Залуу судлаачдын форум-д Ерөнхийлөгч оролцож үг хэллээ
Уг форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди оролцон үг хэллээ. Тэрээр хэлэхдээ Залуу судлаачдын оюуны чадавхи, нөөц бололцоог нээн илрүүлж, судалгаа шинжилгээний түвшинг үнэлж цэгнэх, үр дүнг нээлттэй хэлэлцэх, шинжлэл судлалын салбар чиглэлийн уялдаа холбоог сайжруулах, судлаачдын хамтран ажиллах, харилцан суралцах боломж нөхцлийг бүрдүүлэх, оюун бодлын чөлөөт мэтгэлцээний үндэсний индэр бий болгох зорилгоор зохион байгуулагдаж байгаа энэхүү форумын агуулга, ач холбогдол үлэмж чухал хэмээн би үзэж байна.
Улс орны болон хүний хөгжлийн тулгуур үндсийн нэгэн болох оюуны хөгжил, эрдэм боловсролыг хүн төрөлхтөн хэзээнээсээ эрхэмлэн дээдэлж, хүний оюуныг идэвхжүүлэн хөгжүүлэх, түүнийг улс орныхоо хөгжил дэвшилд хэрхэн үр бүтээлтэй ашиглах талаар байнга шинийг эрэлхийлж, анхаарч ирсэн билээ.
Шинжлэх ухаан, техникийн хувьсгалын эрин гэгдэх ХХ зууны халааг авсан шинэ зуунд хүн төрөлхтний төдийгүй улс орны хөгжлийн нэн тэргүүний тодорхойлогч, чиглүүлэгч бас хурдасгагч гол хүчин зүйл бол оюун ухаан, мэдлэг боловсрол мөн гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Хүн төрөлхтөний хөгжил дэвшлийн ололт нь ч, бэрхшээл нь ч шинжилгээ судалгааны ажлын шийдвэрлэх асуудал, тулгамдсан сэдэв болон дэвшигдэхийн зэрэгцээ манай орны хөгжлийн замд ч шинэ шинэ зорилт, шийдвэрлүүштэй олон асуудлууд тулгарч байна.
Дэлхий нийтээрээ мэдлэг, мэдээллийн даярчлагдсан эрин үе рүү эргэлт буцалтгүй алхан орлоо. Энэ бол хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүн бүрийн өмнө, нэн ялангуяа залуу эрдэмтэд, судлаачид та бүхний өмнө илүү өргөн боломжийг бүрдүүлж, шинэ бололцоог нээж өгч байгаа хэрэг юм. Гагцхүү үүнийг хэрхэн үр бүтээлтэй, өөртөө хэрэгтэйгээр, улс орондоо тус нэмэртэйгээр ашиглах вэ гэдэгт хэн хүнгүй ухаан бодлоо чилээх учиртай.
Ийм цаг үед бид юуг мэдэх, юуг судлах ёстой юм бэ?
Юуны өмнө улс орныхоо төдийгүй дэлхий дахины ирээдүйн хөгжлийн чиг хандлага, нүүр царай, төлөв байдал, угтан хүлээж буй цаг хугацааны нөлөөллийг урьдчилан сайтар анхаарч судлан, холбогдох суурь мэдлэгийг сэтгэлгээний цар хүрээ, оюуны сав багтаамжийг бүрнээ дайчлан хуримтлуулах нь зүйтэй. Їүнд Та бүхний алсын хараа, онч мэргэн бодол, ур чадвар болон өвөг дээдэс, ахмад үеийнхний баялаг уламжлал, түүх, соёлын талаархи өргөн дэлгэр мэдлэг юу юунаас илүү хэрэг болно.
Шинжилгээ судалгааны ажилд шимтэн суралцагч залуус та бүхэнд онол арга зүйн гүн мэдлэг нэн хэрэгтэй. Судалгааны ажлын зөв арга зүй гэдэг чухамдаа явах замын зүг чигийг заагч луужин мөн. Аргазүйн зөв төсөөлөл баримжаалалгүй бол амьдралын олон баримт, үйлдэл дунд судлаач төөрч будлин, ажлын үр дүн нь ач холбогдлоор хомсдох нь бий.
Залуу судлаачид замынхаа эхлэлийг зөв тавихын тулд шинжлэх ухааны танин мэдэхүйн болон судалгаа шинжилгээний ажлын онол-аргазүйн гүн бат, цэгцтэй мэдлэгийг эзэмшихийг хичээх хэрэгтэй.
