Бурханы шашинтангууд ямар ямар ёслолыг өргөн тэмдэглэдэг вэ?
Бурханы шашинтнуудын хамгийн өргөн тэмдэглэдэг баяр ёслол, тэмдэглэлт үйл явдлын тоонд яах аргагүй Их дүйчин өдрүүд орно.
Зуны эхэн сарын арван тавны дүйчэн өдөр.
Бурхан Багш одоогоос 2500 гаруй жилийн өмнө Сүрээр дарагч гал морин жил (МЭӨ Y Зууны 567)-ийн зуны эхэн сарын арван таванд Лүмбинийд хаан эцэг Сахьяа овгийн Шүддходана, эх Махамаяа хатны хүү болон эснэжээ. Түүний амьдрал түүхтэй холбогдолтой жилийн зургаан дүйчэн байдаг. Yүнээс зуны эхэн сарын арван тавныг Бурхан багш эхийн хэвлийд оршсон, эхээс мэндэлсэн, таалал барьсан (мөн бурханы хутуг олж гэгээрсэн) гурван их дүйчэн бүрдсэн өдөр гэж бурханы шашин дэлгэрсэн олон оронд тэмдэглэн өнгөрүүлдэг.
Эхийн хэвлийд оршсон дүйчэн өдөр.
Одоогийн Балбын баруун өмнөд нутаг Энэтхэгийн хилийн ойролцоо эртний Капилавасту (одоогийн нэр Тилоракоти) хотын туурь балгас байх бөлгөө. Энэ газар Бурхан багш эхийн хэвлийд оршсон газар юм. Зуны эхэн сарын арван тавны энэ шөнө Махамаяа хатны зүүдэнд гурван мянган ертөнц бүгд үзэгдэж олон мянган тэнгэр бурхан магтсан зургаан соёотой их заан баруун талаас ирж буй, огторгуйд завилан сууж, уул хаданд авирч, арслан ширээнд суугаад ном айлдаж байгаа дөрвөн янзын сонин зүүд зүүдэлжээ. Мөн хаан эцгийн зүүдэнд Махамаяа хатныг олон охин тэнгэрүүд ирж рид хувилгааны үл бүлээцэх далайд хөтлөн аваачиж угаалга үйлдээд тэнгэрийн ариун хувцас өмсгөж тэр далайн ойролцоох мөнгөн уулан дотор алтан орд харш өргөөнд залан оруулж тэнгэрийн орон дээр хэвтүүлэв. Гэтэл түүнээс холгүй их цагаан заан алтан уулнаас буугаад мөнгөн ууланд авирч байснаа хойд зүгээс цагаан лянхуа цэцэг амандаа зууж өргөөнд орж ирээд хатны хэвтэх ор дэрийг гурван удаа хүндэтгэн эргэн тойрч улмаар түүний баруун сугаар орж хэвлийд нь оршив гэж зүүдэлжээ. Хаан эцэг энэ сонин зүүдний учрыг тайлах гэж жаран дөрвөн бярманг дуудан ирүүлжээ. Тэд эхний зүүд бол хүү эснэнэ. Хэрэв хаан ширээг залгамжлавал ертөнцийг эзэлсэн хаан болно. Хэрэв тойн хувраг болвол гэгээрэлд хүрсэн Бурханы хутгийг олно. Хоёрдахь зүүд их рид хувилгаан хүч чадал ихтэй, гуравдахь нь лам хуврагуудад их гэгээрлийн ном зааж сургана, дөрөвдөх нь тэнгэр бурхан бүгд хүндэтгэн тахих болно гэж шинжэв. Хан хүүг эхийн хэвлийд орших үед газар хөдөлж алтан өнгөт гэрэл зүг бүхэнд цацарч амьтны зовлонг арилган долоо хоног хааны өргөөнд цэцэг болон эрдэнийн хур бууж тэнгэрийн яруу дуу эгшиг цуурайтаж байлаа.
Лагшин мэндэлсэн дүйчэн.
