Хятадаас шатахуун импортолж, геологийн салбарт хамтрана.
АМГТХЭГ-ын дарга Л.Болд БНХАУ-ын Үндэсний газрын тосны корпорац /CNPC/-ийн дэд ерөнхийлөгч Су Шулинтай уулзах үеэрээ ийм тохиролцоонд хүрчээ. Тохиролцсон ёсоор манай улс БНХАУ-аас сар бүр 1000 тн, жилд 120,000 тн шатахуун, жилдээ 2000 тн шингэрүүлсэн хийн түлш импортлохоор болжээ. Жилдээ 120,000 тн гэдэг нь манай улсын нэг жилийн шатахууны нийт хэрэглээний 20 хувьтай тэнцэх хэмжээ юм. Шингэрүүлсэн хий нь экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд түлшний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад чухал ач холбогдолтой юм. Мөн Хятадын Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрт ОХУ-аас жилдээ нэг сая хүртэл тн түүхий нефть нийлүүлэн, оронд нь газрын тосны бүтээгдэхүүн авах тохиролцоонд хүрчээ.
Үүнээс гадна БНХАУ-ын Геологийн газартай геологийн салбарт хамтран ажиллах санамж бичигт АМГТХЭГ-ын дарга Л.Болд гарын үсэг зурсан байна. Энэхүү санамж бичигт дурдсанаар хоёр тал Монгол-Хятадын хил орчмын бүсийн геологи, геохими, геофизик, геоэкологи, ашигт малтмалын зураглалыг хамтран хийхээр тохиролцон энэ ажлыг хэрэгжүүлэх төслийн гэрээг 2005 оны зургадугаар сард багтаан үзэглэхээр болжээ. Энэ төсөл нь томоохон газар нутгийг хамарсан, өргөн далайцтай, цаг хугацаа, хөрөнгө хүч шаардсан ажил юм. Уг төслийг хэрэгжүүлснээр Хятадын талын өөрийн хилийн дотор хэсэгт хийсэн судалгааны материал, туршлагад үндэслэн Монгол Улсын хил орчмын бүс нутгуудын геологи, геохими, геофизик, геолэкологи, ашигт малтмалын зураглалын судалгааны ажлыг Хятадын орчин үеийн техник, технологи бүхий лаборатори, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд гүйцэтгэснээр манай улсын геологийн салбарын судалгааны материал, зураглалын санг баяжуулах ач холбогдолтой юм.
Мөн энэ үеэр Л.Болд Дорноговийн сав газар дахь үйл ажиллагаа явуулж байгаа БНХАУ-ын Доншен Жингон газрын тосны хөгжлийн групп компанийн 2004 оны ажлын үр дүнгийн тайланг мөн Хар ус-П, Шарга -Ш талбайнуудад явуулсан хамтарсан судалгааны үр дүнгийн тайлантай танилцаж,2005 оны үйл ажиллагааны төсөв, хөтөлбөрийг баталж, гарын үсэг зурлаа. Доншен Жингон газрын тосны хөгжлийн групп компани нь 2004 болон түүнээс өмнөх жилүүдэд хийсэн хайгуул, судалгааны ажлын үр дүнг үндэслэн 2005 оны ажлын хэмжээ, хөрөнгө оруулалтаа даруй хоёр дахин нэмэгдүүлж, Зүүнбаянгийн сав газрын Зүүн Зүүнбаян, Цагаан элсний орд газруудад 11 цооног өрөмдөж, таван цооногт туршилт, үйлчилгээний ажил хийн, нийт 9,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн нь тус сав газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх, хайгуул, судалгааны ажлыг өргөжүүлэхэд ихээхэн тустай юм.
А.Чандмань
2005.04.14, Ардын эрх