МИАТ-ийн онгоцонд гэмтэл гарч, нислэг саатлаа
Зорчигчдоо суулган 09 цаг 30 минутад хөөрөхөөр нислэгийн зурвас руугаа явж байсан онгоцны салоны суүл хэсгээс гэнэт утаа үнэртэж эхэлсэн аж. Энэ тухай зорчигчид үйлчлэгчид хэлжээ. Нисэх багийнхан тэр даруй онгоцоо буудалд нь буцаан зогсоож зорчигчдоо буулган хүлээх танхимд оруулжээ.
Нислэгийг 14.00 цаг хүртэл хойшлууллаа хэмээн зорчигчдод зарласан байна. Чухам ямар гэмтэл гарсан талаар тэдэнд тодорхой мэдээлэл өгөөгүй ч техникийн саатал гэж тайлбарлажээ. Инженер, техникийн ажилтнууд онгоцыг талбайгаас хөдөлгөлгүйгээр засч эхэлсэн гэнэ. Нисэх багийнхан 16.00 цагийн үед онгоцоо хөөрөх зурваст аваачин хурд авахуулж үзээд талбайд буцаан авчрахыг зорчигчид харсан байна.
Аэробус-А-310 онгоцонд техникийн ямар гэмтэл гарав. Тэр нь хэр зэргийн гэмтэл байв гэдэг талаар МИАТ компанийн дэд захиралтай 16 цаг 40 минутын үед холбоо барихад,
-Би ямар нэг мэдээлэл өгөхгүй. Өөрөө юу юм бэ. Манай хэнээс асуу (хэн гэдгийг нь хэлж өгсөнгүй). Би мэдэхгүй хэмээн утсаа салгалаа. Тус компанийн жижүүртэй холбоо барьж инженер, техникийн асуудал хариуцсан хүмүүстэй холбож өгөхийг хүсвэл Бүгд амарч байгаа. Хэн ч алга гэв. Хэзээ нисэх, ямар гэмтэл гарсан талаарх мэдээлэл хүлээж цөхөрсөн зорчигчид 17 цаг 15 минутын үед онгоцондоо суулаа.
Д.ЗАЯАБАТ
(өнөөдөр 2005-04-18 091)