Финляндын элчин сайд итгэмжлэх жуух бичгээ барилаа
Ерөнхийлөгч Н.Багабанди манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 40 гаруй жил боллоо. Энэ хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа сайн хөгжиж ирлээ. Хоёр орны харилцааг цаашид идэвхжүүлэхэд өндөр хэмжээний төлөөлөгчид солилцож байх нь чухал бөгөөд Финляндаас дээд хэмжээний төлөөлөгчид хүлээн авахад бэлэн байгаагаа уламжлав.
Хатагтай Мария-Лийза Кильюнен финийн ард түмэн монгол орны талаар мэдлэг сайтай байдаг. Бидний хооронд хүм ам цөөн, сийрэг тархуу суурьшдаг, байгаль, цаг агаарын хувьд ч хүйтэн сэрүүн гээд тоочвол олон зүйлээр ижил төстэй. Өнгөрсөн зууны эхээр финляндын судлаачид монголд ирж ажиллаж байсан гээд эртний хэлхээ холбоо ч байна. Энэ бүхнээс харвал харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нөхцөл боломж багагүй байгаа, гагцхүү хоёр талдаа идэвхтэй ажиллах нь чухал байна гэлээ.
Ерөнхийлөгч улс төрийн харилцааны сацуу эдийн засаг, худалдааны харилцааг хөгжүүлэхэд элчин сайдын хувьд анхаарал тавьж ажиллахыг хүслээ. Манай улс европын орнуудад мах нийлүүлэх сонирхолтой байдаг, бүтээгдэхүүнээ европын стандартад нийцүүлэх чиглэлээр ажиллаж байгааг мэдээллээ. Мөн ноолууран эдлэл финляндын зах зээлд гаргаж болохыг санал болгов. Аялал жуулчлал, ялангуяа өвлийн аялал жуулчалыг хөгжүүлэхэд хамтран ажиллах, туршлагаасаа хуваалцахыг Ерөнхийлөгч Н.Багабанди хүслээ.
Тэрээр цааш нь Финлянд улс дэлхийд хамгийн бага авилгатай орон гэгддэг тул авилгыг бууруулах, хууль эрх зүйн талаар хамтран ажиллах, дэмжлэг авах сонирхолтой байгаагаа хэллээ. Түүнчлэн иргэний нийгмийг төлөвшүүлэх, нутгийн өөрөө удирдах ёсыг хөгжүүлэх, жендерийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гээд Финляндын хүрсэн амжилтаас хуваалцах, хамтран ажиллах чиглэл олон байна гэв.
Ерөнхийлөгч байгаль орчны салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтойг дурдаад монголын үндэсний цөөнх болсон цаатан иргэдийн амьдрал ахуйг өөд татах, цаа бугын аж ахуйг сэргээх, цааны цус ойртохоос сэргийлэхэд Финляндын талаас дэмжлэг хүсч байгаагаа тэмдэглэлээ.
Элчин сайд Мария-Лийза Кильюнен хамтын ажиллагааны чиглэлээрх Ерөнхийлөгчийн тавьсан санал санаачилгыг бүрнээ хүлээн авч, өөрийн орны холбогдох байгууллагад уламжлах, бодит ажил хэрэг болгоход идэвхийлэн ажиллах болно гэлээ.
Засгийн газрын хэвлэл мэдээлийн албанаас манайд мэдээллээ