Бодлого гаргагчдын туршилтын туулай нь төгсөгчид байсаар байх уу?
Энэ ч утгаараа Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны энэ өдрүүдэд улс оронд тулгамдсан аливаа асуудлыг шийдэх, арга учрыг нь олох боломж тохиож байна. Ардчилсан намаас Ерөнхийлөгчид нэр дэвшсэн М.Энхсайхан өнгөрсөн өдрүүдэд зүүн гурван аймагт ажиллаад ирлээ. Нэр дэвшигчийг сон-гогчидтойгоо уулзах үеэр иргэдээс асуусан асуултын дийлэнх хувийг энэ жилийн ерөнхий боловсролын сургуулийн төгсөлт болон их, дээд сургуульд элсэх элсэлтийн шалгалттай холбоотой асуулт, санал хүсэлтүүд эзэлж байсан байна. Энэхүү өөрчлөлтийн талаар сураг төдий мэдээлэлтэй хүмүүс асууж тодруулсан, болгоомжилсон, гайхширсан олон асуултыг тавьжээ. Үнэндээ хэдхэн хоногийн өмнө Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалтыг сургууль, багш нарын мэдэлд өгч, дараа нь нэгдсэн шалгалт авах тухай шийд гаргасан нь нийгэмд ялангуяа өнөө жил аравдугаар анги төгсөгчид, тэдний эцэг, эх, ах дүү, хамаатан садан, багш, сургуулиудад ойлгомжгүй байдал үүсгээд байгаа аж.
Үүнд бухимдсан эцэг эхчүүд төгсөлтийн шалгалтын шинэ журмын талаар санал бодлоо хэлжээ. Төгсөх шалгалтыг математик, монгол хэл, гадаад хэл, хими, физик, нийгмийн тухай мэдлэг гэсэн зургаан хичээлээр авна гэсэн нь сурагчдыг ёстой л шоконд оруулаад байгаа бололтой. Өмнөх хэдэн жилийн төгсөгчид зөвхөн математик, монгол хэлний шалгалтаа тестээр өгсөөр ирсэн болохоор цаг хугацааны хувьд хэт тулгамдсан энэ шийдвэрт одоогийн төгсөгчид гайхахаас аргагүй. Хүүхдүүд есдүгээр ангиасаа эхлэн сонгосон хичээлээ гүнзгиирүүлэн үзэхийн зэрэгцээ дээрх хоёр шалгалтандаа бэлтгэдэг байсан. Харин үүн дээр дахин дөрвөн хичээлээр нэмж шалгалт авах болсноо бодлого гаргагчид нь болохоор ерөнхий боловсрол эзэмшигчид арван жил юу сурсныг заавал шалгах ёстой, мэдлэгийн түвшинд нь байх ёстой зүйл хэмээн тайлбарлаж буй. Гэтэл дараа нь их, дээд сургуульд элсэгчдээс дээрх зургаан хичээлийн нийлбэр 100 асуулт бүхий шалгалт авах бөгөөд энэ шалгалтын оноо тухайн хүүхдийг ямар сургуульд орох замыг нь залж өгөх гэнэ. Нийгмийн ухааны мэргэжил сонгосон хүүхэд хими, физикийн бодлого бодож чадахгүигээс бага оноо авах нь хэр зөв шийдэл болохыг яамныхан юу гэж тайлбарлах нь сонин. Тэгээд ч зургаан хичээлийг нэгтгэсэн 100 асуулт бүхий шалгалтын сураг одооноос хүүхдүүдийг сэтгэхүйн дарамтад оруулж эхэлсэн гэхэд хилсдэхгүй.
Мөн төгсөлтийн шалгалтын үеэр сурлага муутай бөйван ч ялгаагүй захирал багш, тэр бүү хэл, сургуулийн жижүүр, мужааны хүүхэд өндэр оноогоор төгсч сайн сурлагатан, танил тал, хамаатан садангүй хүүхдүүд хохирох вий. Багш нар хүүхдүүдийг үзэмжээр нь, ялгаварлан дүгнэдэг байдал газар авах магадлал өндэр байгаа талаар санаа зовсон асуултууд олноор иржээ. Өөрөөр хэлбэл, сурагчдын мэдлэгийг дүгнэх шударга шүүлт алдагдах, нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолчихын адилаар өмнөхөө улам дордуулах вий гэсэн болгоомж, айдас нийтийн дунд амнаас ам дамжин нисч эхэлсэн хэрэг.
Боловсролын тогтолцоог өөрчлөх, шинэчлэх ажил хийж байгаа нь сайшаалтай, гэвч бодлого гаргагчдын яаран сандран гаргасан энэ шийд хэр цаг үеэ олсон оновчтой шийдэл бол. Бушуу туулай борвиндоо баастайн үлгэр болж, энэ жил аравдугаар ангиа төгсч буй олон хүүх дийн хувь заяа, ирээдүйгээр нь туршилт хийчих вий. Угаасаа боловсролыг толгойлон бодлого гаргагчид сурагчдынхаа хувь заяагаар туршилт хийсээр ирсэн гашуун туршлага бий шуү дээ. Арван жилийн өмнөхөн аравдугаар анги төгсөгчид хэд хэдэн хичээлээр амаар шалгалт өгдөг байсныг буруу зүйл хэмээн хоёр хичээлийг нь тестээр авдаг болсон биш үү. Нэгэн үе хос бичигтэн болно хэмээн нэгдүгээр ангиас нь монгол бичиг зааж байсан нь эргээд л хуучин хэвэндээ орсон шүү дээ. Анги алгасуулан сургах, латин үсэг хэрэглэх, долоон настайд нь сургуульд оруулах гээд өчнөөн шийд цаана нь бий. Энэ мэт бодлого гаргагчид гаргасан шийдээ эргэж буцан сургуулийн хэдэн хүүхдээр ёстой туршилт хийж байгаа юм биш үү?
Сургууль төгсөхөөс хоёрхон сарын өмна гаргасан энэ хачин шийдвэрээ эргэн харж үзэхийг эцэг, эх, төгсөгчид хүсч байна. Үнэндээ аравдугаар ангийнхан төдийгүй багш сургууль нь хүртэл ямар журмаар, яаж шалгалт авах тухай мэ-дээлэлгүй дэмий л санаа зовцгоосон хүмүүс хөлхөлдөж байгаа. Төгсөлт болон элсэлтийн шалгалтыг өөрчлөх энэ хувилбараа олон нийтээр хэлэлцүүлж, дараа жилээс мөрдөж эхэлбэл илүү ул суурьтай өөрчлөлт болох нь дамжиггүй билээ. Сурагч, багш нар ч тодорхой мэдээлэлтэй болж, энэ чиглэлээр шалгалтандаа бэлтгэж эхэлнэ. Төгсөгчид, олон нийт ийм саналтай байна.
Боловсролын яамныхан яаруу гаргасан шийдвэрээ эргэн нягталж харахгүй бол завсрын энэ шийдвэрт төгсөгчид хохирч үлдэх нь. Хол замд гарах гэж байгаа хүнээ бид гэнэт нүдийг нь боогоод замаа өөрөө ол гээд хөө-дөггүй биз дээ.
Д.ОЮУНТУЯА
(өдрийн сонин 2005-04-15 092)