М.Энхсайхан үндэсний үзэл санааг тунхаглаж, Н.Энхбаяр үндэстнийхээ эрхэмсэг оршихуйг дээдлэнэ
Манай Төрийн гурав дахь тэргүүн болохын төлөө өрсөлдөж буй тэд сонгогчдодоо ямар мөрийн хөтөалбөр дэвшүүлээд байгааг харьцуулан сонирхъё. Гаднаас харахад Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайханы хөтөлбөр товчхон, нэгээс хоёр өгүүлбэрт багтсан 10 зүйлтэй, Зорилт санаачилгууд гэсэн нэгэн багц дор төвлөрчээ. МАХН-аас нэр дзэвшигч Н.Энхбаярын хөтөлбөр дээрхтэй харьцуулахад нэлээд дэлгэрэнгүй Хөгжлийн төлөө зүтгэл, Хүний төлөө сэтгэл гэсэн уриан дор өмнөтгөл үг бүхий долоон хэсгээс бүрджээ.
М.Энхсайханы хөтөлбөр Төрийн тэргүүний эрх мэдлийн хүрээнд таарсан бол Н.Энхбаярын хөтөлбөр УИХ, Засгийн газрын хийх ажил үүргийн хуваарьтай нэлээд давхацсан шинжтэй ажиглагдаж байгаа нь түүний саяхан Ерөнхий сайд байсан, одоо УИХ-ын дарга байгаатай холбоотой, эдгээр албыг хашиж байх үедээ эхлүүлсэн бүхнээ Ерөнхийлөгчөөр сонгогдвол үргэлжлүүлэх гэсэн санаагаар оруулсан болов уу гэмээр байна.
Нэр дэвшигчдийн аль аль нь Монгол Улсын өмнөх хоёр Ерөнхийлөгчийн бодлогыг залгамжлан үргэлжлүүлэхээ амлаад байна. Эдгээрийг харьцуулбал
М.Энхсайхан -Монгол улсын Ерөнхийлөгчийн явуулж ирсэн бодлогын залгамж чанарыг хадгалан хөгжүүлж, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллана.
Н.Энхбаяр -Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшигч миний бие түмэн олныхоо язгуур эрх ашиг, үндэсний эв нэгдэл, эх орныхоо нэр төр, хууль цаазыг дээдлэн эрхэмлэж үе үеийн Төрийн тэргүүн, Ерөнхийлөгчдийн ажил үйлс, төрийн бодлогын залгамж, нэгдмэл чанарыг чандлан хадгалж, ард түмнийхээ бүтээлч үйлс, төрийн бодлогын залгамж, нэгдмэл чанарыг чандлан хадгалж, ард түмнийхээ бүтээлч үйл хэргийн ололт, амжилт бүхнийг бататган бэхжүүлж, хөгжлийн шинэ үеийн дуудлага шаардлагыг гүйцэлдүүлнэ гэжээ.
Төрийн тэргүүн болбол төр, засгийн тогтвортой байдал, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд санаа тавихаа нэр дэвшигчид амлаад байна. УИХ-ын үйл ажиллагааг илүү ил тод байлгах гэдэг дээр тэдний санаа нийлжээ. Ардчилсан намаас нэр дэвшигч парламент дахь намуудын тэнцвэртэй харилцааг хүндэтгэн намууд хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлсэн бол МАХН-аас нэр дэвшигч мөн л намуудын бүтээлч хамтын ажиллагааг дэмжинэ гэлээ.
М.Энхсайхан -УИХ-ын сонгуулийн дүнг хүндэтгэж, УИХ дахь намуудын тэнцвэртэй харилцааг бий болгох, УИХ-ын үйл ажиллагааг ил тод үр дүнтэй болгоход анхаарна. Сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газрыг тогвортой ажиллуулж, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Н.Энхбаяр -Мөрийн хөтөлбөрийн Үндэсний эв нэгдлийг эрхэмлэн, төрийн байгууллагын тогтолцооны тэнцвэртэй хяналттай байдлыг хангах хэмээх нэгдүгээр хэсэгт
Монголын нийгмийн улс төрийн тогтолцоог төгөлодөржүүлэх зорилтын хүрээнд ардчиллын сонгодог загвар болон Парламентат ёсыг төгөлдөржүүлэхийг дэмжинэ. Нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлж, эх орныхоо хөгжлийн таатай орчин бүрдүүлэх үүднээс улс төрийн нам, хүчин төрийн болон төрийн бус байгууллагуудын зарчимч, бүтээлч хамтын ажиллагааг бүх талаар дэмжинэ гэсэн бол Ардчилсан засаглал, нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлж, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх гэсэн зургадугаар хэсэгт
Иргэд сонгогчдодоо ил тод мэдээлж тайлагнадаг, харилцан хариуцлага хүлээж, хяналт тавьдаг ардчилсан засаглалыг бэхжүүлэх хүрээнд УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих бодлого баримтална гэжээ.
