Засгийн газрын насыг тоольё.
Тэр ч байтугай Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж буй Иргэний хөдөлгөөнийхний дунд яг одоо Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байна гэж хүртэл зарлагдаад амжлаа. Хэн нэгнийг үхэж байна гэж зүүдэлэхээр урт насладаг гэдэг шиг Засгийн газар унаж байна гэж ярьсаар хэдэн өдрийг үдлээ.
Ц.Элбэгдорж үнэхээр азтай бөгөөд азгүй нэгэн. Анх 1990 онд орос пальто өмссөн туранхай бор залуу цогтой халуун үгээрээ ардчиллын салхич шувуу болж байсан сан. Дараа нь Их хурлыг хаян гарч, бид гурвуулаа байсан бол гучуулаа болоод ирнэ гээд хэлсэндээ хүрсэн. УИХ-ын дэд даргаар ч ажиллаад амжсан. 1996-2000 онд Ардчилсан холбоо эвслийнхэн төр барьсан он жилүүдэд хамгийн богино настай Засгийн газрыг тэргүүлж рекорд тогтоогоод авсан. Түүний засгийн газрын үед улстөрийн амьдрал хурц үйл явдлаар дүүрэн байж, Одхүүдэх моод дэлгэрч, хичнээн эрх мэдэл байв ч аж ахуйн нэгжийн дарга хүн төрийн өмнө толгой бөхийх ёстойг харуулж чадсан. Түүний Сэргээн босголт банкны төрд үзүүлсэн санхүүгийн дарамтыг хувийн голомт банкинд шилжүүлэх гэсэн санаачлага нь ойлгомжгүй байсны учир Засгийн газар нь огцорсон. МАХН-ын гишүүд 40 гаруй хоног хурал хаясан шахалт дарамтын дор ч тэрээр Монголын залуучуудын чуулга уулзалтанд анхны атар эзэмшигчдэд хандсан халуун сэтгэлийн үгээ хэлж Ирээдүй өнөөдрөөс эхэлнэ хэмээн дуулж явсан.
2000 онд Америкт суралцахаар явах хүртлээ олон нийтийн хувьд ардчиллын билэг тэмдэг нь Ц.Элбэгдорж байлаа. Тэр үеэс хойш түүний үүргэвчтэй зураг нь сонинд гарсныг эс тооцвол нэг их сүртэй мэдээлэл олонд хүрэхээ больсон. Хааяа жагсаал цуглааны үеэр Элбэгдорж байсан ч болоосой гэсэн үгс жирийн иргэдээс сонгогддог байсан нь түүний орон зайг илтгэж байв. Гэвч тэр үед зарим сониноор амьдралаас тасархай, сунжирсан ярилцлагуудыг нь гаргадаг байсан нь санаанд үлдэж 2004 оны сонгуулийн өмнөхөн сургуулиа төгсөж ирээд Нүүх үү, үлдэх үү? гэсэн асуудал дэвшүүлж, лекцийг моодонд оруулаад авсан. Ардчиллын алтан хараацай, Харвардын мэдлэгээр толгойгоо цэнэглэсэн түүнд олон нийт итгэл үзүүлж байсан нь мэдээж. Түүнээс дэндүү ихийг хүлээсэн байж ч болох талтай. Ерөнхий сайдын сэнтийд суусныхаа дараахан зурагдсан пянз шиг ярилцлага өгч, телевизээр лекцээ унших шахсан. Ямартаа ч түүний гарт эрх мэдэл хэмээх амтат бялуу яаж ийгээд л орчихдог онцлогтой.
Элбэгээ мөрөөдөж чаддаг хүн. 15 жилийн өмнөхөн ард түмнээ уриалан Монголчуудаа мориндоо хэмээх нийтлэлээ бичиж байхдаа тэрээр ардчилсан нийгмийг мөрөөдөж байсан. Харамсалтай нь өөрийн гараар бүтээлцсэн бүхнээ өөрөө нураалцах нь уу гэсэн болгоомжлолыг нэгэнт төрүүлчихээд байна. Цагтаа жагсаж явсан Ерөнхий сайдыг Иргэний хөдөлгөөнийхөнтэй доогтой харьцаж, тэгдэг юм аа, тийм байдаг юм хэмээн туршлагаасаа хуваалцан эфирийн өмнө жүжиглэсэн гэлцэнэ. Хагас сайн өдөр бүр амьдралтай танилцах аялал хийж, түүнийгээ аяллын цагаар үзүүлэх нь холгүй байгаа Ерөнхий сайд уг нь олон хүүхэдтэй малчин айлын хүүхэд. Гэвч хүүхэд бүрт итгэлийн 10 мянган төгрөг өгөх боломжтой хэмээн ярьж явснаа умартан алс холоос зөвхөн өөрийг нь гэж ирсэн Итгэлийн бяцхан элч хүүхдүүдтэй уулзахыг ч хүсээгүй. Америкаас ирэнгүүтээ л ярьж эхэлсэн айл бүрийг компьютертэй болгох мөрөөдөл нь биелэх зам нь нээгдлээ. Гэвч үнэгүй тараадаггүй л юм бол худалдаж авах өрх хэд байх бол?
-Элбэгдоржийн Засгийн газрын зунжингаа, намаржингаа, өвөлжингөө сунжирч хийгдсэн томилгоонд Алтан гадасынхан хөгжим захиалсан нь илэрхий болсон. Гаднаасаа зөвшилцлийг дагаар орох хэлбэрээр нэвтрүүлсэн харагдах энэ ЗГ-ыг сайд Ц.Нямдорж нь дарин дээр сууж буй гэж тодорхойлоод авлаа. Авилгалтай тэмцэх хэмээн ганцхан үгэнд хордсон ах намын сайд нарын эсэргүүцэл хэр удаан, хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй хэвээр. Зарим нь одоо л формондоо орж буй сайд нар тийм ч амар сайн дураараа огцрохгүй гэлцэх юм.
Албан тушаалын хуваарилалтандаа багагүй алдаа гаргасан энэ ЗГ-ын уналт олон хүнийг түүний дотор намынхныг нь ч баярлуулах нь дамжигггүй. Гэвч зөвшилцлийн Засгийн газрын тэргүүний галын хүчийг өөртөө татсан, аядуу байдлын шалтгааныг одоогоор хэн ч мэдэхгүй байна. Магадгүй хуйвалдагч, зөвшилцөгчийн дүрээр харагдах баган дор шинэ үеийн удирдагчийн дүр төрх сэмхэн бойжиж байхыг үгүйсгэх аргагүй. Яваандаа Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлэх ч юм билүү. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбогдуулан хэлсэн үгийг нь сонсвол төрийн албан хаагчид сурталчилгаанд ажиллахгүй байх хуулийн заалтууд хэрэгжиж мэдэхээр байна. Үүгээрээ төр болон намын үйл ажиллагааг зааглаж, Энхбаярын засгийн газрын үеийн төрийн мөнгөөр сонгууль хийдэг туршлагыг Элбэгдоржийн Засгийн газар өвлөн авахгүй нь тодорхой болов.
Засаг захиргааны шинэтгэлийг хийх л гэж гэсэн тайлбартайгаар үзэл бодлоосоо ухарч, намын гишүүдээ хүртэл ятгаж МАХН-ын бүлэгт дагаар оруулсан гэгдэх Ц.Элбэгдоржид Засгийг засаглах хэд хоног үлдэв?
Ц.Оюунчимэг
2005.04.13, Инфо