Ерөнхий сайд Азийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцоно
Ерөнхий сайд 2005 оны 4 дүгээр сарын 26-27-нд Бүгд Найрамдах Сингапур Улсад, 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 2-нд Тайландын Вант Улсад тус тус ажлын айлчлах бөгөөд 4 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Сингапурт болох Азийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох юм байна.
Азийн эдийн засгийн чуулга уулзалт нь Швейцарийн Давос хотноо жил бүр зохион байгууллагддаг Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт /Давосын уулзалт/-ын хүрээнд бүс нутаг, улс орон болон тодорхой сэдвээр уулзалтууд болдог. Түүний нэг нь Азийн эдийн засгийн чуулга уулзалт бөгөөд энэ удаагийн ээлжит уулзалт Сингапурт болох юм.
Азийн эдийн засгийн 2005 оны чуулга уулзалт Asia Roundtable гэсэн нэртэй болж байгаа бөгөөд шийдвэр гаргах түвшний өндөр албан тушаалтнуудын хүрээнд болох уг уулзалтад засгийн газар, судалгаа шинжилгээний байгууллагууд, иргэний нийгэм болон Азид төдийгүй дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бизнесийн салбарыг төлөөлсөн 250 орчим лидерүүд оролцох юм байна.
Энэ жилийн чуулга уулзалт Дэлхийн тэнцвэртэй байдлыг өөрчлөх нь Азийн эдийн засгийн стратегиин үр нөлөө гэсэн ерөнхий сэдвийн дор явагдана. Чуулга уулзалтын эхний өдөр Азийн эдийн засгийн өсөлтийн стратегийн үр дагаварын асуудлаар ерөнхий хуралдаан болох бөгөөд Азийн байгалийн нөөц баялагийн аюулгүй байдал, Хятад, Энэтхэгийн өсөн нэмэгдэж буй нөлөө болон Японы эдийн засаг, бизнесийн стратеги, Азийн эдийн заесийн ирээдүйн өсөлт, өрсөлдөх чадвар зэрэг сэдвээр салбар хуралдаануудыг мөн зохион байгуулах юм.
БНСУ-ын Сөүл хотноо болсон өмнөх жилийн уулзалтад манай улсаас Гадаад хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байсан бөгөөд уг уулзалтаар Азийн эдийн засгийн тогтвортой өсөлтийг хэрхэн хангах, түүнийг хадгалахын төлөө түншлэл зэрэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэг явуулж байсан бол энэ жилийн уулзалт Азийн энэ өсөлт дэлхий дахинд ямар нөлөө үзүүлж болох талаар голлон хэлэлцэх юм.
Энэ жилийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Азижих үйл явц, түүний дэлхийн зах зээлд үзүүлж буй нөлөөний талаарх хэлэлцүүлэгт гол илтгэгчээр оролцож Азийн бусад улс орны улс төр, судалгаа шинжилгээ, иргэний нийгэм болон бизнесийн салбарын лидерүүдтэй бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын үйл явцын талаар санал бодлоо солилцож, Монгол Улсын байр суурийг таниулан сурталчлах нь манай улсын олон улсын нэр хүндийг өргөх чухал ач холбогдолтой үйл явдал болно гэж үзэж байгаа юм байна.
Ж.Алтантуяа
/Olloo.mn/