Капилавасту балгаснаас зүүн зүгт 4-5 км орчим зайд Буддагийн эснэсэн Лүмбини (одоогийн нэр Рүмэнди) байх бөлгөө. Тэнд Махамаяа хатны дүр, Ашока хааны босгосон чулуун дурсгалын багана дээр Хаан ширээнд суусны хорин нэгдүгээр онд энд ирэв. Энд Будда эснэсэн гэсэн 2000 гаруй жилийн өмнөх эртний Энэтхэгийн хуучин үсгээр бичсэн бичвэр харагдана. Махамаяа хатан Лүмбиний цэцэрлэгт хүрээд сүйх тэрэгнээс бууж ойгоор явж байгаад Балагша модны дэргэд хүрэхэд тэр мод мөчир юугаа бөхийлгөн хүндэтгэв. Хатан эх балагша модны мөчрөөс баруун гараараа барин огторгуй өөд харан хан хүүг зовлон шаналалгүй амар хялбар эснүүлвэй. Лагшин эснэмэгц ертөнцийг дүүргэх их гэрэл гарч, тэнгэр бурхадын уянга яруу эгшиг уянгалж, мод ургамал бүгдийн цэцэг үр жимс дэлгэрч, цэцгийн хур бууж, газар хөдөлж, аливаа амьтан бүгдийн сэтгэл ер бусын амгалан тайван жаргалаар амирлаж хэмжээлшгүй цэнгэлээр дүүрч байв. Лүмбиний цэцэрлэгт лянхуа цэцгийн хур буусан тул лянхуа цогцолсон мэт хэлбэртэй суварга барьж түүнийг лагшин эснэсэн суварга хэмээн нэрлэх болов. Яг тэр цаг хугацаа нэгэн эгшинд нэгэн зэрэг Энэтхэгийн дөрвөн өөр газрын хааны өргөөнд хан хүү эснэсэн ажгуу. Тэд мөн адил эгэл хүнээс эрс ялгагдах онцлог гайхамшигтай шинж тэмдэг олныг үзүүлэн мэндэлжээ.
Ариусан гэгээрч бурханы хутгийг олсон дүйчэн.
Энэтхэгийн нийслэл Дэлигээс зүүн зүгт Бихар мужийн Гаяа хотын ойролцоо бурхан багшийн ариусан гэгээрч бурханы хутгийг олсон Бодьгаяа байдаг. Гаяад бярман Мозосигийн хүү Тачүн босгосон Гандола суварга (бодь суварага), бодь модны өмнө очир завилгаанд сууж гэгээрлийн хутгийг олсон гэх бодь мод (бодивригша), чулуун дээрхи Буддагийн өлмийн мөр, анх нь газар залархад их гэрэл гарч бодь модноос бусад мод шатсан тул тэр газар босгосон гэрэлт цагаан суварга, Махабоди буюу бурхан багшийн дүр зэрэг бурхан багшийн түүх дурсгалтай холбогдолтой олон зүйл байдаг. Гаяагийн зүүн талаар урсаж Нэрэнзана (Ганга) мөрний дэргэд Бурхан багш зургаан жил хатуужлын даяаныг хийж Нэрэнзана (Ганга) мөрнийг гатлан бодь модны өмнө дороо гүш өвс дэвсэн очир суудалд хөдөлшгүй сууж үдэш нь гэгээрлийн хутгийг олоход саад зэтгэр болдог шулмасыг номхотгож шөнө нь тэгш агуулсан бясалгалд оршиж үүрээр илтэд ариусан гэгээрсэн Бурханы хутгийг олов.
Таалал барьсан дүйчэн.
Энэтхэгийн зүүн Утар мужийн Корокапүр хотын зүүн талд бурхан Буддагийн таалал барьсан газар Гүшнагар байх бөлгөө. Буддагийн шарилыг хайлсан газар босгосон Мукатавандаан суварга, Бирмүүдийн босгосон алтан суварга, бурхан багшийн таалал барьсанд зориулсан чулуун хөшөө, шинээр босгосон төвдийн хийд байдаг. Будда наян нэгэн сүүдэр зооглосон зуны эхэн сарын шинийн арван тавны өдөр Гарбибүзангийн өргөсөн зоогийг зооглон Гэлэнгүүдээ Бурханыг үзэх нь олдохуяа бэрх… гэх зэрэг эцгийн сургаалиа айлдаад бөхчүүдийн орон гэх Гүшнагарт морилон сала модны голд олон бодьсадваа шавь нарын дунд тэргүүнээ умар зүг харуулан нигуураа баруун зүг хандуулан хажуулдаж арслан хэвтэх байдлаар мөнх нойрсох дүрийг үзүүлвэй. Тэр үед газар хөдөлж, од гараг унаж, жижиг гол горхи ширгэж, ертөнцийг нилэнхүйд нь түнэр харанхуй нөмрөн, хамаг амьтан ертөнц хоосров хэмээн олон амьтад орилон зовлонгоор нэрвэгдэн гашуудав. Эртний Энэтхэгийн заншил ёсоор шарилыг хайлан чандарыг найман хэсэг хуваан найман газар залж хүндэтгэн шүтэв. Тэр газарт нь таалал барьсан суварга босгож мөнхжүүлжээ.
