Төрийн машин ажиллаж эхэллээ.
УИХ-ын хаврын чуулган эхэлснээс хойш Байнгын хорооны хурал гэдэг мартагдах дөхсөнийг хэлэх үү. Засгийн газар нь хуралдах нь бүү хэл МАХН-ын гишүүддээ бойкотлуулж, сүүлдээ огцорч гэнэ гэх цуурхалд өртсөнийг хэлэх үү. Үнэндээ Төрийн машин өнгөрөгч долоо хоногт зогсонги байсан. Зогсонги байсны гол эвдрэл-ийг аль ч өнцгөөс харж болох. Жолоочийн буруу юу, энд тэндээс эвлүүлж босгосон машиных нь уу гэдэг ч эцэстээ эзэн нь олддоггүй л маргаан. Ямартай ч өчигдрөөс замдаа гарлаа. Одоо хэзээ, хэрхэн , юунаас болж зогсохыг хэн ч хэлж мэдэхгүй.
Учир нь Засгийн газрын хувь заяа өнөөдөр дээсэн дөрөөн дээр дэнжигнэх болжээ. Яаж ийгээд хэл амгүйхэн Ерөнхийлөгчийн сонгуулийг өнгөрөөх хэрэгтэй гэдэг нь өнөөх дээсэн дөрөө нь. Бие биедээ бойкотлуулсан эрх мэдлийн төлөөх аалзны шүлсэнд орооцолдоод л… .Тэрхүү аалзны шүлс нь Төрийн машиныг дуртай цагтаа зогсоож, хөдөлгөж байдаг болоо юу даа.
Өнөөдөр Засгийн газар хуралдана. Яг цагтаа, бүрэн бүрэлдэхүүнээрээ. Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболдын мэдээллийг чих тавин сонсоно. Өөр бусад хэлэлцэх учиртай, тулгамдсан 30-аад асуудлууд бий гэсэн.
Харин энэ дотор ТЕГ-ын дарга Б.Билэгтийн асуудал ороогүй нь сонин. Огцрох магадлалтай хоёр эрхмийн нэгийг нь ч болов шалгалтад оруулж, Засгийн газар ажлаа хийж буйгаа, эвтэй найртайгаа харуулна. Гэтэл эв эвдрэлцүүлж, талцуулж мэдэх хэргийн эзэд нь энэ хоёр.
Төрийн машины дараагийн зогсоол энэ хоёроос ч болж мэднэ. Учир нь ханцуйндаа наймаалцсан завшилцлийн тар танигдаж эхэлснийх гэнэ.
Ажил хэрэгч сайд нар, хурлаа тасалдаггүй УИХ-ын гишүүдээр өнгөлөн далдалсан төрийн машин жинхэнэ утгаараа ажиллаж байгаа юу бүр зогсчихсон юм болов уу.
И.Аанда
2005.04.13, Өнөөдөр