Онолгүйгээр үйлдэх нь сохроор тэмтчих лугаа адил тул шинжлэн судлагч хэн боловч тухайн салбар судлалынхаа орчин үеийн онолын гол үзэл баримтлалуудыг судлан мэдэх нь зайлшгүй билээ. Онол бол судалгааны ажлын эхлэл төдийгүй бас үр дүн нь мөн гэдгийг ямагт санаж удирдлага болговол зохино.
Шинжлэх ухаанд хэл нэн чухаг. Хэл сэтгэхүйн нэгдмэл холбооны тухай философи сургаалыг Та бүгд мэдэх нь лавтай. Залуу судлаачид үндэснийхээ хэлний соёлыг төгс эзэмшихийн сацуу шинжлэх ухаан технологийн тэргүүлэх салбарт хошуучилж буй улс орнуудын үсэг бичгийн ба үндэсний хэлний мэдлэгтэй байхын ач холбогдлыг ямагт өндөрт тавьж ажилла.
Аль нэг гадаад хэлийг төгс сайн эзэмшсэн байх нь олон улсын түвшний судалгаа шинжилгээний ололттой шууд танилцах төдийгүй өөрийн судалгааны үр дүн, санаа бодлыг өргөн олны хүртээл болгоход ач тустай. Энэ талаар ахмад үеийнхэн болон үе тэнгийнхнийхээ үлгэр жишээгээр улам улам шамдан суралцаарай. Манай залуу судлаачид англи хэлд сайн суралцаж, дэлхийн нэр хүндтэй их дээд сургууль, судалгааны институт, лабораторид амжилттай ажиллаж, өөрийн болон эх орныхоо нэр алдрыг дуурсгаж,байгаа олон арван жишээг хэлж болно.
Їндэсний ба гадаад хэлний бичгийн ба ярианы хэлийг төгс эзэмшихийн зэрэгцээ шинжлэх ухааны хэлэнд сайн суралцахыг хичээцгээ. Аливаа шинжлэх ухаан бүр өөр өөрийн хэлтэй. Энэ бол тухайн салбар шинжлэх ухааны суурь ойлголт, үндсэн категори, нэр томъёонуудын гүн нарийн утга агуулга юм. Хэл хөгжиж хувьсаж өөрчлөгддөг лугаа шинжлэх ухааны хэл буюу ойлголтуудын агуулга ямагт баяжиж байдаг нь та бүхнийг онолын сэтгэлгээгээ байнгад шинээр баяжуулж сэлбэж байхыг шаардаж буй хэрэг.
Онолын болон хэлний өндөр боловсрол мэдлэгээс гадна зориг тэвчээр, уйгагүй хичээл зүтгэл, шинжлэх ухаанд үнэнч сэтгэл бол судлаач хүний гол шинж, бас шалгуур мөн.
Шинжлэх ухааны эхлэл нь оюун ухаан, оюун ухааны эхлэл нь тэвчээр юм, Шинжлэх ухаанд өргөн дардан зам байхгүй гэсэн үе үеийн сэтгэгчдийн үг бие сэтгэлээ шинжлэх ухааны салбарт зориулах хойч үеийнхэндээ, чухамдаа та бүхэнд хандан захиж үлдээсэн сургаал гэдгийг сануулъя.
Шинжлэх ухааныг амьдрах аргаа биш харин түүнийг аугаа үнэнд хүрэх, амьдралын түмэн бэрхийн нууцыг тайлах, ард олон, нийгэмдээ тус хүргэх зорилгоо болгосон хүнд л алдар хүндийн титэм аяндаа ирнэ. Тэгэхдээ энэ бол олон жилийн шантрашгүй тэвчээр, уйгагүй хичээл, шаргуу зүтгэлийн үр дүн байх болно. Хөдөлмөрлөдөггүй эрдэмтэн – үр жимсгүй мод гэсэн үг үүнийг эсрэг утгаар нь нотолсон хэрэг бизээ.
Судлаач хүнд шинжлэх ухааны ёсзүй гэдэг эрхэм нандин чанар бат төлөвшсөн байх ёстойг залуус та бүхэн ямагт санаж явах учиртай. Энд судалгаа шинжилгээний ажлын ёс зүй, судлаачийн өөрийнх нь хувь хүний ёс зүйн аль аль нь хамаатай.
Номын ёсыг мэдвэл номхон дөлгөөн болно
Төрийн ёсыг мэдвэл төлөв төвшин болно
Их мөрөн дөлгөөн эрдэмт хүн даруу гэх ухаант өвөг дээдсийн сургаал та бүхний ажил амьдралдаа мөрдөж явах алтан дүрэм юм шүү.