Энэ өдрүүдэд залбирал үйлдэж шүтээнд мөргөл эргэл хийвээс аливаа хийсэн буян найман живаа болон үрждэг гэж үздэг.
Буддын шашинд бурхан Буддагийн амьдрал түүхтэй холбогдсон жилийн зургаан дүйчэн байдаг. Yүнд
1. Хаврийн эхэн сарын шинийн нэгнээс арван таван хүртэл рид хувилгаан үзүүлсэн.
2. Зуны адаг сарын шинийн арван таванд эхийн хэвлийд оршсон.
3. Зуны эхэн сарын арван таванд эхээс мэндэлсэн, таалал барьсан.
4. Зуны эхэн сарын шинийн найманд тойн хувраг болсон.
5. Зуны адаг сарын арван таванд номын хүрдээ эргүүлсэн
6. Намрын адаг сарын хорин хоёронд тэнгэрээс буусан дүйчэн юм.
Монголчуудын цагаан сар Буддагийн их рид хувилгаан үзүүлсэн дүйчэн өдөр тохиодог билээ. Будда тавин долоон сүүдэр дээрээ Шравасти (төнян-ёод) буюу одоогийн Энэтхэгийн Утар мужийн Сахитамахэд Жайна шашны Дэртига бөгөөд тэрсүүдийн зургаан багшид 15 хоног номын хүч чадал рид хувилгаан үзүүлэн илт ялан дийлсэн өдрүүд юм.
Цаст түвдийн орны шашны их соён гийгүүлэгч Богд Зонхов Лувсандагва (1357-1419 он) YII Шороон үхэр жил (1409он) Рибогэдэннамбаржалбалин хийдийг байгуулж бурхан Буддагийн их рид хувилгаан үзүүлсэн дүйчэн өдрийг дурсан санаж тэмдэглэн өнгөрүүлэх их буяныг санан эл өдрүүдэд Лхасын их ерөөл-ийг анх удаа дэглэн хуруулжээ.
Халхын өндөр гэгээн Занабазар Их хүрээг байгуулж Рид хувилгаан үзүүлсэн ерөөл (Чойнпүрэл молом) нэртэйгээр арван тав хоногийн ерөөлийг дэглэн хуруулжээ. Өндөр гэгээн хэдийгээр Лхасын ерөөлөөс санаа авсан боловч хурлын уншлагын горим, ая дан, дэг журмыг өөрийн орны нөхцөл байдал, ахуйд тохируулан өөрчилжээ. Тухайлбал 1695 онд Цагийг тохинуулагч залбирал, Жавзан Дарнатын төрөл цадиг залбирал ерөөл, Норбү бадма маани зэрэг номуудыг зохиож ая данг өөрөө хийсэн байна. Мөн хурлын төгсгөлд маани татах, цоглэнд босох зэргийг хурлын горимд оруулан баяжуулсан байна.
Гандантэгчэнлин хийд Чойнпүрэл молом-ыг шинийн 1-4 хүртэл 16 цагаас, шинийн 5-15 хүртэл 14 цагаас эхлэн хурдаг. Харин үдээс өмнө өглөөний хуралд тогтмол хурдаг хурал болон сарын дуйчэнгийн хурлаа хурна. Энэ өдрүүдэд залбирал үйлдэж шүтээнд мөргөл, эргэл хийвээс аливаа хийсэн буян найман живаа болон үрждэг гэж үздэг.
Сарын есөн дүйчэнийн хурал. Мөн сарын есөн дүйчэн байдаг. Yүнээс монголчуудийн голчлон тэмдэглэдэг шинийн 8,10, 15, 25, 30 тухай өгүүлье.
Шинийн найман бол Оточ (тө Манла) бурханы заларсан өдөр юм.
Энэ өдөр буян юу үйлдсэн мянга болон үржих бөгөөд зовлонгоос гэтэлдэг учиртай. Энэ өдөр Оточ бурханы дүйчэн өдөр учраас Түшээт хан Чахуундорж 1673 Түвдэд айлчлах үедээ тавдугаар Далай лам Агваанлувсанжамцтай уулзаж алтан мандал, монгол дээл хувцас, баранзад хадаг, эд бараа олныг өргөн Оточ бурханы дэлрэнгүй уншлага айлдаж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу зохиосон Чандмань эрдэнийн эрхэт (тө Идшинванжал) гэдэг Оточийн их тахилгыг тогтмол хурдаг уламжлалтай болжээ.
