Татварын багц хуульд өөрчлөлт оруулах талаар сайд нар зөвлөлдөв.
Хамтарсан Засгийн газрын зүгээс татварын хууль, эрх зүйн орчныг шинээр бүрдүүлэхэд анхаарлаа чиглүүлж байгаа бөгөөд үүний эхний үр дүн болох уг төслийн танилцуулгад ач холбогдол өгч, сайд нар санал бодлоо солилцон, бодлогын шинжтэй зөвлөлгөөг Сангийн яаманд өгөв.
Аж ахуйн нэгж, байгууллагын албан татварыг өөрчлөх, хүн амын орлогын албан татварыг багасгах болон нэмэгдсэн өртгийн албан татварт өөрчлөлт оруулах чиглэлээр боловсруулсан боломжит хувилбаруудыг Сангийн сайд танилцуулж энэ талаар татвар төлөгчдийн хүрээнд өргөн хэлэлцүүлэг явуулах тухай ч дурдсан юм. Мөн хөрөнгө оруулагчдыг гадаад дотоодын хэмээн ялгавартай хандахыг болих тухай асуудал ч энд хөндөгдөв.
Авлига, хүнд суртлын саад бэрхшээлийг үгүй болгоё гэвэл юуны түрүүн бизнесийн болон татварын хууль, эрх зүйн орчныг сайжруулах , төрөөс тогтоосон татварыг иргэд шударга зөв төлөх явдал гэдэгт Засгийн газрын гишүүд санал нэгтэй байлаа гэж Засгийн газрын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.
2005.04.13, Өнөөдөр