6000 тоннын жинтэй галт тэрэг аялж эхэллээ
Энэ нь галт тэрэгний хөдөлгөөний зохион байгуулалтыг шуурхай болгож тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлсэн, өөрийн орны нөхцөл байдалд тохируулж нөөц бололцоогоо ашиглан илчит тэргэнд зарим нэг өөрчлөлт хийж (Оросын хуучин галт тэргийг иж бүрэн засварлаж Орос, Ацарикийн сүүлийн үеийн өндэр хүчин чадалтай хөдөлгүүр тавьж байгаа болно) татах хүчин чадлыг нэмэгдүүлсэн зэрэг ажлын үр дүнтэй холбоотой юм.
ОХУ-аас дунджаар 4200 тонн ачаатай галт тэрэг Сүхбаатар өртөөнд ирдэг бол Сүхбаатар өртөөнөөс Замын-Үүд өртөө хүртэлх замд галт тэрэгний тээх ачааг нэмэгдүүлж нэг цувааг 6000 тоннд хүргэсэн гэсэн уг. Энэ ачааг тээхдээ Сүхбаатараас Зүүнхараа хүртэл 2М62М хос илчит тэргээр татан Зүүнхараад авчирч, улмаар М62УМ илчит тэргээр хүч нэмэгдүүлэн Толгойт өртөө хүргэдэг. Харин Толгойтоос Замын-Үүд хүртэл эх орондоо засварлаж өөрчилсөн 2М62Мм хос илчит тэргээр тээж байхаар зохион байгуулжээ. Өмнө нь энэ чиглэлийн галт тэрэгний жин дунджаар 5200 тонн байсан юм.
Шинэ зохион байгуулалтын үр дүнд зөвхөн энэ сарын 13-14-нд шилжих шөнө гэхэд долоон галт тэрэг нэвтрүүллзэ. Ингэснээр Төмөр замаар тээвэрлэх транзит ачааны хэмжээ нэмэгдэж, вагон эргэлт сайжирна. Өнөөдрийн байдлаар Дорнод Сибирийн төмөр замаар Монгол руу 1058 вагон ачаа ирж яваа тухай мэдээтэй байна гэж Төмөр замын Хэвлэл, мэдээл-лийн албанаас мэдээлэв.
(өнөөдөр 2005-04-15 089)