Марубени-д Б.Жаргалсайхан ч, Засгийн газар ч төлбөр төлөөгүй
Түүнийг өр тавихад баталгаа гаргаж өгснөөрөө Монгол Улсын Засгийн газар Английн шүүхийн өмнө дуудагдаж, нүүрээ улалзуулахад хүрсэн билээ. Б.Жаргалсайханы сонгуулийн ерөнхий менежер Т.Занашир Б.Жаргалсайхан Марубени корпорацаас авсан өрөө төлсөн. Хүүтэй нь нийлээд 23 сая
ам.дбллар. Одоо Марубени-тэй өр төлбөрийн ямар ч асуудал байхгүй. Он, сар нь хэрэгтэй бол ирээд аваарай. Хүсвэл бичиг, баримтыг нь ч үзэж болно хэмээн хэвлэлд ярилцлага өгчээ. Түүнтэй утсаар холбогдлоо.
-Б.Жаргалсайхан Марубени-д өрөө төлсөн гэж та ярилцлага өгчээ?
-Тийм ээ, үнэн. Өрөө төлсөн.
-Өрийг манай Засгийн газар төлсөн юм уу, эсвэл Б.Жаргалсайхан өөрөө төлөв үү?
-Хувь хүний өрийг юу гэж Засгийн газар төлдөг юм. Тэр хүн өөрөө л төлсөн.
-Төлсөн гэх баримт, бичиг нь бий юу?
-Би Буян компанийн хүн биш, тиймээс надаас ингэж асуух нь утгагүй гэв.
Үүний дараа тухайн үед Английн шүүх хуралд Монголын Засгийн газрыг төлөөлөн оролцож байсан УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилоос энэ өр шийдэгдсэн эсэхийг лавлахад Б.Жаргалсайхан Засгийн газарт юу ч төлөөгүй, Засгийн газар ч Марубени-д ямар нэгэн төлбөр төлөөгүй гэлээ.
Ё.МӨНХ
2005.04.21, Зууны мэдээ