Ханжин группын эзнийг шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар БНСУ-Ханжин групп, КАЛ авиакомпанийн эзэн Жо Ян Хо-г Алтан гадас одонгоор шагналаа.
Шагнал гардуулсны дараа Ерөнхийлөгч Н.Багабанди ноён Жо Ян Хог хүлээн авч уулзан төрийн өндөр дээд шагнал хүртсэнд баяр хүргэлээ. Ерөнхийлөгч хэлэхдээ өнө эртнээс улбаатай манай хоёр орны шинэ цагийн харилцаа 15 жил болж байгаа ч улс төр, эдийн засаг, нийгэм соёл гээд бүхий л салбарт эрчимтэй хөгжиж байна. Энэхүү харилцааг эхлүүлэн бэхжүүлэхэд Ханжин групп, таны эцэг үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн хэлэв.
Тэрбээр цааш нь эдийн засгийн хүнд бэрх цагт Ханжин групп Боинг-727 онгоц бэлэглэж байсныг монголчууд бид сайн мэддэг. Мөн жил бүр монгол залууст тэтгэлэг олгон БНСУ-д сургаж байгаад талархаж байдгаа илэрхийлэв.
Цаашид аялал жуулчлал, байгаль орчны салбарт Ханжин групп хөрөнгө оруулан улам эрчимтэй ажилласаар байна гэдэгт найдаж байна гэлээ.
Ханжин группын эзэн ноён Жо Ян Хо өндөр дээд шагнал хүртээсэнд талархлаа илэрхийлээд 15 жилийн өмнө эцгийнхээ хэлснээр монгол оронд анх удаа ирж байсан. Тэр цагаас хойш монгол орон ихэд өөрчлөгдөн хөгжжээ. Энэ хөгжилд Ханжин групп өөрийн бага ч гэсэн хувь нэмрээ оруулсанд баяртай байдгаа хэллээ. Эцгийнхээ эхлүүлсэн монголоос оюутан сургах, хөрөнгө оруулах зэрэг бүхий л ажлыг үргэлжлүүлэх болно гэв.
Монгол улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээлээ
/Olloo.mn/