Ерөнхий сайд Австралийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ерөнхий сайд Ц.Элбэгдорж Монгол улсад айлчлал хийж, тус улсын шинэтгэлийн үйл явцтай танилцаж байгаад нь ноён Дэвид Хоукер, Австралийн сенат, Төлөөлөгчдийн танхимын гишүүдэд талархал илэрхийллээ.
Тэрбээр Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, Монгол улсын нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулаад, Австрали улстай эдийн засаг, боловсрол, мэдээллийн технологи зэрэг олон салбарт идэвхтэй хамтран ажиллах хүсэлтэй байгааг онцлон дурьдав.
Эдийн засгийн өндөр хөгжилтэй Австрали улс, Монгол улсын ардчилсан шинэтгэлийн үйл явцыг ихээхэн үнэлж, түүнийг тууштай дэмжин, хоёр улсын харилцааг бүх талаар хөгжүүлэх талаар эрчимтэй ажиллах болно гэж ноён Дэвид Хоукер хэлээд, үр дүнтэй хамтран ажиллах бодлого, салбар, чиглэлийн талаар найрсаг, ажил хэрэгч яриа өрнүүллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дарга Л.Пүрэвдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Алтангэрэл болон албаны бусад хүмүүс байлцав.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ
/Olloo.mn/