Зэсийн үнэ 3316 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоов.
Санхүүгийн Numis корпорацийн шинжээч Жон Мэйр Өсөлт Азийн зах зээлтэй холбоотой. Зургадугаар сард нэг тонн зэс 4005 ам.долларт хүрч мэднэ гэлээ.
Шанхайн шинжээч Ху Зянши Энэ баасан гаригаас өмнө гэхэд л Хятадын үндэсний нөөцийн газар 10 мянган тонн зэс худалдан авч магадгүй байна хэмээв. Хоёрдугаар сараас хойш зэсийн үнэ зогсолтгүй нэмэгдэж байгаа тул Европ, АНУ-ын хэрэглэгчид худалдаагаа хойшлуулсаар байгаа юм.
Европын зэсийн томоохон нийлүүлэгч Darren Goldthorpe -ийн төлөөлөгч Худалдан авагчид нэг тонн зэсийг 3002 ам.доллараар авах санал тавьж байна. Гэтэл ийм үнэ хоёрдугаар сард л байсан. Гэвч үнийн өсөлт энэ чигээрээ үргэлжилбэл тэд хэлцэл хийхээс өөр аргагүй гэжээ. Гуравдугаар сард эрс нэмэгдсэн зэсийн үнийг харзнахаар хэлцлээ хойшлуулсан хэрэглэгчид зах зээлд орж ирвэл зэсийн үнэ улам галзуурна гэдэгт шинжээчид эргэлзэхгүй байгаа юм. Евротой харьцах ам.долларын ханшны уналт мөн зэсийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа аж.
Үүнтэй холбоотойгоор Лондонгийн бирж дээр ганц зэс ч биш доллараар нэрлэгдсэн /dollar-denominated/ бусад металлуудын үнэ өсчээ. Хөнгөн цагаан нэг тонн 17 ам.доллараар цайр 12 ам.доллараар, диц 150 ам.доллараар, тугалга 75 ам.доллараар тус тус өсчээ. Лондогийн Standart банкны шинжээч Робин Бар зэс бүтээгдэхүүний үйлдвэрлэл түүхий эдийн нийлүүлэлтээсээ давснаар ирэх жилүүдэд хомсдол үүсч мэдэхээр байна гэж төлөг буулгажээ.
О.Тогоо
2005.04.14, Өнөөдөр