Нэр дэвшигч М.Энхсайхан нийгмийн баялгийг шударга хуваарилах нь ядуурал, ажилгүйдлийг бууруулах гарц болно гэж үзжээ. Тэрээр Ерөнхийлөгчөөр сонгогдвол чинээлэг дундаж давхрага гэсэн хөтөлбөр гарган ажиллах юм байна. Тэгвэл нэр дэвшигч Н.Энхбаяр иргэн бүрийн бүтээлч хөдөлмөр, шударга өрсөлдөөнд үндэслэсэн, зах зээлийн болон төрийн зохицуулалтын зохист хэм хэмжээг хосолсон соёлтой бизнес, хөгжлийн суурь бүтээн байгуулалтыг дэмжихээ мөрийн хөтөлбөртөө тусгалаа. Тэрээр мөн Монгол орны нийгмийн баялгийг гардан бүтээн байгуулагч гол хүч болсон жирийн малчин, тариаланч, ажилчин олон түмнийхээ хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж, урамшуулахад илүүтэй анхаарах юм байна.
Байнгын шүүмүжлэлд өртөж, иргэдэд тэгш бус үйлчилдэг хэмээн нэхэл дагал болдог шүүхийн талаар хэн хэн нь мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
М.Энхсайханы хөтөлбөрт хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчим хэрэгжих нөхцлийг бүрдүүлж, шүүхийн бие даасан байдлыг бэхжүүлэх цогц бодлого явуулах чиглэл тусчээ.
Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ талаар юу хийхээр амлаад буйг зэрэгцүүлж харъя.
Шүүх эрх мэдлийн байгууллага, шүүгчийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг боловсронгуй болгож, тэдний хүртээмжтэй, шударга, мэдрэмжтэй ажиллах нөхцлийг бүрдүүлж, шүүгчийн ёс зүйн байдалд хяналт тавих, зөрчлийг илрүүлж арилгах тогтолцоог бэхжүүлж, боловсронгуй болгоно.
-анхан шатны шүүгчдийг ард түмний шууд сонголтоор шүүгчдийн дундаас сонгон шалгаруулдаг шүүхийн шударга тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
-Гэмт явдалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй иж бүрэн механизм бүрдүүлэх чиглэлээр засаг, төрийн болон төрийн бус байгууллагуудын бодлого, үйл ажиллагааг дэмжиж ажиллана гэж Н.Энхбаярын мөрийн хөтөлбөрт тусаад байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч байдаг. Энэ үүднээс хоёр нэр дэвшигч улс орны аюулгүй байдал, зэвсэгт хүчний талаар ямар хөтөлбөртэй байгааг авч үзье.
М.Энхсайхан -Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг хангах шинэ бодлогыг гаргаж, зэвсэгт хүчний энхийг сахиулах чадварыг нэмэгдүүлнэ.
Н.Энхбаяр -Төрийн цэргийн бодлогын дагуу зэвсэгт хүчний шинэчлэлийг гүнзгийрүүлж, цэргийн анги, салбаруудыг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд бэлтгэн оролцуулна. Улс орноо олон улсын терроризмын аюулаас сэргийлэх нэгдмэл тогтолцоог бүрдүүлэх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ гэв.
Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд манай олон иргэний мөрөөдөл бол гадаад оронд ажиллаж ахиу мөнгө олох, харьд хар цагаанаар ажиллаж буй тэдний хувьд эрсдэл багатай байх нь юунаас ч чухал. Ардчилсан намын нэр дэвшигч М.Энхсайхан гадаадад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй гадаад бодлого явуулахаа илэрхийллээ. МАХН-ын нэр дэвшигч Н.Энхбаяр ч хөтөлбөртөө энэ талаар оруулжээ. Тэрээр Гадаад оронд ажиллаж, сурч байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ гэв. Энэ тал дээр хоёр нэр дэвшигчийн хөтөлбөр бараг үг үсгээрээ таарч байгаа нь гадаадын аль нэг оронд Монголын өрх бүрийн шахам төлөөлөл байдаг. Тэдний эрх ашгийг хамгаалах нь тулгамдсан асуудлын нэг болсны илрэл гэж болно.
М.Энгхсайхан Авилгачдыг цээрлүүлнэ гэсэн уриа дэвшүүлээд байгаа. Үүнийгээ ч мөрийн хөтөлбөртөө тусгажээ. Тэрээр авилга, хээл хахуультай тууштай тэмцэж, төрийг авилгачдаас цэвэрлэх, тэдэнд хуулийн дээд цээрлэл үзүүлэх бодлого барихаа тунхаглав. Тэгвэл Н.Энхбаяр нийгмийн дэг журмыг бэхжүүлж, сахилга хариуцлагыг сайжруулах, авилга, архидалт зэрэг нийгмийн гаж үзэгдэлтэй хуулийн хүрээнд эвлэршгүй тэмцэхээ амлалаа. Ардчилсан намын нэр дэвшигч Тулгар төр байгуулагдсаны их ойн баяраас өмнө Үндэсний үзэл санаа-г боловсруулж иргэдийнхээ эх оронч сэтгэлгээг сэргээхээр болов. МАХН-ын өрсөлдөгч нь үндэстний эрхэмсэг оршихуйг дээдлэн эх оронч үзэл, үндэсний бахархлыг нийгмийг нягтруулагч, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэгч суурь үзэл санаа болгон хөгжүүлнэ гэжээ.
Ардчилсан хүчний төлөөллийн хувьд М.Энхсайхан Монголын төрийн улс төр-бизнесийн явцуу бүлэглэлийн дарамт, шахалтаас ангид байлгах гэсэн зүйлийг мөрийн хөтөлбөртөө оруулсан нь өрсөлдөгчийнхөөс нь ялгарах нэг онцлог болжээ. Бас нэг өвөрмөц санаа гэвэл М.Энхсайхан иргэдийнхээ сүсэглэх, бишрэх эрх, эрх чөлөөг хүндэтгэн уламжлалт бурхны шашны хутагт хувилгаадыг Монголоос төрүүлдэг байсан тасалдсан уламжлалыг сэргээх бодлогыг дэмжинэ гэжээ.
Н.Энхбаярын хөтөлбөрт ч М.Энхсайханыхаас ялгарах олон зүйл туссанаас заримыг тоймловол Мянган зам, эрчим хүчний нэгдсэн сүлжээ, Мэдээлэл, харилцаа холбооны хөтөлбөр зэрэг суурь бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлэх, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд бүсийн тулгуур төв, аймгийн төв, сум, суурин газрыг холбосон болон дотоод дэд бүтцийг хөгжүүлэх, хот сууриныг барилгажуулах, тохижуулах үйл ажиллагааг дэмжих, утаагүй түлш ашиглах, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангахад Засгийн газрын үйл ажиллагааг чиглүүлнэ гэх зэрэг олон санаа оржээ. Эдгээр нь УИХ, Засгийн газрын ажил үүргийн хуваарьтай илүү тохирч байгааг дээр дурдсан билээ. Өөр нэг сонирхолтой зүйл гэвэл Н.Энхбаяр иргэдийн эрүүл ахуйн боловсролыг дээшлүүлэхэд онцгой анхаарч, хүний эрүүл мэндийн 32 цагаан манаач болсон шүдийг эрүүлжүүлэх Ерөнхийлөгчийн тусгай хөтөлбөрийг санаачлан ивээлдээ авч хэрэгжүүлэх гэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан нам, МАХН-аас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг зэрвэс харьцуулж үзвэл ийм байна.
Д.Оюунцэцэг
2005.04.13, Ардын эрх