Албани улсын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилаа
Ерөнхийлөгч Албани улсын төр засгаас элчин сайдаа томилон итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж буй нь манай улстай харилцах харилцаандаа өндөр ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл. Манай хоёр орон 1949 онд дипломат харилцаа тогтоож хамтран ажиллаж байсан боловч 1960 оноос тодорхой шалтгааны улмаас харилцаа саарсан. Өнөөдөр дэлхий ертөнц өөрчлөгдөж улс орон бүр бие биетэйгээ нягт хамтран ажиллахыг эрмэлздэг боллоо. Энэ жишгээр хоёр улс харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ цаг үеийн зарчмаар идэвхжүүлэх хэрэгтэй гэлээ.
Хоёул жижиг орон тул нийтлэг эрх ашиг, бэрхшээлтэй. Иймд олон улсын тавцанд бие биенээ дэмжин хамтран ажиллах нь аль аль талдаа ашигтайг тэмдэглэв.
Мөн эдийн засгийн хамтын ажиллагааг бололцоотой хэлбэрээр хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох зэргээр хамтран ажиллах нь зүйтэй. Хятадад ажиллаж буй бизнес эрхлэгчдийг монгол руу чиглүүлэхэд Элчин сайдын хувьд анхаарч ажиллахыг хүслээ.
Элчин сайд Куйтим Сани хоёр талаас үл хамаарсан шалтгаанаар харилцаа зогсонг байдалд орж байсан ч өнөөдөр бидний хооронд шийдвэрлэх боломжгүй асуудал алга байна. Жижиг орнуудын хувьд бие биеэ дэмжин хамтран ажиллах талаар Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байгаагаа нотлов.
Хоёр оронд өрнөсөн улс төр, эдийн засгийн өөрчлөлтийн алдаа, ололт туршлагаа солилцох, цаашлаад эдийн засаг худалдааны харилцаатай болоход анхаарч ажиллах болно гэлээ.
Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ
/olloo.mn/