Гарз
Алддаг юм, гээдэг юм
Амаа барих байтугай тархиа балбатлаа
Хонхойж хотойтлоо алддаг юм
Хожим нь овойж оцойтлоо олдог л юм
Энэ юу ч биш
Эргэж нөхөгддөг гарз, гарз бишээ
Ижийгээ үгүй болоход харин
Эргүүлж юугаар нөхөх юм
Санаа зүүдэнд багтаагүй аюул
Салам ниргэх цагт
Анзаараагүй явсан тэр эх хүнээ
Аугаа ихийг та ойлгох болно
Таны сэтгэл зүрхэн дотор
Тас харанхуй нүх онгойж
Тансаг жаргал аль өнгөтэй бүхэн
Талаар хоосон юм шиг санагдана
Өчигдөрхөн болтол энэ хүнийг
Өнө мөнхөд байж л байх юм шиг
Хайхрах ч үгүй, хүндлэх ч үгүй
Хар багаас одоо болтол зовоож
Зовохын эрхэнд хэлсэн үгийг нь
Зориуд тохуурхаж, илүү үг хэллээ гэж
Инээж наадаж явсан байна
Ижий гэдэг шүтээнээ газар хаяж явсан байна
Өнөөдөр гэтэл хорвоогийн
Өгснөө авах ээлж болж
Тив дэлхийд хаанаас ч олдохгүй шүтээнийг чинь
Тэнгэр ниргэх мэт аван одлоо
Одоо болоход энэ өдрөөс өмнө
Орчлонд та хамгийн баян хүн явжээ
Ерийн эхийн ер бусын хайранд цадаж
Ертөнцөд та хамгийн танхи хүн байжээ
Тэр хүний дэргэд зовлон бүхэн зовлон биш
Тэр хүнтэй жишвэл гарз бүхэн гарз биш
Өөрөө ч мэдэлгүй жаргаж явсан алтан үе чинь
Өчигдрөөр тасалбар болсон байна
Ээж….нэгэнт үгүй болсноос хойш
Эд хөрөнгөөр яах юм бэ, мөнгөөр яах юм бэ
Эхнэр хүүхэд юу юм бэ, найз нөхөд юу юм бэ
Энэ бүхэн цөм…хэрэггүй санагдана
Одоо тэр хүнгүйгээр
Орчлон дээр амьд явна гэдэг
Утгагүй зүйл шиг бодогдоно
Уй гуниг ийнхүү сэтгэл зүрхийг бөмбөгддөг юм
Чухам энд л таны зориг
Чулуу юмуу, шавар гэдэг танигдана
Энэ газрыг даасан эссэнээрээ та
Энэ шалгалтын бэлтгэл байсан юм
Өнөөдрөөс урагших амьдрал чинь
Амьдрал бус сургууль байсан юм
Өнөөдрөөс хойш та энэ
Өрх айлын жинхэнэ багана болно
Эрчилсэн их гашуудал намдаж
Эгшин зуурын цөхрөл арилж
Эргэцүүлж та юм бүхнийг бодно
Эр хүний дотор эмээлт морь багтана
Ухааран бодвоос юм бүхэн
Урьдынхаасаа үнэтэй санагдана
Амьдралын жинхэнэ гарзыг хүн
Амсаж байж сая ойлгодог юм.
Р. Чойном