Шинжлэх ухаанд урагшаа ахиж байгаа ч, ёс зүйн хувьд хоцорсон бол тэр хүн урагшаа явахаасаа илүү арагшаа явж буй хэрэг гэж шинжлэх ухааны ёс зүйн зарчмыг тунхагласан эртний их сэтгэгч Аристотелийн гэрээслэл өнөө ч, хойшид ч хэвээр байх болно.
Шинжлэх ухаан залуус хоёр ихээхэн шүтэлцээтэйг орь залуугаараа шинжлэх ухаанд нээлт хийсэн олон олон алдартнуудын намтар түүх гэрчилнэ. Залуу нас бол оргилуун хүсэл, өөдрөг үзэл, шинэ санаа, эрч хүч, эр зориг, эрмэлзэл тэмүүлэл, хурц тод мэдрэмж, авъяас билгийн асар их нөөцийг агуулсан байдаг. Эл нөөцийг эрдэм мэдлэг, хүмүүжил ёс суртахуунаар дэмжин тэтгэж, баяжуулан хөгжүүлж чадваас өөрийн үнэт баялагаа бий болгочихлоо гэсэн үг. Хүний бүх хүсэл эрмэлзэл, мөрөөдөл, чин хүслэн зөвхөн хөдөлмөрлөж, хичээж, чармайж, зүтгэсний үр дүнд биелэлээ олдог гэдгийг байнга санаж ажиллах хэрэгтэй.
Аливаа хөгжил дэвшил уламжлалаас ангид оршиж үл чадна. Өмнөх үеийн эрдэмтдийнхээ хийж бүтээж байсан арга туршлага, арвин мэдлэг, баялаг намтар түүхээс санаа сэдэл авч, тэдний жишгээр нэгэн үзүүрт сэтгэлийг чандлан барьж, зорилго тодорхой, зориг шийдэмгий ажиллаж, судалж, суралцах нь нэн чухал аа.
Шинэ зуун бол оюуны бүтээл шууд үйлдвэрлэл, хөгжил дэвшлийн цэнэг хөшүүрэг болон хувирах зуун юм. Залуу эрдэмтэд, судлаачид та бүхэн энэхүү оюунлаг зууныг, ирж буй цаг хугацааг эзэгнэж, улс орныхоо хөгжилд өөр өөрийнхөөрөө хувь нэмэр оруулахын тулд ажил амьдралдаа өөрийгөө нээн харуулах, өөртөө агуулагдаж байгаа нөөц хүч, бололцоогоо илрүүлэн гаргах, нийгэмд байр сууриа олж эзлэх, амьдралын ухаалаг идэвхтэй зарчмыг баримтлан, цаг хугацаатай өрсөн өөрсдийнхөө ирээдүйн төлөө, мэдлэг мэдээллийн төлөө, сурч мэдэхийн төлөө, нийгмийн баялагийг арвижуулахын төлөө яаравчлах учиртай.
Шинжлэх ухааныг хөгжүүлэн бэхжүүлэх, эрдэмтэд судлаачдынхаа мэдлэг чадварыг дээшлүүлэх, шинэ сэргэг, онцгой содон, үр ашигтай эрдмийн бүтээлүүдийг хөхиүлэн дэмжих, түүнийг бодит байдал болгон амьдралд хэрэгжүүлэхэд төр засгийн хүлээх үүрэг, үүрэх хариуцлага нэн өндөр. Залуу эрдэмтэд судлаачдын сурч ажиллах нөхцөл бололцоогоор хангах, залуу хүний нөөцөд нь байгаа чадавхийг баяжуулах, илрүүлэх, ашиглахад эерэгээр нөлөөлөх эдийн засаг, улс төр, оюун санаа, эрх зүйн үндсийг цогцоор бүрдүүлэх нь төрийн нэн чухал үүрэг мөн. Їүнд төр засгаас анхаарлаа хандуулж, дорвитой алхам хийх нь зүйтэй.
Төрийн тэргүүн би 2001 оноос эхлэн шилдэг залуу эрдэмтэн судлаач, шилдэг залуу эмч, монгол судлаач гадаадын шилдэг залуу эрдэмтэнд олгох Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг буй болгож жил бүр нэг нэг хүнийг шалгаруулан урамшуулж байгаа нь залуучуудыг эрдэм судлалд татан оролцуулах, тэдний бүтээлийг үнэлэн урамшуулж, дэмжиж буй хэрэг билээ.
