Буддын шашины их хөлгөн судрууд
Бурханы номын ёсоор эрт дээр үед энэтхэгт Бурхан багш заларч байх үест түүний олон зарлиг, сургаалыг үсэгт буулгаж бичсэнийг хаад ноёд, түшмэд, сүсэгтнүүд шөнө зулын гэрэлд уншдаг байсан ч Бурхан багшийн сургаалыг нэгтгэн сайтар найруулж байсангүй. Бурхан багшийг нирваан дүрийг үзүүлснээс хойш дөрвөн зуун жил өнгөрөх үест Ганига хэмээх хаан өглөгийн эзэн болоод тэр үед гарсан арван найман аймгийн тэмцэлдээнийг амирлуулжээ. Тэгээд Бурхан багшийн зарлигаас хүний ертөнцөд байгаа бүхнийг нь цуглуулж хураангуйлан боть болгосон гэдэг. Тэдний дотроос олонхи нь Бурхан шашинд гурвантаа болсон эвдрэл, огоорлын үеэр алга болсон түүхтэй. Ингээд үлдсэн хэсгээс нь Төвдөд орчуулсныг Ганжуур гэх болжээ. Анхны хэлмэрч нь Соронзангамбо хааны сайд Тонмисамбода байсан бөгөөд Төвдөд Бурханы шашныг хавчин хяхах буурлын үеийн хаан Ландармагийн үеийн хэлмэрч Намхаажон хүртэл нийт 51 хэлмэрч гарчээ.
Ганжуур дахь Бурхан багшийн зарлиг, сургаалыг эмхэлж цэгцлэх ажил өнө удаан үргэлжилсэн бөгөөд Төвдийн Тисрондивзон хааны үед хэлмэрч Гаваабалзэг, Хонлүйванбосрүн нар Дангар ордод байсан Ганжуур, Данжуурыг эмхэлж, гарчигийг нь зохион Дангармагийн гарчиг гэж нэрлэжээ. Энэ нь Төвдөд Ганжуур, Данжуурыг нэгтгэн найруулсны эх нь болсон гэдэг.
13-р Далай ламыг таалал төгсөхөд Вригүнгожаг хувилгааны айлтгаснаар Төвдийн засгийн газар бүтэн Ганжуурын барыг хэвэнд сийлүүлж Ботала (Лхас дахь) –ийн Шолын их хэвийн газар залсан Шол барын Ганжуур гэж бий. Yүнээс гадна Чин улсын үеийн хятад ба манж үсгийн Ганжуурын бар зэрэг байдаг байна.
Монголчууд Ганжуурын доторхи зарим зохиолуудыг дээр үеэс орчуулж эхэлсэн боловч, бүрнээр нэгтгэн орчуулах ажлыг Цахарын Лигдэн хааны зарлигаар Бандида Гунгаа-Одсэр, Дархан лам Самдансэнгэ, Бэлгэт Эрдэнэ Даа Гүүш, тойн Санрав зэрэг 50 гаруй мэргэн эрдэмтэд 1629 онд хийж дуусгажээ. Лигдэн хааны үед орчуулсан энэ Ганжуур 100 орчим жил гар бичмэлээр дэлгэрч байгаад 1717-1720 хооронд модон бараар хэвлэгджээ. Мөн манж хэлээр ч орчуулагдсан нь бий.
Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлтгэв
/Оlloo.mn/ Ж.Алт