Асашёорюү Америкт
ирэх аравдугаар сарын 7-9-нд Невада мужийн Лас-Вегас хотноо болох мэргэжлийн сүмогийн үзүүлэх тэмцээнийг сурталчлах, хэвлэлийн бага хуралд оролцох явдал байв.
Их сүмо Америкт эргэн ирнэ
Мэргэжлийн сумог дэлхий дахинд таниулан сурталчлахаар Японы сүмогийн холбооноос анх 40 жилийн өмнө мэргэжлийн сүмочдын үзүүлэх тэмцээнийг хийжээ. Тэр цагаас хойш Grand Sumo Tournament-ийг 11 оронд 13 удаа зохиожээ. Одоогоос 20 жилийн өмнө Их сумо АНУ-ын Нью-Йоркийн алдарт Madison Sguare Garden ордонд зохиогдож байсан бол ирэх намар дэлхийн мөрийтэй тоглоом, зугаа цэнгэлийн төв гэгддэг Лас Вегас хотын Mandalay Bay Resort Casino-д мэргэжлийн сүмочдын тулаа болох нь.
Энэ жил 100 нас хүрч, зургаадай таяг тулж буй Лас-Вегаст аравдугаар сарын 7-9-нд Grand Sumo Las Үegas зохиогдох бөгөөд тасалбарын үнэ нь 75$, 125$, 175$ байх ажээ.
Асашёорюү Сайхан хот юм аа, Сан Франциско
Дөрөвдүгээр сарын 7-нд их аварга маань бидний амьдарч буй Сан-Франциско хотноо хөл тавилаа. Манай сурвалжлах багийнхан /Америк дахь монголчуудын Замдаан сэтгүүлийн эрхлэгч Д.Цэрэндорж, редактор Ш.Баатар Таван цагариг сонины АНУ дахь сурвалжлагч С.Энхжаргал болон миний бие/ маань Тагнуулын албан-аас урьдчилан мэдээ авсан болохоор өвч зэвсэглэн /камер, диктафон, фото аппарат/ Асашёорюүгийн буух, таван одтой Nikko зочид буудалд отолт хийлээ. Буудлын төв болон арын хаалганд харуулд гарсан бид, нүд цавчилгүй зогссон боловч их аваргын буудалд буух 10 цаг аль хэдийнэ өнгөрлөө. Буудлын зохион байгуулагчаас Долгорсүрэнгийн Дагвадорж гэдэг хүн ямар өрөөнд буухыг лавлахад уриалгахан аргагүй Ү.I.Pөрөөнд буух ёстой, хэрэв хүсвэл утсаар өрөө рүү нь залгаж өгье гэв. Бид ч тэр дор нь утас цохиж шалгахад их аварга харилцуураа өөрөө авч, амар мэндээ мэдэлцлээ. Хэдийд хаагуур хэрхэн Харуулын албыг нэвтэрсэнийг бид үнэндээ мэдсэнгүй. Бодвол япончууд өөр тусгай хаалгаар нууцлан оруулсан бололтой. Асашёорюү бидэнд Сайн явж ирлээ. Сайхан хот юм аа, Сан-Франциско. Замдаа жаахан ядарлаа. Эм уугаад түр хэвтэж байна. Хэвлэлийн бага хурлын дараа тухтай уулзая хэмээн өгүүллээ.
Хэвлэлийн бага хурлыг Монголын сэтгүүлчид авч гарлаа
Ингээд манай багийнхан хэвлэлийн бага хурал болох танхимд хамгийн түрүүнд очин эхний суудалд байраа эзэллээ. Биднээс 30-аад минутын дараа Япон, Америкийн үзэг нэгт нөхөд маань цугларав. Нийтдээ 50 шахам хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч ирлээ. Тэд Монголын сэтгүүлчид ирнэ гэж огтхон ч төсөөлөөгүй байсан бололтой, биднээс элдэв янзын асуулт асууж байв. Удалгүй товлосон цаг болж танхимд их аварга Асашёорюү цагаан өнгийн кимонотой, алдар цолоо дуудуулан орж ирсэн бөгөөд түүний араас экс ёкозүна Мусашимару, сумогийн холбооны түшмэл, Такасаго дэвжээний эзэн /уг дэвжээнд Асашёорюү, Асасэкирюү нар барилддаг/ Такасаго аякато нар дагалджээ. Хэвлэлийн бага хурал их л албаны шинж чанартай, уйтгартай эхэлсэн ч удалгүй манай сэтгүүлчид их аваргатайгаа монголоор мэндлэн, Такасаго санд японоор асуулт асууж, Мусашимаруг англиар байцаан, сүмогийн талаар болон хэлний мэдлэгээр өв тэгш болохоо харуулж, америк, япон сэтгүүлчдийг алмайрууллаа. Grand Sumo Las Үegas-ын билетийн үнэ, хямдрал, хэрхэн худалдаж авах төдийхнийг л асууж байсан мэргэжил нэгтнүүд маань үнэхээр гайхсан хүндэлсэн байсныг нуух юун.