Шинийн арван таванд Аюуш бурханы (тө Цэнд, манайхан Цэнд-Аюуш гэж хэлдэг.) заларсан дүйчэн өдөр юм.
Эл өдөр аливаа хийсэн буян сая болон үрждэг ба найман аюул (Арслан, заан, гал, луу, хулгай, аянга, ус, махчин)-д өртөхгүйгээс гадна очир тамд төрдөггүй. Шинийн арван таванд мөн тарнийн хамгийн дээд ёс болох Нууцийн хураангуй үндэс (тө сандүй жүд) гэдэг номыг тогтмол хурж буян ном үйлддэг.
Шинийн арван, хорин таван Yржонбадмажунай ханд дагинас заларсан дүйчэн гэдэг.
Энэ өдөр буян үйлдвээс сая бумаар үржиж дайны болон мэсны аюулаас гэтэлж халуун тамд төрдөгггүй гэдэг. Өвлийн адаг сарын хорин тавны энэ дүйчэн өдөр Ү Богд Нархажид бурханы бүтээл хийж байхад Богд хан уулын хөндий нэлэнхүйдээ улаан туяа татсан тул их хүрээ эл өдөр Нархажидын чого хурдаг болжээ.
Шинийн гучин буюу битүүн бол Буддагийн гол шавь арван зургаан Найдан заларсан дүйчэн юм.
Энэ өдөр үйлдсэн аливаа буян дүнчүүр болон үржиж чөлөөгүй найман зовлон (там, бэрд, адгуус, урт наст тэнгэр, алс бөглүү газар төрөх, эрхтэн дутуу, бурханы шашин дэлгэрээгүй оронд төрөх, буруу үзэлтэй)-г арилгадаг. Битүүнд арван зургаан Найдангийн дүйчэн өдөр учраас Түвдийн алдарт Эрдэмтэн Ишжанцангийн зохиосон арван зургаан найдангийн дэлгэрэнгүй тахилгыг уншдаг. Ийм учраас ч энэ өдрүүдэд манай өвөг дээдэс зул хүжээ өргөж, маань мэгзэм, бурханы хөлгөн ном судар, тарни уншиж буян хурааж амьтны амь таслах зэрэг муу үйлийг цээрлэдэг сайхан уламлалтай байжээ. Мөн эл өдөр мах идэхгүй мацаг барьдаг байжээ.
Харин хорин есөн бол сарын есөын дүйчэнд ордоггүй боловч энэ өдөр хангал дошгидын дүйчэн учраас хүрээ хийдүүд Ямандаг (тө Жигжид), Махагал (тө Гомбо), Эрлэг номон хаан (тө Чойжал), Охин тэнгэр (тө Балданлхам) зэрэг 10 хангал дошгид, сахиусаа тахиж балин тахил өргөж тогтмол тахидаг уламжлалтай.
Хаврын эхэн сарын арван дөрвөний Өндөр гэгээн Занабазарын таалал барьсан дүйчэн өдөр. Манжийн Энх-Амгалан хаан 1723 таалал барьж эзэн хааны хойтын ерөөлд залагдсан Өндөр гэгээн 1724 оны хаврын эхэн сарын арван дөрвөнд Бээжингийн Шар сүмд таалал барьжээ. Энэ өдрийг монголчууд Өндөр богдын таалал барьсан дүйчэн өдөр гэж ярьдаг. Ийм учраас Их хүрээнд энэ өдөр Өндөр гэгээний өөрийн зохиосон Норбү бадма маани-ийг цогчэн их унзад жавдан дээрээ босож зогсон хүндэтгэлтэйгээр татдаг. Гандан хийд энэ өдөр Өндөр гэгээний өөрийн мутраар урласан ул боовны хэвийг их жасын няравын тусгай зөвшөөрлөөр жилд ганц удаа гарган боов хэвлэж цогчэн дуганд таваг засаж түүний өөрийн зохиосон Ум лай даняама номыг уншиж лхагдаргүй цогчинд өргөдөг.
/Уншигч та Yндэсний Бурхан шашиныхаа тухай сонирхвол манай сайтын Шашин буланд орж сонирхоорой. Мөн тө бүхнээс холбогдох нийтлэл, материал хүлээн авахдаа баяртай байх болно/
Бурхан шашины Номын хүрдэн клубтэй хамтран бэлдэв
/Olloo.mn/
Ж.Алт