Энэ бодлогынхоо хүрээнд Залуу судлаачдын үндэсний анхдугаар форум-ыг зохион байгуулах саналыг дэмжин, Ерөнхийлөгчийн ивээл дор хийхийг зөвшөөрсөн юм.
Өнөөдөр энд хэд хэдэн салбарын хөгжлийн асуудлаар залуу судлаачдын багуудын судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хамтаараа сонсож, дараа нь өргөн дэлгэр хэлэлцүүлэг явуулах юм байна.
Эдгээр илтгэлүүдээс тухайн салбарын өмнө тулгамдаад байгаа асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэх, эрчимтэй хөгжүүлэх хялбар дөт ямар арга зам байгаа, өндөр хөгжилтэй бусад орнуудын туршлага юу байна, тэнд үүнийг хэрхэн шийдвэрлэсэн, хөгжлийн өөр дэвшилтэт загвар хувилбар байна уу, байвал түүнийг нь Монголын нөхцөлд хэрхэн шилжүүлж хэрэглэвэл тохиромжтой вэ гээд олон олон асуултад боломжит хариулт, ончтой санаа, үндэслэлтэй таамнал, ирээдүйтэй санал сонсч, улс орны ирээдүйн хөгжлийн шинэ шинэ гарцуудыг нээлцэхэд өөр өөрсдийн хувь боломжоор нэмэр хандив болно гэдэгт би итгэлтэй байна.
Энэ форумд манай улсын нэр хүндтэй, гавьяа бүтээлтэй ахмад эрдэмтэд судлаачид уригдан оролцож байна. Монголын шинжлэх ухаанд нэгэн насаа зориулсан та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхэн энд жинтэй үгээ хэлж, залуустаа урам дэм, бас ухаалаг сургамж шүүмж, туршлага сургаалиасаа харамгүй сонсгоно байхаа.
Залуу судлаачид, эрдэмтэд ээ,
Залуу нас бол ажлын хүндэд нугардаггүй, аливаа бэрхшээлд сөхөрдөггүй их эрч хүчийг шингээсэн байдаг. Бас бүтээх туурвих, сурч мэдэхийн онгодтой онцгой нас. Ийм л насандаа хийж бүтээхийн ид хавыг үзүүлэх нь өөртөө болоод бусдад бахархалтай. Нарны гэрэл хурц болоход үүлгүй бол нэн сайн,
Насны залууд эрдэм сурахад залхуугүй бол нэн сайн гэдэг. Эрч хүч, цог золбоотой, эрдэм боловсрол, мэдлэг чадвартай, эх оронч сэтгэл, хичээнгүй зүтгэлтэй залуу эрдэмтэд, судлаачдаас манай улс орны цаашдын хөгжил, дэвшил ихээхэн шалтгаалах болно.
Басхүү Та нар ирэх цаг хугацааны гол ачааг үүрэлцэхийн учир ахмад үеэ хүндлэн дээдэлж, тэднээсээ байнга суралцаж, алдааг үл давтан, ололтыг бататгаж, ирээдүй цагийн эхлэлд өөрсдийгөө сайтар боловсруулж, даяаршиж буй дэлхий ертөнцөд улс орноо нэр төртэйгөөр авч явж, дараа үеийнхэндээ ихийг өвлүүлж, өөрсдөөрөө үлгэр үзүүлэн, түмэн олныхоо эрдэм мэдлэгийн их санд нэрээ мөнхжүүлнэ гэдэгт найдаж байна.
Даруу зан эрдэмт хүмүүнийг чимдэг билээ. Аугаа их Ньютон Нүдний минь өмнө үнэний онгон их баялаг далай мэт цалиглаж байвч би түүний эрэг хавийн дунг түүж цуглуулснаас хэтэрсэнгүй гэж даруухнаар өгүүлсэн байдагсан. Ньютоны хүрч амжаагүй далай мэт цалиглан буй үнэний онгон баялгаас сувд эрдэнэ шүүрдэх цаглашгүй хувьт боломжийг дүүрэн ашиглацгаа залуус аа!
Энэхүү форумыг санаачлан зохион байгуулж байгаа болон ивээн тэтгэгч байгууллагууд, тэдгээрийн удирдлагад талархал илэрхийлэхийн ялдамд форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Залуу эрдэмтэд, судлаачид Та бүхний цаашдын эрдмийн их аян олз их, ганзага дүүрэн байх ерөөлийн цацлаар судлал шинжлэлийн зам мөрийг тань мялаая.
Залуусын зүтгэл, шинжлэх ухааны шимээр Монгол орон цэцэглэн хөгжих болтугай гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН АЛБАНААС МЭДЭЭЛЛЭЭ