Такасаго Нөхцөл нь бүрдвэл Монголд Их сумо зохионо
Цагтаа ёкозүна явсан, одоо Асашёорюү, Асасэкирюү нарын дэвжээний эзэн, сүмогийн холбооны нөлөө бүхий түшмэл ийн хариулав. Тэрбээр одоо сүмогийн ертөнцөд монголчууд ноёрхож уран сайхан барилдаанаар сүмог чимэж байгааг дурдаад Их сүмог зохион явуулахад асар их хөрөнгө цаг хугацаа шаардагддаг. Нөхцөл нь бүрдвэл сүмогийн нэгэн үеийг эзэгнэн буй монгол залуусын унаган нутагт зохиоход бэлэн хэмээн өгүүлэв.
Мусашимару муухай ааштай байв
Мэргэжлийн сүмогийн их аварга Мусашимару манай Асашёорюүгийн сүр хүчинд дарагдсандаа ч тэр үү, эсвэл угийн тийм зантай ч юм уу, их л үг цөөнтэй байв. Костюм, пиджак өмсөж зангиа зүүн жентельмен маягаар хувцасласан Хавайн арлын Махан бөмбөгнүүдийн хамгийн бага нь болох /192 см 230 кг/ Мусашимру өдгөө Мусашигава дэвжээндээ залуу сумочдод багшлахын сацуу NHK телевизэд сүмогийн тайлбарлагч хийдэг гэнэ. Манай Д.Цэрэндоржийн таны нутаг нэгт их аварга Акэбоно К-1 тулааны төрөлд хүч үзэж байгаа. Танд К-1-ээр хүчээ сорих бодол бий юу? гэсэн асуултад ердөө үгүй хэмээн ганцхан үгээр хариуллаа.
Хэвлэлийн бага хурлын дараа Асашёорюү бидэнд амласан ёсоор айлчлалын төлөвлөгөөгөө, цагийн хуваариа өөрчлөн байж, биднийг өрөөндөө урьж уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө гадаадад суудаг мянга мянган монголчууд Таны болон бусад сүмочдын амжилтаар бахархан, сэтгэлдээ тээж явдаг гэдгийг дамжуулан хэлье.
-Баярлалаа. Богино хугацаанд нэлээд шахуу ажилтай ирсэн. Лас Вегас, Сан-Францискод хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Маргааш Лос Анжелест очно. Жаахан алжаалаа. Гэвч хаа хол хүний нутагт элэг нэгт ахан дүүстэйгээ уулзаж ярилцахад таатай байна. Та бүхнээр дамжуулан Америк улсад амьдарч ажиллаж, сурч буй монголчууддаа зорьсон хэргээ бүтээгээд, ихийг сураад их орондоо очихыг ерөөе.
-Та бол удамтай бөх. Манайхан үртэй бол баян гэж ярьдаг. Удам залгах хүүгийн тухай ямар бодолтой явдаг вэ?
-Яг өнөөдөр /IҮ/7/ миний охин хоёр ой хүрч байгаа. Удам залгах хүүгийн тухай бодолгүй яахав. Гэр бүлийнхээ хүнтэйгээ ярьж зөвлөөд ойрын төлөвлөгөөндөө оруулнаа.
-Орчин үеийг мэдээлэлгүй төсөөлөхийн аргагүй. Мэдээллийг ямар шугамаар авдаг вэ? Хувийн вэб сайт бий юу?
