МАХН-ын бүлэгт нэгдсэн гишүүд ацан шалаанд оржээ
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа зөвхөн нэр дэвшигчдийн хэн хэн бэ гэдгийг таниулахаас гадна өөр олон улс төрчийн сонголтыг сорих нэгэн төрлийн шалгуур мэт харагдаж байна. Зарчмаа худалдсан, урвагч шарвагч гэхчлэнгээр гоочлогдох болсон экс эвслийн гишүүдийн тухайд дээрх дүгнэлтийг хийж байгаа юм. Тэднийг УИХ-ын ирэх сонгууль хүртэл улс төрчийн хувьд нэлээд ээдрээтэй хувь тавилан тосч байгаа нь үнэн.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд МАХН-ын удирдлагад зөвлөл хуралдаж, УИХ дахь бүлэгтээ элсүүлсэн эвслийн гишүүдийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй Н.Энхбаярыг дэмжиж, түүний сурталчилгаанд ил, далд хэлбэрээр оролцохыг үүрэгдсэн тухай яриа улс төрийн хүрээнд тарав. Гэвч үүнийг улстөрчид нэгэн дуугаар үгүйсгэж байна. Арай ч ийм улс төр хийнэ гэж байхгүй хэмээлээ. Ийм энгийн үгтэй няцаалтад шуудхан итгэх аргагүй. МАХН-ын удирдлагын зүгээс өөр намаас өнгөө хувирган орж ирсэн нөхдүүдэд ийм маягаар шахалт үзүүлээгүй байж ч болох. гэлээ ч ах намд иймэрхүү сонирхол төрсөн байхад гайхалтгүй. Яагаад гэвэл тэдгээр 25 гишүүн хэдийгээр намынх нь гал улаан батлахыг гардаж аваагүй ч тус намын бодлого, зорилтыг УИХ-аар дамжуулан хэрэгжүүлэх учиртай бүлэгт нь гишүүнээр нэгдсэн. Энэ утгаараа хүний хүү хүрэн бөөртэй ч яах аргагүй нэг дээвэр дор суугаа өөрсдийн хүмүүс болцгоосон. Намын удирдах зөвлөлийн шийдвэр УИХ-ын тогтоол болон гардаг, улс төрийн нэгдмэл байр суурийн тухай ам нийлүүлэн ярих болсон энэ сонирхолтой цаг үед Ардчилсан намын 19, Эх орон намын хоёр гишүүн МАХН-аас нэр дэвшигчийг дэмжих нь тэгтлээ хачирхаад байхаар үзэгдэл биш.
Гэвч тэд өдгөө ацан шалаанд оржээ. М.Энхсайханыгаа, Б.Эрдэнэбатыгаа дэмжинэ гэж итгэлтэй нь аргагүй хэлж байна. Итгэж хэлж байгаа нь цаад утгаараа хэн нэгэнд хандсан мессеж хэмээн ажиглагчид үзэж буй.
Түүнчлэн тэдний энэхүү мэдэгдэл өнөөгийн улс төрийн үйл ажиллагаатай нь зөрчилдөөд байгаа юм. Намаа дэмжихээ мэдэгдээд байгаа эрхэм гишүүдийн хэн нь Ерөнхийлөгчийн сонгуулийн ажин түжин сурталчилгаанд ханцуй шамлан орчихоогүй л байна. Энэ бичил өгүүлэлд шигтгэсэн нэр бүхий хоёр гишүүн байр суурь үүнийг тодорхой илэрхийлэх болов уу.
62–ын гэгдэх болсон МАХН-ын бүлгийнхний дотоод зөрчил сүүлийн үед харьцангуй намжмал байдалд ороод байгаа гэсэн. Нэг үеэ бодвол тэд хэл амаа ололцож чадав бололтой. Хэзээнээсээ л өөр өөр зарчим баримталж ирсэн улс төрчдийн хувьд мөнхөд нэгдмэл байр суурьтай байна гэдэг эргэлзээтэй. гэвч Монголын улстөрчид эрх ашиг, эрх мэдэл, албан тушаал авахын тулд хүсэл сонирхлоо нэгтгэж чаддаг хүмүүс. Гэхдээ энэ удаад тэд явцуу эрх ашиг, холбиромхой албан тушаалын төлөө биш том зарчим, том бодлогыг улс төрийн сонголтоороо тодорхойлох болж байна.
УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн, Ардчилсан намын гишүүн Л.Гантөмөр
-Би энэ удаагийн сонгуульд М.Энхсайханыг дэмжинэ. УИХ дахь бүлэг гэдэг бол зөвхөн үйл ажиллагааны хэлбэр төдий зүйл шүү дээ. Түүнээс би МАХН-ын гишүүн биш. Бидний нөхдийг МАХН-ын бодлого, зорилтыг хэрэгжүүлж байгаа гэж ойлгодог юм билээ. Гэтэл үнэн хэрэгтээ тийм биш. Энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ийм алхам хийсэн шүү дээ. Миний хувьд нэр дэвшигч М.Энхсайханы дэвшүүлсэн бодлогыг дэмжиж байгаа. Одоогоор өөрийг нь дагалдан сурталчилгаанд нь оролцоогүй байна.
УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүн, Эх орон намын гишүүн Р.Эрдэнэбүрэн
-Б.Эрдэнэбатыгаа дэмжинэ гэж бодож байгаа. МАХН-ын бүлэг нь УИХ-ын бүтцийн байгууллага учир манай намд хамаарахгүй. Тэгээд ч УИХ дахь намын бүлэг аль нэг намын өмнө хариуцлага хүлээхгүй шүү дээ. Нэр дэвшигч Б.Эрдэнэбат говийн аймгуудаар сурталчилгааныхаа ажлыг хийж яваа. Харин би дагаж яваагүй л дээ.
Т.Тунамал
2005.04.20, Ардын эрх