Эмээр унтуулаад дээрэмддэг эмэгтэйг саатуулав
Өнгөрсөн жил нийслэлийн БГД-ийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд Г.Мөнхцэцэг гэдэг эмэгтэйг илрүүлэн шалгаж, шүүхээс есөн жилийн хорих ял оноосон билээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн эрүүгийн тасгийн ажилтнууд седуксин хэмээх нойрны эмийг өгч иргэдийн гар утас, мөнгө зэрэг эд зүйлийг авч оддог Гомбын Мөнхцэцэг гэдэг 28 настай эмэгтэйг өчигдөр саатууллаа.
Цагдаагийнхан түүнийг 2001 оноос эрэн сурвалжилж байсан аж. Тэрбээр 2001 оноос өмнө биеэ үнэлж, бусдыг залилж байсан гэнэ. 2003 оноос Энхзул гэдэг эмэгтэйн хамт Ред рок , Наса, Бриж зэрэг томоохон баар цэнгээний газруудад эрчүүдтэй танилцан, зочид буудал эсвэл хохирогчдын гэрт нь очиж дээрх аргаар унтуулж эд юмсыг нь авч сураггүй болдог байжээ.
2003 оны арваннэгдүгээр сард БНСУ-ын иргэн Конг Сог Гүтэй танилцан гэрт нь очиж мөнөөх аргаараа дээрэмджээ. Түүний гарын дардсыг авч хадгалсан байсан нь хэрэгтнийг илрүүлэхэд дөхөмтэй байсан аж. Тэрбээр амьдаа Гомбожавын Мөнхцэцэгийн хамт нэг хэсэг явж байснаа түүнийг баригдсаны дараа ганцаараа куба, орос, солонгос болон хоёр монгол залууг сэгсэрсэн гэнэ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд энэ эмэгтэйд дээрх байдлаар эд зүйлээ алдсан хохирогчдыг эрж байгаа юм. Тухайлбал, хохирогчдын дунд 2003 оны зун Ш хорооллын нэгэн бааранд Г.Мөнхцэцэгтэй танилцаад, Модны-2-ын орчимд байдаг нэгэн зочид буудалд, Самсунг маркийн гар утас, мөнгөө алдсан хоёр залуу байгаа гэнэ.
Г.Мөнхцэцэг нь одоогоор оршин суух тодорхой хаяггүй Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт найз нөхөд, садан төрлийнхөөрөө амьдардаг ажээ.
Г.Равжаа
2005.04.13Өнөөдөр