-Орчин үеэсээ яаж хоцрох вэ? Цаг зав, чөлөө жаахан бага байдаг ч Монголынхоо тухай мэдээллийг интернетээр авдаг. E mail-ээр харьцана. Албан ёсны хувийн вэб сайт байхгүй. Гэхдээ миний нэртэй вэб сайт маш олон байдаг юм билээ.
-Та үндэсний зан заншлаа ихээхэн хүндэлдэг хүмүүсийн нэг. Хуримаа хүртэл эртний монгол зан үйлээр хийж байсан. Та хүнтэй ямар хөөргөөр тамхилдаг вэ?
-Надад Манлайбаатар Дамдинсүрэнгийн хөөрөг байдаг юм. Харийн дарангуйлагчдын өмнө босоогоороо нас эцэслэсэн домогт баатар хүн. Би өөрөө харийн нутагт босоо аварга байхыг зорьдог болохоор энэ хүний хөөргийг барьдагтаа их л бэлгэшээдэг юм.
-Энэ зун нутагтаа очиж амрах уу?
-Тавдугаар сарын башё дуусгаад Монгол нутагтаа очно оо. Телевизийн нэвтрүүлэг хийх ёстой. Хоёр долоо хоног байх юм. Тэр маань л жинхэнэ амралт болох байх даа.
-Таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?
-Миний гол өрсөлдөгч бол өөрийн бие, сэтгэлийг ялах юм гэж би боддог доо. Өөрийгөө ялж биеэ зөв удирдаж, дайчилж чадвал дийлдэх өрсөлдөгч гэж байхгүй ээ.
Би 11 башёд түрүүлээд байна. Гадаадын сүмочдоос хамгийн олон түрүүлсэн бөх нь ёкозүна Мусашимару. Тэрбээр 12 удаа түрүүлсэн. Тэгэхээр одоо хоёр башёд түрүүлбэл энэ рекордыг эвдэнэ. Бас энэ жил ноднингийн 35 дараалан өвдөг шороодоогүй амжилтаа ахиулах бодолтой байсан. Гэхдээ өвдөг шороодолгүй түрүүлэхэд л асар их хэцүү шүү дээ. Нас цаг байна. Энэ рекордоо эвдэхийг л зорино.
-Аварга болох хэцүү. Аварга цолыг дааж явах бүр хэцүү гэж ярьдаг
-Үнэхээр үнэн үг шүү. Анх аварга болчихоод надад Яахав аварга болчихлоо. Ахиад түрүүлж чадах болов уу? гэж бодогдож байсан. Аварга алдар хүнд, хүлээх үүрэг хариуцлага, энэ бүгдийг зохих хэмжээнд авч явна гэдэг үнэхээр хэцүү шүү.
-Бидэнд цаг зав зав гаргаж ярилцсанд баярлалаа. Ирэх намар Лас Вегаст болох тэмцээнийг эндхийн олон монголчууд очиж үзнэ гэдгийг амлая. Энэ хугацаанд болон Ү, ҮII, IX сарын башёд босоо түрүүлж дахиад рекордтой ирээрэй гэж ерөөе.
-Ерөөл бат оршиг. Лас Вегаст дахин уулзая.
Ах дүү хоёрын гарын үсэг таван цагариг-ийн туганд
Асашёорюү бидэнтэй уулзаж ярилцсаны дараа, дурсгалын патиар татуулж, таван цагариг-ийн туганд гарын үсгээ үлдээлээ. Их аварга маань Монголын спортын алдар цуутнуудын гарын үсэг бүхий Таван цагариг-ийн тугийг хараад Танай таван цагариг сониныхон ёстой л таван тивд байх юм аа. Японд Сугараа Солонгост Сүхээ ах байсан. Америкт та хоёр байж байх юм. Сумъяа ах хэзээ гарын үсгээ зурсан юм бэ?
/Д.Сумъяабазарын заан цолтой байх үеийн гарын үсэг манай туганд байдаг/ гээд ахынхаа гарын үсгийн доохон талд буюу олимпийн таван цагаригийн улаан өнгөтэй бөөрөнхий-д гарын үсгээ үлдээлээ. Бас арван жилийн ойгоо тэмдэглэж буй Таван цагариг сониныхондоо болон нийт уншигчдадаа баярын мэнд дамжуулаарай гэж захив.
ТЦ-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин, С.Энхжаргал Сан-Франциско. 2005,IҮ,07
/2005.04 5 цагариг /