Л.Гүндалай Өнөө маргаашаас ОУ-ын парламентын холбоонд хандана.
УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй тохиолдолд эцэслэн шийдвэрлэх боломжгүй хэмээн шийдэж байсан билээ. Харин нийслэлийн шүүх өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан аж. Түүгээр бол УИХ-ын гишүүн Л.Гүндалайн бүрэн эрхийг түдгэлзүүлж шинэчлэгдсэн Эрүүгийн хуулиар хэрэг үүсгэж магадгүй гэнэ. Энэ талаар эрхэм гишүүн Л.Гүндалайгаас тодрууллаа.
-Хэсэг хугацаанд мартагдсан хэрэг яагаад сэргэх болов. Тэр үед нь нэг тийш болгоогүй гэж үү. Энэ асуудлаар УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж Ц.Нямдорж сайд таныг өршөөхөөр болоогүй бил үү?
-Анхнаасаа улс төрийн сэдэлтэй гарч ирсэн энэ хэргийг Ц.Нямдорж сайд санаачилж МАХН-ын эрх бүхий нөхөд эрх чадалдаа эрдэж байх үедээ дэмжиж надад үүрүүлсэн. Миний хувьд Монгол Улсын иргэнийхээ, УИХ-ын гишүүнийхээ хувьд Ц.Нямдоржийг гаднын тагнуулын албатай холбоотой байж магадгүй гэсэн 45 хуудас материалыг үндэслэн асуудлыг гаргаж тавьсан юм. Үүнийг шалгаж өгөөч гэсэн хүсэлт л тавьсан. Үүнийхээ төлөө би өөрөө хэрэгтэн болсон. Намайг хөдөө хотгүй хүн дагаж, гадагшаа олон улсын хуралд явах гэж байхад минь онгоцноос албадан буулгаж, Ардчилсан намын байрнаас баривчлан Ганц худагт хорьсныг хүмүүс санаж багаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд маань халдсан. Энэ хэрэг өнгөрсөн оны зургадугаар сарын 27-нд болсон УИХ-ын сонгуулиас хойш чимээгүй болоод байснаа одоо эргээд сэргэлээ. Өнгөрсөн хугацаанд намайг нэг ч удаа дуудаагүй.
-Та сая Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-ны хуралд биеэрээ оролцоод ирсэн. Түүгээр таны бүрэн эрхэд халдсан асуудлыг хаасан гэсэн. Энэ талаараа мэдэгдэж болохгүй юм уу?
-Өмнө нь ОУПХ-ноос хэргийн байдал ямар шатандаа яваа талаар асуулт ирсэн. Хариу өгөхөөр цагдаа, шүүх, прокурорт хандахад бүгд л манайд байхгүй гэж хариулсан. Тэгээд ОУПХ-д хэрэг хаана байгаа нь мэдэгдэхгүй байна гэсэн хариу өгсөн. ОУПХ ч танай УИХ-д хүчний тэнцвэр тогтож Засгийн газраа хамтран байгуулсан болохоор дахин гишүүнийхээ бүрэн эрхэд бүдүүлгээр халдахгүй биз дээ гээд хэргийг хаахаар болсон. Энэ тухай бичгээр мэдэгдсэн юм. Гэтэл намайг хуралд явахаас долоохон хоногийн өмнө хэргийг шүүх рүү шилжүүлэхээр болсон юм шиг байна лээ. ОУПХ-д оролцохдоо гэнэтхэн ингэчихлээ гэж мэдэгдэх нь дэмий санагдсан. Харин одоо байдал ийм болж байгаа болохоор өнөө маргаашаас ОУПХ-нд хандаж захиа бичихээс дээ.
-Таныг шүүхээс дуудсан уу?
-Одоогоор надад хэлж мэдэгдсэн юм алга. Тэгсэн атлаа хэвлэлээр мэдээлэл гарах боллоо. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ. Торгоно, Гурваас зургаан сар хорино ч гэх шиг. УИХ-ын удирдлага дээр бичиг ирсэн юм шиг байгаа юм. Харин надад үзүүлээгүй байна. Хэрэв намайг шүүхэд шилжүүлэх гээд байгаа юм бол Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрөөгөөд ажил хэрэг болгох гэж байгаа юм байлгүй дээ.
Д.Цэцэг
2005.04.14, Ардын эрх