Гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийх боломж нээгдлээ
Тус банк харилцаа холбооны томоохон оператор болох Скайтел компанитай хамтран Anod mobile banking 88585 үйлчилгээг нэвтруүлэхээр болжээ. Анод банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, Скай Си энд Си компанийн захирал Ё.Буянжаргал нар уржигдар хамтран ажиллах гэрээнд гарын усэг зурав. Гэрээнд гарын үсэг зурснаар Анод банкнаас үзүүлж буй шинэ үйлчилгээг Скайтел компани богино хугацаанд, нууцлалын өндэр түвшинд үзүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулах ач холбогдолтой аж.
Шинээр нэвтрүүлж буй Anod mobile banking 88585 үйлчилгээнд скайтелийн гар утас бүхий нийт хэрэглэгч хамрагдах боломжтой юм байна. Гар утсаа ашиглан валютын ханш, хадгаламж болон зээлийн мэдээлэл, шинээр нэвтрүүлж буй үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, банкны сүүлийн үеийн мэдээ, дансны хуулга зэрэг олон мэдээллийг авах боломжтой аж. Хамгийн гол нь та гар утсаа ашиглаж төлбөр тооцоо болон гуйвуулга, шилжүүлэг хийж болох юм байна. Монголд анх удаа гар утсаа ашиглаж төлбөр тооцоо хийх шинэ үйлчилгээг тус банк нэвтрүүлж эхлээд байгаа бөгөөд эхний зургаан сарын хугацаанд таны гүйлгээнээс ямар нэгэн шимтгэл авахгүй аж.
М.БАТ
(өдрийн сонин 2005-04-18 094)