэлцээ буюу улс төрийн наймаа хийгдэж магадгүй гэдгийг эх сурвалжууд үгүйсгэхгүй байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар, нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө буюу тавдугаар сарын 1-нээс өмнө СЕХ-нд мэдэгдэх ёстой. Тэгэхээр нэр дэвшигчдийн хэн нь хэнтэйгээ ямар тохироо хийх нь цаг хугацааны асуудал болон үлдэж байх шиг. Ажиллагчдын үзэж байгаагаар Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорнод, Завхан, Архангай аймагт М.Энхсайхан, үлдэх аймгуудад Н.Энхбаярын нэр хүнд илүү байгаа бололтой. Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нарын рейтинг энэ аймгуудад хэт өндөр бус ч бас чамлахааргүй байгаа юм.
Г.Энх
2005.04.13, Өнөөдөр